Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байсан. Нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжье гэж томьёолсон байдаг. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолсон. УИХ нь төр болоод, төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжиж, УИХ гэдэг хамгийн чухал, хамгийн мундаг, хамгийн эрх мэдэлтэй байгууллагыг Үндсэн хуулиараа төрүүлсэн байна. Ингээд 32 жил яваад үзлээ. Гэтэл үүнд УИХ дотор нь байх гишүүн, хувь хүний ямар байх тухай заалт байсангүй. Үндсэн хуульд бичсэн тэр зохицуулалтаас шалтгаалан төр засаг нь өөрөө хяналтаас гарсан. Ингэснээр ард түмний бухимдлыг төрүүлж байна. Хянах ёстой хүмүүс нь хянаж чадахгүй, хулгайг зогсоож чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй байна.
Харин одоо нийгмийн захиалга төр засгаа хянадаг иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн шаардлага судлаачид, социологичид, эрдэмтэд, ТББ-ууд болон иргэдээс хүргүүлж байна. 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн зөв, хамгийн хурдан, ард түмэнд ашигтай гарц юм байна гэж үзсэн.
Үндсэн хуулийн хууль шинэчлэх тунхаг бичигт 20 гаруй нам гарын үсэг зурсан. Мөн саяхан болсон Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай асуудал хэлэлцэх ард түмний том уулзалтад Ерөнхий сайд илтгэл тавьж, гурван гарц байгааг хэлсэн. Үүнд:
1. Юу ч хийхгүй, яг хэвээрээ байх
2. Тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя
3. Цоо шинэ Үндсэн хууль хийе
Энэ гурвын алинаар нь ч явсан би бэлэн гээд илтгэлээ тавьсан.
Тэнд байсан хүмүүсийн 70 гаруй хувь нь хоёр танхимтай парламентаас эхлээд, цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй юм байна гэдэгт санал нийлсэн.
МАН, МАХН хоёр нэгдэж байхад бид энэ асуудлыг ярьж байсан. Үндсэн хулийн хямрал эргээд улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болох гээд байна. Үүнийг бүгдээрээ сайхан Үндсэн хууль болгох юм сан. Ингэж ард түмнээ баярлуулах юм сан. Байгалийн баялгийг ард түмэндээ өгөх юм сан. Тийм ч учраа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриатай орж байсан.
Хоёр танхимт парламент гэдэг нь төр засгийн тогтолцоог үндсээр нь өөрчилж байна гэсэн үг. Зөвхөн нэмэлт өөрчлөлтөөр хоёр танхимт парламент хийж болохгүй. Цоо шинэ Үндсэн хуулиар хийхээс өөр арга байхгүй. Хоёр танхимт парламент нь намууд нь нэг танхимд, нөгөө танхимд нь түүнийгээ хянадаг нам бус зарчмаар орно гэсэн зарчимтай” гэв.
Мэдээллийг шууд хүлээн авч үзнэ үү.