Бид энэ удаа хөтлөгч Б.Болдыг урьж ярилцлаа. Телевизийн салбарт 15 жил ажилласан тэр өөрийн хүч, хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ амьдралаа босгосон залуу үеийн төлөөлөл юм. Түүнд хоолны өмх махгүй үе, түлэх түлээгүй, хүүхдүүдээ даарч байгааг хараад, өөртөө гутрах үе гэж байсан. Хөтлөгч Б.Болд өнөөдрийг хүртэлх амьдралдаа туулж мэдэрсэн зүйлсээ бидэнтэй хуваалцахын хажуугаар, аз жаргалтай амьдрахын тулд эрүүл байх ёстойг онцолж ярьсан юм.
Жүжигчин, найруулагчийн мэргэжил эзэмшсэн тэр төгсөөд, кино хийх гэж үзсэн ч амжилт эс олж, амьдралбын эрхээр хамт олонтой болох, тогтсон цалин хэрэгтэйг ойлгон телевизийн салбарт орсон байна.
Анх хөтлөх авъяастай гэдгээ, энэ авъяасаа ашиглаж мөнгө олж болдгийг мэдээгүй гэж ярих тэр, 100 мянган төгрөгөөр хөдөлмөрөө анх удаа үнэлүүлсэний дараа үүгээр нэмэлт орлогтой болж болохоо ухамсарлажээ. Тэрбээр энэ талаар ярихдаа, “Хөтлөгч хийж эхэлж байх олигтой хувцас ч байдаггүй байсан. Индүүдээд түлчихсэн нэг хослол байсан юм. Яг эргэж харах юм бол индүүнийх нь сорви харагддаг. Тайзан дээр гарчхаад эргэж харахгүй гараад л, ордог байлаа. Одоо бодохоор их гоё, хөгжилтэй. Тэр үедээ бол зовоод байгаа юм. Тэр үедээ аваачаад хослол өгчихмөөр санагддаг” гэлээ.
Мөн тэрбээр, “Чи хаана хэрэгтэй вэ гэдгээ мэдэх ёстой юм билээ. Чи тэнд хэрэгтэй юу, хөгжин дэвшиж дээшлэх үү гэдгээ маш богинохон хугацаанд мэдрээд боломж харагдахгүй л бол солих нь зөв.
Хэрвээ юмныхаа үзүүрийг бариад авчих юм бол тэрийгээ алдахгүй, тууштай эцсийг нь үзэх чухал. Би эцсийг нь үзэх гээд явж байна.
Гол нь хийж байгаа ажилдаа дуртай байх хэрэгтэй. Би бол камер хараад, олны өмнө гарахаараа хөөрчихдөг юм. Өөрийгөө ч гайхна. Тэгэхээр би өөрөө их дуртай байгаад байна” гэж хуучлав.
Бор амьдралаа өөрийн хичээл зүтгэлээр босгож, бусдад үлгэр дуйрайлал болсон түүхээр нь олон нийт түүнийг мэднэ. Амьдралаа анх Дэнжийн мянгад, дэр, гудас, чемодантай эхлүүлж байсан тэдний амьдрал амархан байгаагүй. Хоолгүй хонох, түлэх түлээгүй даарах гэх мэт асуудлууд тулгарч, шантрах, гомдоллох үеүд байсан талаар ярьсан юм.
Энэ талаар ярихдаа, “Би санадаг юм. Манай хүүхэд суудаг болчихсон үе л дээ. Хөргөгчөө онгойлгосон чинь жаахан үзүүртээ махтай жижигхэн өөх л байсан. Тэгэхэд би яг үнэндээ жаахан усан байсан юм. Эхнэртээ уйлаад, “Би ингэж амьдрах хүн биш” гээд л. Эхнэртээ гомдоллоод. Өөрөө амьдралаа тэгж авч явж байж шүү дээ. Хүүхэдтэй болоод хүн ямар нэгэн аргаар амжилтад хүрэх ёстой юм байна гэж тэр үед бодсон. Амжилт гэхээс илүү мөнгөтэй болох хэрэгтэй гэсэн үг. Хоолтой байлгах хэрэгтэй. Дааруулахгүй байх ёстой. Хаана ч амьдарсан болно шүү дээ. Эхнэр нь бас залуу хүн бусдаас дутахааргүй байх хэрэгтэй. Олон түмний нүдэн дээр “Ээ чааваас аа” гээд хэлүүлмээргүй байдаг. Тэгээд л өөрийн эрхгүй хүний хор шар хөдөлж эхэлдэг юм билээ.
Нэг юмыг хоёр болгож харахын төлөө хүн тэмүүлж ажиллах ёстой. Хүн нэг их баяжаад гадаадаар аялаад явах нь шаардлага биш гэж боддог. Маш гоё аз жаргалтай амьдрах чухал. Би одоо овойж оцойтлоо баяжаад том машин унаагүй ч гэсэн миний одоогийн машин хэрэгцээнд маань хангалттай байна. Байр маань болж байна. Гол нь элэг бүтэн, гурван сайхан хүүхэд маань байна. Тэгэхээр хүн ханах юман дээрээ ханах л хэрэгтэй.
Манай эхнэр маш халамжтай. Миний амьдралын 80 хувийг зохицуулдаг. Би 20 хувьд нь ажлаа хийнэ. Үлдсэнийг нь манай хүн зохицуулна. Арын алба бат байна гэдэг сайхан. Өөр ямар тус хэрэгтэй юм бэ.
Эхнэр маань жаахан бие муутай. Том хагалгаанд орсон. Тэр үед дунд охин маань нэгхэн сартай байсан. Мөнгөгүй бол үх гэдэг муухай хуулийг тэгэхэд мэдэрсэн. Өдөрт 300-400 мянган төгрөгийн дусал тарианы эмчилгээ ороод л, тэр үед манай эхнэр хэлж байсан. “Өөрөө ээж аав нь байхгүй болохоор би бол хүүхдүүдээ өнчрүүлэхгүй. Хайр нь үхэхгүй. Санаа зоволтгүй. Харж байгаарай. Хайр нь даваад л гарна” гэсэн. Тэр үед эхнэрээрээ их бахархаж билээ. Үхэл амьдралын зааг дээр очихоор жинхэнэ зарим найзын тар нь танигдаад, зарим муу гэж байсан хүн сайн хүн болж хувираад л.
Саяхан бид хоёр шинжилгээ өгөхөд янзын гарч байсан. Эрүүл байхад бүх юм асуудалгүй болно. Мөнгөгүй байж болно. Гол эрүүл байхад бүхнийг олж болно” гэлээ.