"Сөрөг хүчин" тоймын шинэ дугаарыг хүргэж байна.
ГЭРТЭЭ 7,3 ТЭРБУМ ТӨГРӨГ НУУСАН С.БАТДӨЛИЙГ НЭГ САР ЦАГДАН ХОРИЛОО
Зургийн тайлбар: С.Батдөлийн гэрээс хураан авсан мөнгө
Өнгөрч байгаа долоо хоногт Улаанбаатар төмөр замын тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг авлига, албан тушаалын хэргээр шалгаж, улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорьсон нь нийгэмд дуулиан шүүмжлэл өрнүүллээ. Түүний гэрээс нийт 7,3 тэрбум төгрөг хурааж авах үеийн бичлэгийг хуулийн байгууллагынхан нийгмийн сүлжээнд цацлаа. Ингэснээрээ түүнийг шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй байхад нийгмийн сүлжээгээр урьдчилж, яллаж орхисон хэрэг боллоо. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шалгуулах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх үүднээс л прокурорын саналаар шүүгч захирамж гаргадаг. Гэтэл гүйцэтгэх ажиллагааны бичлэгийг зохион байгуулалттайгаар тарааж, хуулийн байгууллага нь олон нийттэйгээ хамжаад чулуу нүүлгэсэн нь анхаарал татах, бас нэг шүүмжлэх өнцөг байсан юм. Ерөнхийдөө, том зургаар харвал татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүд гэртээ нууж, хулгайлдаг, авлигаар хөлждөг асуудлыг нийтээрээ жигшлээ. Төр авлигач, хулгайчидтайгаа хийх тэмцлээ эхэлсэн бол тууштай, үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг ч олон нийт харууллаа.
УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫНХОО ДӨРӨВНИЙ НЭГИЙГ АВЛИГАЧДАД АЛДЖЭЭ
Захын нэгэн албаны дарга гэртээ их хэмжээний валют нууж байсан асуудалтай холбоотойгоор Монголд авлига албан тушаалын гэмт хэрэг хавтгайрч байгааг олон нийт шүүмжилж бухимдлаа. Статистик мэдээллээс харвал, манай улсад авлигын хэргийн хохирлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Өнгөрсөн 2022 онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 5,2 их наяд төгрөг. Харин 2023 оны улсын төсвийн орлого 19 их наяд төгрөг. Харьцуулж харвал бүхэл бүтэн улсын төсвийн орлогын 4-ний нэгтэй тэнцэх мөнгө авлигачдын гарт, гэрт орсон байна. АТГ-аас:
2020 онд 35 тэрбум төгрөг
2021 онд 96 тэрбум төгрөг
2022 онд 2.4 их наяд төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ. Монголд төсвийн хулгай, авлига бүх шатанд үүрээ зассаныг ийнхүү тоон судалгаа харуулж байна. Тиймээс ч бид татвар төлөөд хэрэг байна уу гэж иргэд үгээ хэлж, бухимдаж байна.
СУДАЛГАА: ТАТВАР, ТОГТВОРГҮЙ БОДЛОГО, АВЛИГА БИЗНЕС ЭРХЛЭХЭД СААД БОЛЖ БАЙНА
Судалгааны эх сурвалж: МҮХАҮТ
Авлига дагасан сүүдэр бизнесийн салбарынханд хамгийн том чөдөр тушаа болж байгааг судалгаа харуулж байна. МҮХАҮТ-аас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар, бизнес эрхлэгчдийн хоёр хүн тутмын нэг нь татварын дарамт авлига хээл хахууль бизнесийн хэвийн үйл ажиллагааг боомилж байна гэж хариулжээ. Ийм учраас цар тахлын хүнд хоёр жилийн дараа сэргэх гэж зүдэрч буй бизнесийнхнээ хамгаалъя гэвэл авлигагүй, дарамтгүй орчин бий болгож, бодлогын цогц өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ. Цар тахлаас шалтгаалж, бизнесийн таатай бус орчноо болж, олон ААН, үндэсний үйлдвэрлэгчид хаалгаа барьсныг бид мартах учиргүй юм.
Г.МАЙЦЭЦЭГ: 14 ЖИЛ ЗҮТГЭЖ БОСГОСОН ҮЙЛДВЭРЭЭ ХААЖ, ХУДАЛДАГЧ БОЛСОНДОО ГУТАРЧ БАЙНА
Татварын орчин эрүүл бус, дээрээс нь авлига хүнд суртал газар авсан нөхцөлд бор зүрхэрээ хөдөлмөрлөж яваа үйлдвэрлэгчид хохирч байгааг бид Сөрөг хүчин тоймынхоо энэ хэсэгт онцоллоо. Үйлдвэрлэгч Г.Майцэцэг 2009 онд гэр бүлийн хамтаар Польшоос Монгол ирж, Exlusive брэндийн үйлдвэрээ үүсгэн байгуулж байжээ. Тэд хувцас, сөдөн куртка үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилт тавиад байсан. Гэвч татварын акт тавиулж, олон хүндрэлийг амссан байна. Татварын актаа төлөхийн хажуугаар бизнесээ залгуулж байх үед нь цар тахлын хоёр жилд хүнд сорилт тулгарч, улмаар өнөөдөр үйлдвэр нь хаагдаад байна. Тэд 2020-2021 онд бүхий л боломжоо дайчилж, байгаа материалаа ашиглан хамгаалалтын хувцас үйлдвэрлэсэн ч алдагдал хүлээсэн байна. Мөн бичиг баримт, хүнд суртал зэргээс шалтгаалж, бараагаа экспортлох том боломжоо алдсан гэлээ. Өдгөө үйлдвэрлэгч Г.Майцэцэг Турк улсаас импортын бараа оруулж ирж худалдаалж байна. Тэрбээр “Нэгэн цагт Монголын үйлдвэрлэгч байж, 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байлаа. Одоо гадны бизнесийг дэмжээд худалдагч хийгээд сууж байгаадаа гутарч байна. Монголын татварын бодлого импортыг дэмждэг. Материал нь өндөр татвартай мөртлөө импортын бэлэн бараа нь татваргүй байхаар Монголд яаж үйлдвэрлэл хөгжих вэ. Туркаас оруулж ирж зарах цамц 60 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл ийм цамцыг Монгол хийвэл үйлдвэрийн өртөг нь 96 мянга болно. Эндээс л Монголд дотоодод мянга сайн үйлдвэрлэгч байгаад ч тэд урагшлах боломжгүй гэдгийн жишээг харж болно. Монголын сүүлийн 30 жилийн уялдаагүй бодлого баялаг бүтээгчдийг сөхрүүлж байна. Мэдээж, үйлдвэр эрхлэх эсэх нь хувь хүний сонголт. Хийхгүй байж бас болно. Гэхдээ л бүтээсэн бүхнээ нурж байхыг харах гунигтай байна” хэмээн үйлдвэрлэгчдэд тулгардаг сорилт, хүндрэлийн талаар бидэнтэй хуваалцсан юм.
ЦАСНЫ МАШИН ТУС БҮРИЙГ 125 САЯ ТӨГРӨГӨӨР АВСАН НЬ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ
Улаанбаатар хотод цас, зам цэвэрлэх зориулалттай 28 ширхэг машиныг оруулж ирсэн нь нийгэмд шүүмжлэл дагууллаа. Учир нь хэт үнэтэй, 2-3 дахин хямд үнээр авах боломжтой байсан гэж олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнөлөө. Цасны машин нийлүүлэх тендэрт "Батсээр" компани шалгарсан байна. Тэд нэг ширхэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлжээ. Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгээс тодруулахад “Бид хамгийн эвдрэл багатай, баталгаатай, чанартай машиныг сонгосон. Япон мотортой тул эдэлгээ удаан байна гэж харж байна. Алийн болгон бид ТҮК-ийн ажилчдаа улаан гараар нь шороо тоостой зууралдуулах вэ. Өвөлдөө цас, зундаа тоос шороо цэвэрлэх, сорох машин хамгийн их хэрэгтэй байсан. 800 мянган төгрөгийн цалинтай ажилчид заавал хүнд нөхцөлд ажиллах ёстой юм уу” гэлээ.
Ийнхүү ТҮК-ийн ажилтнууд орчин үеийн, хөдөлмөр хөнгөвчлөх хэрэгсэлтэй болж байгаа нь сайн хэрэг боловч 2-3 дахин өндөр үнээр авсан, дундаас нь “цавчаа” хийсэн үү гэх асуудал нийгмийн сүлжээнд өрнөж байна. Товчхондоо хэмнэлт хийж чадахгүй, төсвийн мөнгөөр туйлж байна хэмээн олон нийт хотын дарга Д.Сумъяабазараас хариуцлага нэхсэн юм.
“Сөрөг хүчин” тоймын видео хувилбарыг дээрээс үзнэ үү.