Манай улс энэ оноос хувь хүний орлогын татварын шаталсан тогтолцоонд шилжээд байна. Ингэснээр иргэний дансанд орсон орлого бүрээс татвар авна гэх мэдээлэл нийгэмд тархаж, энэ хэрээр ч асуудал дагуулж байна. Тодруулбал, сарын 10 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс татвар шаталж авахаар заасан ч бусад орлогоос буюу дансанд мөнгө орох тоолонд татвар авах нь гэх болгоомжлол үүсээд байна. Ялангуяа, хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу зах худалдааны төвүүдээр жижиглэн худалдаа эрхлэгчид татвар эрхэлдэг иргэд айдастай байна. Бид ТЭДИ, 100 айл зэрэг хэд хэдэн худалдааны төвөөр ороход худалдаа эрхлэгчид үүнд санаа зовж байна. Мэдээлэл муу байна. Ойлгохгүй байна" гэх хариултыг өгч байлаа.
Худалдаа эрхлэгчид хэлэхдээ "ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэний дансанд орсон орлого бүрээс татвар авах юм шиг юм ярьсан. Дараа нь худал хэлсэн байна гээд залруулсан гэх юм. Ойлгохоо байлаа. Ингэж байгаад л жилийн эцэст данс шалгаад л татвар авна гээд унавал яах юм. Хэн ч мэдэхгүй шүү дээ. Үүний хариуцлагыг хэн үүрэх вэ гэцгээж байлаа. Нээрээ ч иргэдийн дунд шаталсан татварын талаарх ойлголт тун тааруу байгаа нь худалдаа эрхлэгчдийн ярианаас анзаарагдаж байлаа. "Яг татвар авах гээд байгаа юм уу, үгүй юм уу… Татварын албанаас ирж бид нарт мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ. Хаа хаанаа ч бизнес хийхэд хэцүү байна. Яг яах гээд байгаа гэдгээ хэлж өгмөөр байна" хэмээн тэд бухимдаж байлаа.
"ТООЦООГОО БЭЛНЭЭР ХИЙВЭЛ САЙН БАЙНА"
Албаны эх сурвалжийн тайлбараар бол хувиараа хөдөлмөр эрхлэгчид борлуулалтын орлогоосоо л татвараа төлөх аж. Өөрөөр хэлбэл, хуучин хуулиараа явах буюу шинэ зохицуулалт тэдэнд хамаарахгүй. Гэвч мэдээлэл хаа хаанаас дутмаг зөрүүтэй байгаагаас шалтгаалж, худалдаа эрхлэгчид төлбөр тооцоогоо аль болох бэлнээр авахыг чухалчилдаг болжээ. Бараа худалдаж аваад явж байгаа иргэдээс лавлахад "Ер нь хүмүүс төлбөрөө бэлнээр хийвэл сайн байна. Дансаар мөнгө авмааргүй байна" гэдэг болсон байна гэцгээж байлаа. Зарим худалдаа эрхлэгч "Бидний дансыг татварынхан нэгждэг болчихсон шүү дээ. Энэ мөнгө чинь юу юм гээд л, 10-аас дээш хувиар татвараа төл гээд ороод ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Айдастай л байна" гэцгээж байлаа.
Б.БУЯННЭМЭХ: ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГООСОО Л ТАТВАРАА ТӨЛНӨ
Бид энэ асуудлыг ТЕГ-ын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Б.Буяннэмэхээс тодруулсан юм.
2023 оноос Хүн амын орлогын албан татварыг шаталж авахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нийт зургаан төрлийн орлогоос ХХОАТ авдаг. Үүнд, цалин, хөдөлмөрийн хөлс, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, шууд бус орлого, бусад орлогоос авахаар зохицуулсан. Энэ оноос иргэний цалин болон шууд бус орлогоос нь шаталсан татвар авч эхэлнэ.
Иргэний жилийн цалингийн хэмжээ:
120 сая хүртэл бол – 10 хувь
120-180 сая бол – 15 хувь
180 саяас дээш бол 20 хувиар татвар авахаар заасан. Тэгэхээр сард 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай, ХХОАТ төлөгчдийн 0,1 хувь буюу 1300 орчим хүн л энэ хуулийн хэрэгжилтэд хамрагдаж, шаталж татвараа төлнө. Жишээ авч үзье. Иргэн А сард 10 сая төгрөгийн цалинтай. Түүний жилийн орлого нь 120 сая төгрөг гэж үзвэл 10 хувийн татвараа төлнө. Ингэхдээ нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаад, үлдсэн дээр нь татвар ноогдоно гэсэн үг. Мөн шууд бус орлого буюу байгууллагаас өгч буй унааны мөнгө, шагнал урамшуулал, түлээ нүүрсний мөнгө гэх мэт мөнгөн дүн цалин хөлстэй ижил тооцогдож явдаг. Энэ хоёр төрлийн орлогоос л шаталсан татвар авна гэж хуульд заасан болохоос биш, үйл ажиллагааны орлого буюу иргэний олж буй бүх орлогоос татварыг шаталж авахгүй.
Хүмүүсийн дунд буруу ойлголт яваад байна. Зах, худалдааны төв дээр худалдаа эрхэлдэг иргэн өөрөө буюу хувиараа хөдөлмөр эрхлээд мөнгө олж байгаа. Энэ хүмүүс өөрийнхөө үйл ажиллагааны орлогоо өөрөө тодорхойлоод татвараа төлнө. Нэг ёсондоо борлуулалтын орлогоороо л татвараа төлнө гэсэн үг. Жишээлбэл, 100 сая төгрөгийн борлуулалтын орлого оллоо гэхэд зардлаа хасаад, үлдсэн дээр нь татвар ноогдуулах юм. Татвар төлөгч орлогоо өөрөө тодорхойлсны үндсэн дээр төлөх үүрэгтэй гэж хуульд заасан. Тэгэхээр энэ шатлалт нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хамааралгүй буюу төр болон хувийн хэвшлийн ажил олгогчоос цалин хөлс олгож байгаа тохиолдолд л үйлчилнэ гэсэн үг.
Хүн амын орлогын албан татвар дээр бас нэг заалт бий. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүрээгүй татвар төлөгч зардлаа хасахгүйгээр, нийт дүнгээсээ 1 хувийн татвар төлнө гэж заасан байдаг. Хэрвээ жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш гарвал төлбөрийн баримтаар орлого, зардлаа нотлоод татвараа төлнө. Жишээ нь, би 100 сая төгрөгийн орлого олсон гэж бодъё. Гэвч 99 сая төгрөгийн зардал гаргачихсан бол үлдсэн 1 сая төгрөг дээрээ л татвар ноогдуулах нь байна. Түүнээс биш, олсон орлого бүрээс 10-15 хувийн татвар авна гэдэг хуулийн заалт хаана ч байхгүй.
Б.ОЮУН: ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮГ ЯАРАЛТАЙ АРИЛГАХГҮЙ БОЛ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ТЭЛЭХ ЭРСДЭЛ ҮҮСЧИХЛЭЭ
Зөрүүтэй ойлголтын улмаас төлбөрт тооцоог бэлэн мөнгөөр хийж эхэлснээр эдийн засагт ямар сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй талаар МУИС-ийн багш, доктор Б.Оюунаас тодрууллаа.
"…Гүйлгээ данс руу орохгүй, бэлнээр эргэлдсэнээр эдийн засагт асар их сөрөг үр дагавартай. Үүнийг дагаад далд эдийн засаг бий болж, татвараас зайлсхийх явдал ихэснэ гэсэн үг. Өнөөдөр яг л бүртгэгддэггүй, далд эдийн засаг гарч ирэх гэж байна. Үүнийг дагаад НӨАТ-ын хэмжээ эрс буурна. Гар дээр байгаа мөнгө их мөнгө болоод ирэхээр инфляц руу түлхдэг талтай. Өндөр хөгжилтэй улс орнуудад гүйлгээнийх нь бэлэн мөнгөний хувь хэмжээ их бага байдаг. Харин манай улс өмнөх нийгмийн, боловсронгуй болоогүй эдийн засаг руу явах тал руугаа хандаад байна.
Татварын шаталсан тогтолцоо бол байж болох асуудал. Хамгийн бүртгэл, тооцоо нь маш сайн байх л хэрэгтэй. Хэрэв бүртгэлийн систем тааруухан бол хүмүүс зугтах магадлал гарч ирнэ. Ер нь, татварыг шаталж авах нь зах зээлийн эдийн засагт байх ёстой зүйл. "Илүү их орлого олж байгаа нь төрд татвараа ахиу хэмжээгээр төл" гэсэн л онолын үндэс шүү дээ. Гэхдээ шаталж татвар авч байгаа бол бүртгэлээ сайжруулж, татвараас зайлсхийхгүй байх тэр боломж, бололцоог бүрдүүлэх хамгийн чухал.
Өнөөдөр төөрөгдүүлсэн ойлголтууд их яваад байна. Хуулийнхаа мөн чанарыг татварын мэргэжилтнүүд нь өөрсдөө ойлгож байна уу гэдэгт эргэлзэхээр байна. Ер нь, мэдээлэл дутмаг үед цуурхал бий болдог. Тиймээс далд эдийн засаг руу орох эрсдэл үүсэхээс өмнө Татварын байгууллага, хариуцсан газрууд нь иргэдэд зөв мэдээлэл өгөх чухал болчхоод байна. Иргэд мэдээлэлгүйгээсээ болоод, тэдэнд мэдээлэл өгөөгүйгээс болоод асуудал үүсэж эхэлж байна шүү дээ" гэлээ.
Видео мэдээг дээрээс үзнэ үү.