Сэтгэл түгших эмгэг нь архаг, олон жил хуримтлагдсан стрессийн шалтгаанаар үүсдэг. Ажил, амьдрал, эрүүл мэндэд ямар нэгэн асуудал тохиолдсон үед санаа зовж, сэтгэл түгших нь хэвийн сэтгэл түгшилт. Харин ажил, амьдрал дээр ямар нэгэн бодит асуудал байхгүй үед, санаа зовохыг сэтгэл түгшилт гэж ойлгож болох талаар сэтгэл засалч М.Мандах хэлж байна.
СЭТГЭЛ ТҮГШИХ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:
- Тухайн хүний сэтгэл тайван бус, түгшүүртэй байж, юунаас айгаад байгаагаа мэдэхгүй санаа зовно. Эсвэл нэг зүйл дутуу байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
- Бодол санаанд өөрчлөлт гарна. Өглөөнөөс орой унтах хүртлээ сөрөг бодлоор өөрийгөө хооллоно.
- Сэтгэл түгшилттэй, тайван бус үед эмзэг цочромтгой болдог. Энэ үед уурлахааргүй зүйлд уурладаг, өөрийн мэдэлгүй дотор бухимдал төрөх, амархан уйлдаг болох, амархан гомддог болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
- Хэт өрөвч, эмзэг болно. Дуу чимээнд дургүйболж, олон хүнтэй газраас төвөгшөөж эхэлнэ.
- Зүрх дэлсэж байгаа мэт мэдрэмж төрнө.
Сэтгэл түгших эмгэг нь бие физиологид өөрчлөлт үүсгэдэг. Жишээлбэл, сэтгэл түгшилттэй, тайван биш үед бөөрний дээд булчирхайнаас стрессийн даавар буюу адерналин цусанд байх хэмжээнээсээ хэд дахин их ялгардаг. Адреналин нь бидний урвал мэдрэлийн хөврөлийг үүсгэдэг. Үүнтэй холбоотойгоор сэтгэл түгшилттэй байгаа хүний зүрх дэлсдэг. Зүрх дэлсэх үед зүрх өвдөж байна гээд зүрхний эмчид очдог. Яг зүрхний тийм өвчин гэх онош олдохгүй мөртлөө зүрх дэлсээд байдаг. Амьсгал бачуурах, дотор давчдах, артерийн даралт ихсэх, мөн хүзүү мөрөөр чилэх, гар салгалах, гарын алга, хөлийн ул, нуруугаар хөлрөх, ходоод гэдэс хямрах, ойрхон шээс хүрэх зэргээр сэтгэл түгшилтийн шалтгаантай зовууриуд үүсдэг.
Сэтгэл түгшилттэй хүмүүс ихэвчлэн сэтгэл өвдлөө гэж мэддэггүй. Олон сар, жилийн эмчилгээ хийлгэсэн ч гол өвдсөн сэтгэл нь эмчлэгдэхгүй учраас үр дүн гардаггүй. Сэтгэл түгшилтийн үргэлжлэх хугацаа удаашрах тусам хөнгөнөөс хүнд шат руу шилжинэ. Ингэснээр ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд бэрхшээлтэй болно. Мөн гэр бүлийн харилцаанд асуудал гарч эхэлдэг байна.
Сэтгэл түгших эмгэг үүсгэж байгаа шалтгаан нь архаг, хуримтлагдсан стресс. Бид амьд байгаа тохиолдолд стрессээс хол, ангид байна гэж байхгүй. Өдөр тутамд таатай, таагүй ямар нэгэн байдлаар стресст өртдөг. Стрессийг хүмүүс хүнд, том зүйл гэж боддог. Гэтэл маш энгийн байдаг. Сэтгэлд таагүй, тухгүй мэдрэмж төрүүлж байгаа бүх зүйл стресс. Халуун наранд удаан байх, даарсан ч, хоол холдож, өлсөж цангасан ч, ажлын хамт олны дунд санал зөрөлдсөн ч стресс. Стресст өртөх нь тодорхой учраас зөв тайлж сурах нь сэтгэл түгшилтээс сэргийлэх хамгийн зөв бөгөөд энгийн арга юм.
СТРЕССЭЭ ТАЙЛЖ БОЛОХ ЭНГИЙН АРГУУД:
- Өдөрт 20-30 минут хөлсөө гаргасан идэвхтэй хөдөлгөөн хийх.
- Сэтгэлд хэцүү байгаа, таагүй зүйлсээ өөрийнхөө итгэдэг, хайртай дотны хүнд ярьж хэвших.
- Унтахаасаа өмнө 5-10 минут зарцуулаад, тухайн өдрийнхөө өөрт төрж байгаа мэдрэмжийг бичиж тэмдэглэвэл стресс тайлагдах боломжтой.
- Энэ бүхэн үр дүн өгөхгүй бол мэргэжлийн эмчид хандах нь зүй.