Хоёр дахь цуврал нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.
Өрөг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч У.Болортуяа миний бие 2022 оны 11-р сарын 16-нд, 12-р сарын 05-нд С.Баярцогтын хэрэгтэй холбоотой хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэн цацсан. Эхний нэвтрүүлэгт С.Баярцогт гурван шатны шүүхээс ял сонссон ч учир битүүлэг шалтгаанаар ялгүй болж, улс төрд эргэн ирэхээ зарласан тухай, хоёр дахь нэвтрүүлэгт С.Баярцогтын хэргийг хөдөлбөргүй нотлох баримтгүй гээд буцаасан хоёр шүүгчийн нэрийг зарлаж, зургийг дэлгэсэн юм.
Гэвч Шүүхийн Ерөнхий Зөвлөл сэтгүүлч У.Болортуяаг мөрдөн байцаах албанд өгч, түүнийг эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйл заалтаар буюу илтэд худал мэдээ тараасан гэх хэргээр буруутгаж байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үзэж буйгаар сэтгүүлч У.Болортуяа С.Баярцогтын хэргийг хөдөлбөргүй нотлох баримтгүй гээд буцаасан санал гаргасан хоёр шүүгчийн нэр, зургийг зарлаж болохгүй байсан гэх.
Миний бэлтгэсэн С.Баярцогтын тухай бэлдсэн нэвтрүүлгүүдийг, нийтлэлийг уншина уу, үзнэ үү.
С.БАЯРЦОГТЫН АВЛИГЫН ХЭРЭГ ХЭРХЭН ЗАМХАРСАН БЭ?
2013 он: Сангийн сайд С.Баярцогтын Виржин арал, Бахамын арал дахь оффшор компанитай холбоотой 1 сая ам.долларыг Швейцарын банканд 2009 онд нээсэн дансандаа мартсан талаар олон улсын сэтгүүлчид мэдээлэв. С.Баярцогт уг мөнгийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байсан тул хариуцлага хүлээж, Улсын их хурлын дэд даргын албан тушаалаасаа огцорсон юм.
Сүүлд нь оффшор банканд мартсан мөнгөний дүн 9,2 сая ам.доллар болон нэмэгдэж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэр холбогдож эхэлсэн ба нуусан мөнгө нь түүнийг Сангийн сайдаар ажиллаж байхдаа 2009 онд "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэгт ажиллахдаа авсан авлига гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдав. Тиймээс Авлигатай Тэмцэх Газар 2013 оны 04 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Түүнээс хойш Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийг 9 жил шалгасан.
С.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ ЕСӨН ЖИЛ ШАЛГАН, ГУРВАН ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗСЭН Ч ПРОКУРОРЫН ШИЙДВЭРЭЭР ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН НЬ ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛНЭ
С.Баярцогтын авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа
2013.04.04-2019.11.11-ний өдөр Авлигатай Тэмцэх Газраас С.Баярцогт нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони компанийн Швейцарын Холбооны Улсын Кредит Свисс Ай Жи банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Айвенхоу Майнз компанийн 150,000 /зуун тавин мянга/ ширхэг хувьцааг худалдан авч борлуулж хууль бусаар олсон мөнгийг угаасан, дээрх гэрээтэй холбоотойгоор өөртөө давуу байдал бий болгон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл “албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 18.6 дугаар зүйл “мөнгө угаах” 22.10 дугаар зүйл “үндэслэлгүйгээр хөрөнгөжих”- ээр эрүүгийн 1702001650085 дугаартай хэрэг үүсгэж 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусаж прокурорт шилжүүлсэн байна.
Хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019.11.11-2020.03.23-ны хооронд хянаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэл, Б.Ганбулган, Ц.Сүхбат нар яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн байдаг.
Яллах дүгнэлт: Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр
2020.07.17-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч, С.Баярцогт нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Рио Тинто, Айвэнхоу Майнз компаниудад татварын таатай нөхцөлийг бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас Монгол Улсын хуульд заасан татварыг авах боломжгүй болгож хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан. Aйвэнхоу Mайнз компанийн хувьцааны ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй мэдээллийг ашиглан арилжаанд оролцож албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хувьцааг худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан. Дотоод мэдээллийг ашиглан худалдаж авсан Айвэнхоу Майнз компанийн 150,000 ширхэг хувьцааг 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2,7 сая ам.доллароор худалдаж, 1,3 сая ам.долларын ашиг олсон бөгөөд уг мөнгөнөөс 1.2 сая ам.долларыг оффшор бүсэд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони компанийн Швейцарын Холбооны Улсын банк дахь данснаас 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн Металс” ХХК-ний дансаар дамжуулан хүлээн авч мөнгө угаасан.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан шүүж шүүгдэгч С.Баярцогтыг гэм буруутайд тооцон ял, шийтгэл оногдуулав
Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 (албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар “албан тушаал эрхлэх эрхийг 3 жил хасч, 4 жилийн хорих ял”, 2. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (мөнгө угаах)-д зааснаар “3 жилийн хорих ял”, 3. Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т зааснаар “нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3 жилийн хорих ял”, 4. Дээрх ялыг нэмж нэгтгэн “нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 жилийн хорих ял”, 5. Нэмэгдэл ял: “Мөнгө угаасан хэргийн орлого 1.6 тэрбум төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт 3,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгох” ялыг тус тус оноосон.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2020.12.03-ны өдөр гарав
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар “нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сар хорих ял” 2. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (мөнгө угаах)-д зааснаар “1 жил 6 сарын хорих ял”, 3. Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т зааснаар “нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 8 сарын хорих ял”, 4. Дээрх ялыг нэмж нэгтгэн “нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ял”, 5. Нэмэгдэл ял: “Мөнгө угаасан хэргийн орлого 1.6 тэрбум төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт 3,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгох” ялыг хэвээр үлдээсэн.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг ДЭЭД ШҮҮХ хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 т заасан зүйл ангитай 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг нэгтгэж зүйлчилсэн. 1. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 (албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар “нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял”, 2. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т (мөнгө угаах) заасан зүйл ангитай 22.10 дугаар зүйлийн 1 дэх (үндэслэлгүйгээр хөрөнгөжих) хэсгийг нэгтгэн зүйлчилж “1 жил 8 сар хорих ял”, 3. Нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн “нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сарын хорих ял”, 4. Нэмэгдэл ял: “Мөнгө угаасан хэргийн орлого 1.6 тэрбум төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт 3,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгох” ялыг хэвээр үлдээж нэмж “1,3 сая ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн ханшаар тооцож улсын төсөвт шилжүүлэх” ял тус тус оноосон.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ТУСГАЙ САНАЛ
Шүүгчид тусгай санал гаргахаас ХОЁР сарын өмнө С.Баярцогтод ял шийтгэл оногдуулж байсан ч тодорхойгүй шалтгаанаар С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тусгай санал гаргасан юм. Саналыг шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нар гаргажээ.
/Тусгай санал гаргасан шүүгч Эрдэнэбалсүрэн, Амарбаясгалан нар…/
Улмаар, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол нь ҮНДЭСЛЭЛТЭЙ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ.
ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ
Хэргийн шийдвэрлэлт Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ба Авлигатай тэмцэх газраас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр С.Баярцогтод холбогдох эрүүгийн 1702001650085 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
СЭТГҮҮЛЧИЙН ХАРДЛАГА
С.Баярцогт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа эцэслэн шийдвэрлэх зүйтэй гэсэн шүүгч нарын тусгай санал 3 шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн нь хууль ЭРХ ЗҮЙН ОНОЛ, хуулийн философийн хувьд үндэслэлтэй гэж дүгнэх нь эргэлзээтэй. Учир нь тусгай санал гаргасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгч, прокурорууд үндэслэл бүхий тайлбараа одоог хүртэл өөрсдийн албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтэд мэдээлээгүй. Нуух хаах зарчмаар явсан нь хардлага төрүүлнэ. Хэн бэ гуай ч үүнтэй холбоотой мэдээлэл авахаар дээд шүүхийн цахим хуудаст орвол тусгай саналтай холбоотой баримт, мэдээлэл байхгүй. Тийм атал мэдээлэл бэлтгэж, түгээсэн сэтгүүлчийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл эрүүгийн хуулиар яллахаар улайрч байна. Шүүхийн практикт сэтгүүлчтэй иргэний хуулиар маргадаг ч Шүүхийн Ерөнхий Зөвлөл эрүүгийн хуулиар “чичирч” байгаа нь сэтгүүлчдийг, хяналт тавих учиртай иргэдийг, мохоох гэсэн арга гэж харж байна.
/Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн/
Шүүхээс шийдвэрлэсэн хэрэг маргаан, шүүхийн шийдвэрийн талаар судлаач, оюутан, сэтгүүлч, иргэн хэн боловч шүүмж өрнүүлж, үнэлж дүгнэж, тэр талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрхтэй. Бүр хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө ч сэтгүүлчдэд бий. Гэтэл Шүүхийн Ерөнхий Зөвлөл, шүүгчид С.Баярцогтын хэргийг хэрхэн шийдсэн талаар мэдээлсэн сэтгүүлчийг айлгах, цензурдэх, хүсэл зоригийг нь мохоох гэсэн явуургүй арга хэрэглэсээр байна.
Сэтгүүлч У.Болортуяа миний бие энэ талаар олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллага, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хандаж, эцсээ хүртэл тууштай “тэмцэх”-ээ үүгээр илэрхийлж байна.
Монгол ядуудаа биш хулгайч, авлигачдадаа идэгдсэн учраас ядуу байгаа тул сэтгүүлч миний бие, МАНАЙ РЕДАКЦ авлигач, хулгайчдыг илчилж, тэднийг өмгөөлж хаацайлсан хэн бэ гуайг ч хуулийн өмнө аваачихын төлөө ажиллах болно.