Улаанбаатар хотын утаа, түгжрэл, инфляц болон гадаад валютын ханшийн өсөлтөд авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд тайван, амгалан амьдрах эрхийг зөрчиж байна гэж иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Жишээлбэл, сүүлийн үед иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа 7.3 тэрбум төгрөгийн авлигын хэрэг, ЖДҮ, нүүрсний хулгай зэрэг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүдэд оногдох шийтгэл нь харьцангуй буюу мөнгөтэй талдаа үйлчилж, зөв шударга ял, шийтгэл оногдуулахгүй байна гэж иргэд бухимдаж байна.
Авлига, хээл хахууль, хулгайн хэргийн талаар иргэдийн үзэл бодол, санал шүүмжийг хүргэж байна.
- Төр төр шиг байж чадахгүй байна. Буруу хүмүүс төрийн дээд албан тушаалд гарсан байгаа нь сүүлийн үед гарч буй хэргүүдээс харагдаж байна. Бид сонгуулиар буруу сонголт хийсэн байна. Одоогийн засгийн газар, төрийн удирдлагуудад хэлэх муу үг ч олдохгүй байна. Манай улсын хууль, шүүхийн байгууллагууд ажлаа хийхгүй байна. Олон тэрбумаар нь идэж уусан ч суллаад, явуулдаг. Энэ маш буруу үзэгдэл. Ард түмэн Засгийн газарт шаардлага тавьж жагсаж тэмцэхээр, тэмцэж байгаа хүмүүсийг нь барьж, хориод байна. Ийм байж хэрхэвч болохгүй. Энэ байдлыг яаралтай халах шаардлагатай байна.
- УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын бүх дансыг нээлттэй байлгаж, хяналт тавих хэрэгтэй.
- Хулгайчдаа барьж, саатуулж чадахгүй хоёрын хооронд худлаа “попроод” л байна. Жинхнээсээ шалгаж, хариуцлага тооцмоор байна.
- Өмнө ийм зүйлс дуулддаггүй л байсан. Сүүлийн үед их дуулдах боллоо. Энэ шуналаас л болж байна. Хуулиа чангатгах хэрэгтэй. Шүүх нь ажлаа хийхгүй, хийхээрээ их удаан. Нэгэнт АТГ, ЦЕГ-аас илрүүлээд өгсөн хэргийг дор нь шийдмээр байна. Шийдэхгүй байсаар чимээгүй болох юм. Үүнээс л авлига, хулгай үүсэж байна. Цагдаа, прокурор, шүүх дээр хэрэг шийдэгдэхгүй байгаа нь мөнгөтэй хүмүүс нь эрх мэдэлтнүүдэд хэдэн төгрөг атгуулаад, чимээгүй болгочихож байгаатай холбоотой. Дампуурсан тогтолцоог өөрчлөхгүй бол энэ байдал үргэлжилсээр л байна.
- Хэвлэл мэдээллээр буруутай этгээдийг мэдээллэхэд, тухайн хүнээ шалгахын оронд хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа л “үзэлцээд” эхэлдэг муу жишиг тогтлоо. Энэ нь маш буруу, байж болохгүй үзэгдэл. Эхлээд, тухайн редакцийн хөндсөн сэдвээр шалгалт хийж, хэрэгт холбогдсон иргэний буруутай эсэхийг тогтоож, хариуцлага хүлээлгэсний дараа хэвлэл мэдээллийн зөв, бурууг шүүж болно.
- Төрийн эрх барьж байгаа хүмүүсийн буруу үйл ажиллагаа нь улс орны хөгжилд маш сөргөөр нөлөөлж байна. Хувиа хичээсэн, ард түмнээ гэсэн бодолгүй. Улс орноо хөгжүүлье гэсэн сэтгэл байвал хөгжүүлэх боломжтой. Гуравхан сая хүн амтай. Ийм их байгалийн баялаг, өргөн уудам нутагтай. Бидэнд боломж их байгаа ч бидний боломжийг улс төрчид хулгайлж байна.
Таны бодлоор авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
- Хээл хахууль авсан, хулгай хийсэн хүмүүсээ барьж, хариуцлага тооцох арга хэмжээ авна. Тэднийг зүгээр явуулаад байж болохгүй. Ингэж байж ард түмний амьдрал сайжирна.
- Хулгайчдыг барьлаа, авлигын хэрэг илрүүллээ гээд л сүржигнэж байгаад алга болдог. Дараагийн сенсаци гардаг. Сенсациас сенсацийн хооронд л амьдарч байна. Энэ хооронд эхний хэргүүд нь мартагдсаар… Иргэд нэгэнт мартсан учраас хулгайч, мөнгөтэй хүмүүс нь эрх мэдэлтнүүдэд хэдэн төгрөг атгуулаад л хэргээс мултарч, чөлөөтэй амьдарч байна. Хууль мөнгөгүй ард түмэнд л үйлчилдэг.
- Төрийн том албан тушаалтнууд ямар аргаар, яаж баяжсан, хаус, машинаа яаж авсан, хаана, яаж амьдарч байна вэ гэдгийг судалж, ил тод байлгах хэрэгтэй.
- Жишээлбэл, гар утас хулгайлсан хүн ялаа аваад, шийтгэлээ хүлээж байсан. Харьцуулаад үзвэл, гар утас нэг сая төгрөг. Харин нүүрсний хулгай асар их мөнгө. Гар утасны хулгайчийг олж, хариуцлага хүлээлгээд, цагдаа нар сайн ажиллаж байна. Гэхдээ нүүрсний хулгайчдад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Нэр нь зарлагдсан хүмүүс яагаад чөлөөтэй яваад байна вэ. Саяхан гэрээс нь 7.3 тэрбум төгрөг гарч ирсэн хүнд яагаад ял оногдуулахгүй байна вэ. Байж боломгүй, шударга бус байна. Эдгээр мөнгөөр улс оронд өчнөөн юм хийж болно. Төсөөлөгдхөөргүй их мөнгө шүү дээ.
- Сүүлийн үеийн үйл явдлууд манай улсын хууль хяналт хэр сул байгааг харуулж байна. Хууль хяналтаа чангатгахын тулд одоо байгаа одоогийн засгийн газар огцорч, шинэ бүрэлдэхүүн гаргамаар байна.
Таны төсөөллөөр 7.3 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ?
- Би тийм их мөнгөтэй харьцаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний төсөөллөөр, 7.3 тэрбум төгрөгөөр дахиад нэг Central tower барих боломжтой байх.
- Би тийм их мөнгөгүй болохоор сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн постоос харахад, 240 ширхэг хүүхдийн цэцэрлэг барьж болно гэсэн байсан. Улс орноо хөгжүүлэх байсан мөнгөөр хувийн хэрэгцээндээ зарцуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ байдал үргэлжилсээр байвал маш олон сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Жишээлбэл, цэцэрлэгт явах насанд хүрсэн ч цэцэрлэггүйн улмаас гэртээ уйлаад сууж байгаа хүүхдүүд олон байна. Утаа, түгжрэл бууруулах зэрэг наад захын шийдлүүдийг ч хийж чадахгүй байна. Бидний маш их эрх зөрчигдөж байна.
Видеог дээрээс үзнэ үү.