Сэтгэл гутрал хүмүүст харилцан адилгүй илэрдэг. Зарим хүний хувьд маш хүчтэй илэрч, өдөр тутмын хэвийн амьдралыг нь алдагдуулдаг бол зарим нь хэдэн сар жилээр чимээгүй шаналсаар явдаг. Хайртай дотнын хүний үхэл, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг амьдралын томоохон хүнд үйл явдлуудын дараа сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг хэдий ч зарим тохиолдолд ямар ч шалтгаангүйгээр сэтгэл гутралд орох тохиолдол байдаг талаар сэтгэл зүйч Я.Батхүү хэлж байна.
СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ БУЙГАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
АНУ-ын Сэтгэл судлалын холбооноос гаргадаг Сэтгэцийн эмгэг оношилгооны статистикийн гарын авлагад тусгаснаар, сэтгэл гутрал буюу “Depression disorder” нь 14 хоног ба түүнээс дээш хугацаанд дараах шинж тэмдгүүдийн дор хаяж тав, эсвэл бүр бүгд илрэхийг хэлнэ.
Үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал,
- Онцын шалтгаангүйгээр цухалдах эсвэл сэтгэл хөдлөлгүй хоосон хүн болж, зүгээр суухад хүртэл нулимс гарч, уйлж ч мэднэ. Чухам юунаас болоод уурлаад байгаагаа, хэзээ эхэлснээ хүртэл мартаж орхидог. Эмэгтэйчүүд үүнийг сарын тэмдгийн үеийн сэтгэл зүйн өөрчлөлттэй холбож ойлгодог ч энэ бол огт өөр зүйл юм шүү. Харин эрчүүдийн хувьд тамхи татан санаа алдах нь ихсэж, гөлрөх нь олширно.
- Ямар ч сонирхол, амьдралын идэвхгүй болох: Ойр ойрхон гар хумхин сууж, өнгөрсөн, ирээдүйн тухай бодож, үе үе хүчтэй санаа алдах болох. Энэ үед өөрийнхөө алдаагаар дүүрэн лабирантаар аялж байгаа мэт санагдана. Харамсалтай нь энэ үед одоо цаг байхгүй болсон байдаг. Нэг давхар байшинтай дүйцэхүйц асуудлууд болчихсон, өөрөө доор нь суугаад л телевизийн суваг солин, фэйсбүүк, инстаграм зэргээс ямар нэг зүйлийг эрнэ.
- Хоолны дуршил муудаж, нэг бол хэт их идэж аль эсвэл хоолноос гарна. Мэдээж өлсөж үхнэ гэсэн үг биш. Хооллож байхдаа юу идэж буйгаа төдийлөн анхаарахгүй. Миний хувьд заримдаа идэхээ бүр мартчихсан мэт гэнэт л унтахын өмнө идэж гардаг байв. Саяхан идсэн хэрнээ өлсгөлөн араатан шиг л дайрна. Гэхдээ дараа нь юунд ингэв дээ гэж заавал харамсахыг яана.
- Нойрны хэмнэл өөрчлөгдөх: Өглөө сэрээд л өнөөх унтаа горимдоо орно. Зарим хүн хар үүрээр сэрчихдэг. Яг энэ байдлаараа улаан нүдэлсэн амьтан ажил дээрээ очдог.
- Үйлдэл бүхэн өөрчлөгдөх: Бүр нэг хөдлөхөөс дургүй хүрч, өмнө ам уралдан ярьдаг байсан сонирхолтой сэдвийн талаар хэн нэгэн утгагүй юм ярьж байхад хүртэл зөв бурууг дэнслэх хүсэл төрөхгүй байхыг хэлнэ.
- Ядаргаанд орох, эрч хүчээ алдах: Ядартлаа их ажиллаагүй атал эвшээлгэж, доод зовхи, шөрмөс татна. Гэвч та сайхан амрах тухай бодох бус мөнөөх л өнгөрсөн, ирээдүй цагийнхаа шаналгаанд автсаар байх болно.
- Үнэ цэнэгүй, гэм буруутайгаар өөрийгөө мэдрэх: Гутрал “эго” буюу “би”-ийн алдагдлаас үүдэлтэй үзэгдэл юм. Хүн цаг үргэлж бусдаас өөрийгөө хайж байдаг. Харин тэр үнэ цэнтэй мэдрэмж буюу өөрийг тань тодорхойлох бусдын үг, үйлдэл, мэдрэмж, харилцааны илэрхийлэл тоогүй байх тусам улам бүр үл тоосон, үзэн ядсан шинжтэй мэт санагдаж эхэлнэ.
- Анхаарал байнга л өөр хаа нэгтээ байна. Толинд хараад зогсож байхдаа, ер нь хаа ч явсан өнөөх асуудлаа бодно. Бодолдоо автаад хийж байгаа зүйлээ, яах гэж хийж буйгаа ч мартах нь түгээмэл болдог.
СЭТГЭЛ ГУТРАЛ ГЭДЭГ НЬ ЯГ Л БИЕ МАХБОДЫН ӨВЧНИЙ НЭГЭН АДИЛ ХЭЛЖ БУС ХИЙСЭЖ ИРДЭГ ӨВЧИН
Сэтгэл гутрал нь аль ч насныханд тохиолддог. Өсвөр насныхны 10-20 орчим хувь нь дор хаяж нэг удаа хүчтэй сэтгэл гутралд өртсөн байдаг бөгөөд охидын тоо хөвгүүдийнхээс гурав дахин илүү байдаг.
Сэтгэл гутрал нь сэтгэцийн эмгэгүүд дотроос хамгийн түгээмэл тархсан, хүндэрвэл ноцтой хор уршиг дагуулдаг эмгэг. Энэ нь хувь хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлөх ба удаан үргэлжилбэл хөдөлмөрийн чадамжийг бууруулах өндөр эрсдэлтэй. Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15%-ийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг бөгөөд 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 15-65 насны нийт хүн амын 6% нь сэтгэл гутрах эмгэгтэй байсан байна.
Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй удах үед бие махбод өвдөх, сэтгэл санаа хямрах, дархлаа унах зэргээр олон өвчний суурь тавигддаг. Ялангуяа эрэгтэй хүмүүс тэр бүр нээлттэй ярилцаад байдаггүй бөгөөд асуудал бүхнийг хуримтлуулсаар нэг л өдөр маш том асуудал болж хувирдаг. Магадгүй та эрэгтэй хүнийг уйлж болохгүй, хатуу чанга бай гэсэн уламжлалт үг хэллэгийг өмнө нь олон сонссон байх. Гэхдээ хүн л юм чинь сэтгэл хөдлөлөө уйлж илэрхийлэх эрх хэн бүхэнд бий. Тиймээс та уйлмаар санагдвал хэн ч танд саад болохооргүй газар очиж, сэтгэлээ онгойтол уйлаарай. Бас идэвхтэй хөдөлгөөн хийх нь таны стрессийг бууруулж, сэтгэл санаа өөдрөг байхад сайнаар нөлөөлнө.
Эрэгтэй хүмүүс багаасаа л уйлж болохгүй, сэтгэлийн хаттай байх ёстой, эр хүн шиг бай гэх мэт үгсийг сонсож өссөнөөс болж өөрийн дотоод сэтгэл хөдлөлөө тэр бүр гадагш нь илэрхийлээд байдаггүй. Үүнээсээ болоод маш их бухимдал, сэтгэл гутрал, гомдол, хэцүү бүхнээ дотроо тээж явдаг.
СЭТГЭЛ ГУТРАЛЫН ӨВЧИН ХЭЗЭЭ Ч АЯАНДАА ЗҮГЭЭР БОЛДОГГҮЙ
Өөрт төрж буй таагүй сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж, тайвшрахгүй явах нь тухайн хүний бүхий л хэсэгт сөргөөр нөлөөлдөг.
Өөрт ямар нэг асуудал тохиолдоод байгааг анзаарсан бол та бусадтай, ялангуяа мэргэжлийн хүнд хандаж, асуудлаа хуваалцах нь хамгийн зөв юм. Мөн асуудлаа бусадтай хуваалцдаг байх хэрэгтэй. Асуудлаа дотроо удаан тээгээд хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Ганцаараа удаан тээлээ гээд та хүчтэй мундаг гэсэн үг биш ээ. Ярилцах буюу сэтгэлээ хуваалцах нь хамгийн үр дүнтэй арга юм.
Өөрийгөө буюу үйлдэл, бодлоо маш сайн анзаардаг байгаарай. Яг ямар үед та уурладаг, уурлахаараа яадаг, ямар үйлдэл хийдэг гэх мэт. Тэр үйлдлийг хийчихээр ямар мэдрэмж төрдөг, хийхгүй байхаар яадаг зэргээ сайн бичиж, тэмдэглэж байгаарай.
Асуудалдаа цаг гарга, асуудлаа эхлээд хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй удах үед бие махбод өвдөж эхэлдэг тул хэцүү байвал дотроо онгойтол чангаар уйлахыг, идэвхитэй хөдөлгөөн хийж дотор хуримтлагдсан сөрөг энергийг биеэсээ гадагшлуулахыг зөвлөж байна.
СЭТГЭЛ ГУТРАЛ, УЙТГАР ГУНИГ НЬ ӨӨР ХООРОНДОО ЯЛГААТАЙ ОЙЛГОЛТУУД
Гуниглал бол хүнд байх, зовлон шаналалд үзүүлэх төрөлхийн хариу үйлдэл ба хүн бүр асуудалтай үедээ гунигийг түр мэдрээд өнгөрдөг. Харин сэтгэл гутрал нь зүгээр нэг таагүй сэтгэгдлээс илүүтэйгээр олон шинж чанарыг агуулсан долоо хоног, бүр хэдэн сар жилээр ч үргэлжилдэг өвчлөл юм. Гуниглах үед хүнд, хэцүү мэдрэмж төрдөг ч цааш амьдарсаар л байдаг бол сэтгэл гутралд орсон хүн яахаа мэдэхээ байж, итгэл найдваргүй болж, амиа хорлох хүртэл үйлдлийг хийдэг байна.
Хамгийн харамсалтай нь үхлийн тухай бодол төрж амиа хорлох үйлдэл хийхэд хүргэдэг. Хүн хэзээ ч одоо үхье гээд үхчихдэггүй. Хүрээлэл нь тухайн хүнд таагүй мэдрэмжийг хэдэн зуу, магадгүй хэдэн мянган удаа өгнө. Олон бодол дундаас нэг нь үйлдэл болж хэрэгждэг. Тэр нь амиа егүүтгэл.
Энэхүү эмгэгийн хамгийн хүнд, харамсалтай үр дагавар нь амиа хорлох явдал юм. Дэлхий нийтэд сэтгэл гутрах эмгэгтэй гурван зуун сая хүн байдаг бөгөөд үүнээс жил бүр 800,000 орчим хүн амиа хорлож, 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэх оролдлого хийдэг байна. Дэлхийн 17 улсад явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүний нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тодорхойлогдсон байдаг.
Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд хийсэн судалгаагаар Монгол улс сэтгэл гутрах эмгэгийн өвчлөлөөр, Австрали, Шинэ Зеландын дараа гуравдугаарт 183 орноос 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшингээрээ Шри Ланка, Гайанагийн дараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
“Хавдраар өвчилсөн хүнийг гарч яваад эдгээд ир” гэж хэлдэггүй. "Хэрэв таны эргэн тойрны хэн нэгэн таныг утгагүй зүйлээр шаналж байна хэмээн үл тоож, ам мэдэн зэмлэхээсээ өмнө тэврээд “Бүх зүйл сайхан болно. Би дэргэд чинь байгаа шүү” гэж хэлээд үзээрэй. Хийхэд хэцүү биш энэ үйлдэл хэн нэгний амь насыг аварч мэдэх юм. Гутралаас гарах хүчийг зөвхөн хүн л хайрладаг гэдгийг сануулъя.