Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг статистик харуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн буюу нэгдүгээр сарын 2-ноос 8-ныг хүртэлх үзүүлэлтээр агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ зөвшөөрөгдсөн стандартаас даруй 10 дахин хэтэрсэн хэвээр байна. Тодруулбал, зурагт орчимд хүхэрлэг хийн агууламж 11,4 дахин хэтэрчээ. Хүхэрлэг хийн хэмжээ агаарт 50 микрограммаас хэтрэхгүй байх ёстой ч 7 хоногийн дундаж үзүүлэлтээр 174 микрограмм, 24 цагийн дундаж үзүүлэлтээр 572 микрограмм байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг орчимд агаарын чанарын индекс 24 цагийн турш 500 давж, маш их бохирдолтой гэсэн үзүүлэлтийг заасаар байна. Ийм агаараар удаан амьсгалснаар муухайрах, толгой өвдөх шинж тэмдэг байнга илэрч байгааг иргэд хэлж байна.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД 24 ЦАГИЙН ТУРШ ХОРТОЙ АГААР АМЬСГАЛЖ БАЙНА
Дэлхий дээр жил бүр 4,2 сая хүн гадаад орчны бохирдлын улмаас нас барж байна. 8 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлоос үүдэлтэй хэмээн тогтоожээ. Харин Улаанбаатар хотод 10 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлоос үүдэлтэй хэмээн судлаач Г.Энхжаргал нар судалгаандаа онцолсон байна. Уг нь, агаар дахь PM10 тоосонцрын хэмжээг бууруулснаар зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг 15 хувиар бууруулах боломжтой гэж үздэг байна. Гэвч манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод агаарын чанарын үзүүлэлт сайжрахгүй байна.
АГААРЫН БОХИРДОЛ ХАВДРЫН ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙГААГ ТОГТООЖЭЭ
НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувдын судалгааны тайлангаас харахад агаарын бохирдол хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж байгааг тогтоожээ. Тухайлбал, агаарын бохирдол нь хүн амын амьсгалын замын өвчлөлийн 20-30 хувьд, зүрх судасны эмгэгийн 20 хувь, нийслэлийн хүн амын нас баралтын 9.2 хувь, уушги, зүрх-уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28,8 хувь, уушгины хавдрын 39.9 хувьд нөлөөлж байгааг тогтоосон байна. Мөн агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгааг тогтоожээ. Агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ буурах тусам амьсгалын замын өвчлөл дагаж буурч, улмаар эмнэлэгт хэвтэх хувь хэмжээ саарч байгааг тогтоосон байна.
ЗАСГИЙН ГАЗАРТ ЮУ ЗӨВЛӨВ?
Агаарын бохирдлын хор хэмжээг харуулсан судалгаа олон бий. Гэхдээ нарийвчилсан судалгаа хэрэгтэй гэж судлаачид үзэж байна. Аль эх үүсвэр нь хүн амын эрүүл мэндэд яаж нөлөөлж байгааг тодорхойлох шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн, зүрх судасны өвчний нас баралт болон хүндрэлүүд, цус харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчний шалтгааныг нарийвчлан тогтоох хэрэгтэй гэж харж байна. Өөрөөр хэлбэл, "залуухан хүмүүс гэнэт л цус харвачихлаа" гэх яриа ойр тойронд их сонсогддог болсон. Идэр залуус зуурдаар нас барахад юу нөлөөлөв гэдгийг тодорхой судлах зайлшгүй шаардлага үүсээд байгааг хэлж байна.
Улаанбаатар хотод 2019 оноос сайжруулсан шахмал түлш нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулсан гэж эрх баригчид тайлбарладаг. Улмаар бохирдлыг 80 хувиар бууруулна гэж амлаад буй. Гэвч үнэн хэрэгтээ агаарын бохирдол буураагүй, ханиад томуугийн өвчлөл дээд цэгтээ хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Агаарын чанарын индекс 500 давж, аюултай түвшинд зааж байхад төр чимээгүй харсаар суух ?