“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Манай гэр” асрамжийн газрын гүйцэтгэх захирал, гавьяат багш Н.Гаамааг урьж, ярилцлаа. Тэр цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Хүүхдүүдтэй ажиллаад 30 гаруй жил, “Манай гэр” асрамжийн төвд 23 дахь жилдээ ажиллаж байна. Н.Гаамаа одоо өөрийн төрүүлсэн дөрөв, хувь тавилангаар өөрт нь ирсэн 26, нийт 30 хүүхэдтэй.
Хүний, өөрийн гэж ялгалгүй, нэг сэтгэлээр хайрлаж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн 300 гаруй хүүхэдтэй буянт ээж юм. “Асрамжийн газраа анх нээгээд, үйл ажиллагаагаа эхлүүлж байхад санхүүжилтээс эхлээд хүнд үеүд багагүй байсан ч би хүүхдүүдээ өлсгөөгүй, янз бүр болгоогүй. Энэ хугацаанд миний хүүхдүүдээс муу, тааруухан явсан хүүхэд байхгүй” гэж ярих нь түүнийг ямар сайн ээж болохыг илтгэнэ.
Намжилийн Гаамаа 2020 онд Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр энгэрээ мялаалгасан. Тэрээр “Миний амьдралын хамгийн сайхан мөч бол хүүхэд өвдөхгүй байх тэр мөч. Төр засаг маань миний ажлыг үнэлж, надад ийм сайхан өндөр гавьяа шагнал өглөө. Тэр үед “Энэ хүүхдүүдгүй бол би энэ оргилд хүрэхгүй дээ” гэх бодол надад төрсөн. Би маш их баярласан" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
“Манай гэр” асрамжийн газар 1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, өрх толгойлсон аав, ээж, хүүхдэд үйлчилж эхэлжээ. 2003 оноос эхлэн хүүхдүүдээ хүлээн авч, амар амгалан, тайван орчинд сурч боловсрох эрхээр нь хангаж, эрүүл мэндэд нь анхаарч, амьдрах ухаанд сургах зорилго тавин өнөөдрийг хүртэл зорилгоосоо ухралгүй тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Түүнийг зарим хүүхдүүд нь “Ээж ээ” гэж дуудна. Зарим хүүхдүүд нь “Амаа” гэж дууддаг гэнэ. Асрамжийн газарт нь хамгийн багадаа 17 хоногтой нярай ирж байсан. Түүнээс гадна гурван сар, нэг ой долоон сартай, 90 хоногтой нярай хүүхдүүд олон ирж байсан тухай бидэнд ярьсан юм.
ГЭДСЭНД БАЙХ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮҮХДИЙН ХАРИЛЦААНД ЧУХАЛ НӨЛӨӨЛДӨГ
Тэрээр “Хүүхдээ гудамжинд хаясан эрэгтэй хүн, аав хүн байдаггүй. Эргэн судалгаа хийгээд, тэр гудамжинд энэ хүүхдээ орхисон гээд хайж, олоход эмэгтэйчүүд л хүүхдүүдээ хаясан байдаг. Хүүхдүүдийг хараад байхад адилхан хүүхэлдэй аваад өгөхөд, нэг нь хүүхэлдэйгээ зодоод, юмны араар хийгээд байдаг. Нөгөө нь хүүхэлдэйгээ үнсээд л, боогоод л, хүнээс харамлаад байдаг. Энэ нь хүүхдийн гэдсэнд байх үеийн мэдээлэл. Тэр хүүхдийг ээж нь олсон цагаасаа эхлээд л дургүй байсан. Нөгөө хүүхэд бол аргагүйн эрхэнд өнчирч, хагацаж ирсэн нь эрс мэдэгддэг. Хаягдсан хүүхэд, төрөөд өнчирсөн хүүхэд хоёр шал өөр байдаг” гэж ирсэн хүүхдүүдээ хэрхэн анзаарч, тэдэнтэй хэрхэн харьцах, юунд анхаарахаа анзаардаг тухайгаа бидэнд хуваалцлаа.
Н.Гаамаа хүүхдүүдтэйгээ байх хамгийн гоё зүйл нь ерөөсөө л хүүхдүүдийн царай зүс, инээд баяр гэж баяртайгаар хэлж байлаа. Тэр хүүхдүүдээ хараад л, юу хүсэж байна, өвдөх гээд байна уу, яагаад баярласан байна, яагаад гомдсон байна, юм хэлэх гээд байна, хэрэг хийсэн байна гээд л бүгдийг нь мэддэг гэнэ. Хүүхэд л юм чинь алдаж, асгах, аяга шаазан хагалж, хэмхлэх, сургууль дээрээ үзэг, харандаа, малгай, бээлийгээ алга болгох гээд зөндөө л зүйл тохиолддог аж. Тэр бүрийг харцнаас нь мэдэрч, асуудлуудыг нь шийдвэрлэж өгдөг, яг л “Шидэт дагина” гэмээр хүн.
ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОХЫН ТУЛД ҮЙЛДЛИЙГ НЬ САЙН АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ
Олон жил хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа түүнээс суралцах зүйл их. Тэрээр, “Амьдралын ухаанд сургана гэдгийг хүмүүс их том зүйл гэж боддог. Гэтэл амьдралын ухаан ерөөсөө л гурав, дөрвөн настай хүүхдээс эхэлнэ. Нэгдүгээрт, хувцсаа эвхээд тавьдаг, гараа зөв угаадаг, өөртөө үйлчилдэг. Хоёрдугаарт, бусадтай харьцаж чаддаг. Болох, болохгүй, хүсэж байгаа зүйлсээ аав, ээж, ах, эгч, найзууддаа хэлдэг. Гуравдугаарт, хүүхэд өөрөө өөрийгөө л авч, өндийж явж чадах ёстой. Бүх зүйлдээ эзэн байх ёстой. Энэ бол амьдралын эхлэл.
Хүүхдийг учиргүй хайртай гээд үнсээд, тэврээд байхаасаа илүү хүүхэдтэйгээ ойлголцох ёстой. Хүүхэдтэйгээ ойлголцохын тулд ярилцах, хөдөлгөөнийг нь ажиглах хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил тоглоомоос, тоглож байгаа байдал, хэр сууж байгаагаас эхэлдэг. Гурав, дөрвөн насанд нь аятайхан суулгаад сургачихвал, тэвчээртэй болно.
Мөн хүүхдээ юунд дуртай байгааг нь ажиглаж байх ёстой. Охин хүүхэд ямар тоглоомоор илүү тоглох гээд байна. Магадгүй машинаар тоглодог эмэгтэй хүүхэд байна. Түүнийг эрэгтэй хүүхэд шиг гэж болохгүй. Тоглоом, харилцаа, хүсэл. Та хүүхдээ сайн ажиглах тусам хүүхэдтэйгээ илүү сайн ойлголцоно. Ирээдүйд мэргэжлээ сонгох, ажлаа сонгох, ханиа сонгох зэрэг амьдралын чухал үедэд хүүхдүүдээ мэддэг, ойлгодог, сонголтод нь тус, дэм болно” гэж залуучууд, эцэг эхчүүдэд зөвлөлөө.
Тэрээр өөрийн төрсөн дөрвөн хүүхэд, гэр бүлдээ “Арай бага цаг гаргачихав уу даа” гэсэн харамсал төрж байсан үеүд цөөнгүй байсан тухай ч бидэнд ярьсан юм. “ Хүүхдээ оюутан байхад өглөө бүр цайг нь чанаж өгч чадахгүй. Би энэ хүүхдүүд рүүгээ явна. Тэр үед дандаа өвчтэй, хэвтрийн хүүхдүүдтэй байсан. Тэглээ гээд миний амьдралд их хэцүү зүйл болоогүй.
Гол нь манай хүүхдүүд том болчихсон. Тухайн үед оюутан хүүхэд байсан. Би энэ хүүхдүүдийн төлөө яваад байхаар “Ээж ээ, та гэртээ ирэхгүй байна. Хөргөгчид мах бараг байхгүй байна. Бага хүү нь таныг санаад байна” зэргээр гомдоллодог л байсан.
Миний хүүхдүүд багаасаа аав, ээж, эмээ, өвөөтэйгөө элэг бүтэн амьдарсан. Тиймээс би өөрийнхөө хүүхдүүдэд их санаа тавьдаггүй. Зарим хүмүүс “Өөрийнхөө хүүхдэд санаа тавихгүй хүн хүний хүүхэд яаж харах вэ” гэдэг. Үгүй. Тэр тусмаа хүний хүүхдэд санаа тавих ёстой. Би үүнд эсрэг байр суурьтай байдаг” гэв.
ЭЛЭГ БҮТЭН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ НЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ
Гэр бүл төлөвлөлтийн тухай мэдлэггүйгээс шалтгаалан олон залуус амьдралдаа алдаж, олон бяцхан зүрх өнчирч байна. Н.Гаамаа түүнд хатуу байр суурьтай бөгөөд гэр бүл төлөвлөлтийг хамгийн чухал гэж үздэг тухайгаа хуваалцлаа. Тэрээр “Гэр бүл төлөвлөлтийг манай залуучууд маш эртнээс төлөвлөх ёстой. Хамгийн чухал хэрэгтэй зүйл. Ямар ч гэр бүлийн мэдлэггүй. Гэр бүлийн хүндлэлгүй. Зөвхөн нэг хүний хөөрхөн нүдэнд, нэг залуугийн сайхан биед татагдаж, хоногийн жаргал эдэлснээр хүүхэдтэй болчихдог. Түр зуурын харилцаа нь цаашаа үргэлжилж, амьдрахгүй. Иймээс гэр бүлээ маш сайн төлөвлөж, заяаны хань минь байгаасай гэж залбирч гэр бүл болох ёстой гэж би боддог.
Энэ насны амьдралын сүүлийн амьсгал хураах мөчид дараагийн үйлийг хэн эдлэх вэ гэж хүн бодож амьдрах ёстой. Би ч ингэж боддог. Би өнөөдөр ингээд сайхан амьдарч байна. Хүүхдүүд өсгөөд, хүн бүр намайг магтаад. Хүнд магтуулахдаа гол нь биш. Миний магтаал бол миний хүүхдүүд. Гэтэл би энэ хүүхдүүдэд буруу болчих вий, эцэст нь миний үйлийн үрийг миний хүүхдүүд эдэлнэ шүү гэж бодож зөв амьдрахыг хичээдэг” гэж гэр бүл төлөвлөлтийн талаар хэлсэн юм
.
Н.Гаамаа “Нэгэнт л энэ олон хүүхдийг гар дээрээ өсгөсөн учраас надаас төрснөөс ялгаагүй. Тиймээс миний хүүхдүүд амьдралаа аваад явдаг, хүнлэг, янз бүрийн муу зүйлд татагдахгүй, өөрийнхөөрөө байдаг, маш хөдөлмөрч, ажилсаг, орон гэрээ авч явдаг хүн болж гарна гэж боддог, итгэдэг” гэж өөрийн өсгөсөн хүүхдүүдээр бахархаж явдгаа хэллээ.
Видеог дээрээс үзнэ үү.