Хараат бус залуучуудын сайн дурын “Гэрэлтүүл нэгдэл, хөдөлгөөн’’ нь Үндсэн хуульд заасан “тайван жагсаал, цуглаан хийх” эрхийг бататгахаар өчигдөр 13:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа.
Тайван жагсаалын үеэр Contemporary artist Цацрал эсэргүүцлээ биеэр үйлдэх урлагийн хэлбэрээр илэрхийлсэн юм. Түүнээс бид үзүүлбэрийн агуулга, хэлбэр, олон нийтэд хүргэх санаа нь юу болох талаар тодрууллаа.
Тэрбээр, Хамгийн чанга хашхираан хамгийн их харуусал бол чимээгүй байх явдал. Бүтээлийнхээ нэрийг дэлхийн алдарт зураач Edward Munch-ийн “The Scream” зурагнаас санаа авч сэдэвлэсэн. Үйлдлийн урлаг маань хоёр хэсгээс бүрдсэн.
Sound art буюу дуу авианы урлагаар нийгмийн хахир хүйтэн байдлыг, хүмүүсийн амин хувиа хичээсэн төрхийг, мөстсөн сэтгэлийг нь илэрхийлсэн. Ингэхдээ чихэнд чийртэй, бие арзайлгам, хяхтнасан хөгжим тавьж буй юм.
Мөн нэг хүний дөрвөн мөчнөөс хүмүүс олсоор татах хэсэг бий. Татаж буй хүмүүс нь амаа хар даавуугаар тагласан. Үүгээр бид шударга бус зүйлийг тэвчин, чимээгүй байх нь хэн нэгнийг үхэлд хүргэх шалтгаан болдгийг харуулахыг хичээсэн.
Бид даарч байна. Гаднах хүйтэнд биш. Бусдыг гэх сэтгэлгүй хүмүүсийн дотоод хүйтэн байдалд даарч байна.
Эмнэлэгт долоохон настай охин үхлийн эрмэг дээр байгаа тухай нэгэн ээж хэлж, биднээс тусламж хүссэн юм л даа. Бид дуугарахгүй бол тэр охин шиг бяцхан үрс энэ улсад амьдралын золиос болсоор байх юм шиг санагдсан. Энэ эмзэглэлээ л урлаг болгон илэрхийлсэн гэсэн үг.
Бид өөрсдөө шударга бусад дарлуулж, амаа хамхиулснаас үүдэн нэгнийгээ үхэл рүү түлхэж байгаа нийгмийн цэвдэг дүр зураг, хүмүүсийн хүйтэн сэтгэлтэй байгааг харуулахыг зорьсон.
Дараагийн хэсэгт гол дүр маань унаж, босож, тэмцэж, хичээсэн ч шударга бусад дийлдэж, хорлогдож, яах ч аргагүй байдалд орон цөхрөнгөө барж байгааг харуулна.
Эцэст нь бүгд чимээгүй 20 минут зогссон. Хүмүүс хүрээлсэн тойргийн голд байгаа тэр цөхөрсөн хүнийг харсаар байж, бид бас л амаа үдүүлэн дуугүй зогссон. Энэ бол одоо байгаа нийгмийн л дүр зураг.
Уур минь хүрч байна гэсэн тэр бичиг шийдэл байхгүйд цөхөрсөн байдлыг илтгэж байгаа юм. Бид нэгнээ шантарч, цөхөрч байхад эцсээ хүртэл үл тоодог шүү дээ. Энэ үйлдлийн урлагаар шударга нийгмийн төлөө дуу гаргадаг, тэмцдэг байсан бол өнөөдрийн энэ байдал биднийг угтахгүй байсан гэдгийг л хэлэхийг зорьсон. Үнэн бодит байдлыг бүгдэд мэдрүүлэхийг хүссэн” гэлээ.