Тамирчны амжилтыг дасгалжуулагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг олимп, дэлхийн дэвжээнд цуурайтуулж яваа тамирчдыг бэлтгэн, амжилтад хүргэж буй олон шилдэг дасгалжуулагч Монголд бий. Тэдний нэг нь яах аргагүй Гавьяат дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэв. Уналт, өнхрөлтөөс авахуулаад бүхий л техник, дасгал, мэхийг эхнээс нь заан, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гарын шавь нараа дасгалжуулан, жүдо, самбо, үндэсний бөх, кураш, сүмо, жиү жицү зэрэг бөхийн олон төрлөөр шилдэг тамирчид бэлтгэн, тив, дэлхийн аварга болгож яваа нь түүний дасгалжуулалтын гол онцлог.
Дасгалжуулагчийн ур чадварыг шавь нарынх амжилтаар үнэлдэг бичигдээгүй хууль спортод бий. Үүгээр дүгнэвэл Ц.Шийрэвийн шавь нараас долоон гавьяат цолтон төрж, олимп, тив, дэлхийн аваргаас 300-гаад медаль хүртсэн. Зөвхөн ДАШТ-ээс л гэхэд 50 алтан медаль хүртээд буй нь хэр чадвартай, чансаатай дасгалжуулагчийнх нь илрэл. Шавь нар нь дэлхийн дэвжээнээс тав бус 50 алтан медаль хүртэнэ гэдэг хүссэн бүхний гаргаж чадах амжилт мөн үү гэвэл биш.
Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг, Д.Нармандах, Н.Төгсцогт, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, улсын заан Д.Анар, Б.Серик, улсын начин А.Давааням, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, Цагаан сарын барилдаанд аймгийн заан цолтойдоо түрүүлсэн анхны бөх Э.Мөнхжаргал, сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга У.Бямбажав, Г.Наранбат, О.Мөнхцэцэг, мэргэжлийн сүмод тод өнгө болсоор яваа Ичиножёо А.Ичинноров, Бүх Японы аварга Б.Төрболд тэргүүтэй олон, олон шилдэг түүний шавь. Зөвхөн жүдогоор бус спортын олон төрлөөр шавь нараа амжилтад хүргэж яваа нь түүний бас нэгэн онцлог. Риогийн олимпод л гэхэд Ц.Шийрэвийн дөрвөн шавь (Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн) зодоглосон нь ховор тохиолдол.
Цагтаа улсын цолтны таамагт цөөнгүй удаа багтаж явсан тэрбээр аймгийн арслан цолтой. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, дасгалжуулагчаар 30 жил ажиллаж буй Ц.Шийрэвийг “Ялагч” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа.
-Таны хувьд 2022 он амжилт, бүтээлийн арвин жил байлаа. Шавь нараас нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод ёкозүна боллоо, долоо дахь түрүүгээ хүртлээ. Ц.Цогтбаатар жүдогийн дэлхийн аваргад түрүүлж, Б.Серик улсын заан болсон. Үүний сацуу олон, олон шавь нь өндөр амжилт гаргалаа. Ер нь 2022 оны амжилт, алдаа, оноогоо хэрхэн дүгнэж байна вэ?
-2022 оны миний болон манай шавь нарын маань хувьд амжилт дүүрэн жил байлаа. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн хүрэл медаль авсан. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн наадамд Б.Серик улсын заан, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс хоёр маань улсын начин цол хүртлээ. Мөн чансаагаараа улсын наадмын дараа ордог Цагаан сарын барилдаанд Э.Мөнхжаргал түрүүлсэн. Японы мэргэжлийн сүмод барилдаж байгаа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоо дахь түрүүгээ авч, ёкозүна цол хүртлээ. Шавь нар минь ийм сайхан бахдам амжилт гаргасан жил байлаа.
-Та спортын гараагаа хүндийг өргөлтийн спортоос эхлүүлсэн. Багаасаа үндэсний бөхөд хорхойссон тул барилдах сонирхол илүү байв уу?
-Тэгсэн. Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Нүүдлийн замд ээж минь гэнэт өвдөн, аав намайг эх барьж авсан юм гэнэ лээ. Манай сум сарлаг ихтай, манайх сувай үхэр хариулдаг байлаа. Хөдөөний хүүхдэд ажил мундахгүй. Үүний сацуу багаасаа тугал, бяруутай ноцолдож өссөн нь миний бие задарч, өсгөлүүн торниход бүр цаашлаад бөх болоход нөлөөлсөн гэж боддог. Долоон настайдаа сургуульд орж, дотуур байранд амьдарсан. Яруу найрагч Ч.Мягмарсүрэн гуайн хэлсэнчлэн
“Байрны хүүхэд барилдаанч
Бас дээр нь уралдаанч
Өвдөг тохой нь шалбархай
Өмссөн хувцас нь ханзархай” гэгчээр манай байрныхан их барилддаг байлаа. Ер нь би багаасаа л алдарт цуут аваргууд шиг бөх болох сон гэж мөрөөдөн, бөхийн спортод хорхойссон.
Сургуулийнхаа номын санд “Үнэн” сонинг унших дуртай байсан. Тэр үеийн “Үнэн” сонинд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат зэрэг алдар цуут аваргуудын тухай сайхан нийтлэлийг түлхүү бичнэ. Тийм улсад болсон тэмцээнд тэр, тэрийг ялан түрүүллээ гээд бичсэн байхыг нь уншихаар өөрийн эрхгүй л тэдэн шиг тамирчин болох юм сан гэж бодогддог юм билээ. Тэгж бөхийн цангаа, хорхойгоо дардаг байлаа.
Цэргээс халагдаж ирснийхээ дараа Спортын төв ордонд болсон нэгэн барилдаанд домог мэт яригддаг Х.Баянмөнх аваргад амлуулж барилдаад унасан маань санаанаас ер гардаггүй юм. Барилдааны дараа “Ийм мундаг бөхтэй би өрсөлдлөө гэж үү” гэж бодон, өөртөө итгэж ядсан (инээв).
Би 1982-1984 оны хооронд Хөхөө багшийн удирдлагад хүндийг өргөлтөөр хичээллэсэн. Гэхдээ хүндийг өргөлтийн спорт үндэсний бөх шиг миний сонирхлыг татаагүй. Барилдах л миний чин хүсэл, сонирхол байлаа.
“Найрамдал”-ын районы Ш.Нямхүү багшаар заавар, зөвлөгөө намайг үндэсний бөхийн спорттой амьдралаа холбоход их нөлөөлсөн. Үндэсний бөхөөр тууштай хичээллэхэд чухал нөлөө үзүүлсэн, үлгэрлэсэн хүмүүсийн нэг нь алдарт Ш.Мөнгөн арслан.
Цэргээс халагдаад хоёр жилийн дараа сумандаа түрүүлж, сумын заан болсон. Дараа нь аймгийн начин, 1989 онд заан цол хүртлээ. Тэгээд нэлээд хэдэн жил улсын наадамд барилдсан. Би бүр хожим буюу 1997 онд аймгийн арслан болсон. Улсын наадамд хоёр, гурав олон удаа давсаан.
-Таны дасгалжуулагчийн замнал “Найрамдал” районтой салшгүй холбоотой. Анхнаасаа бөхийн олон төрлөөр шавь бэлдсэн үү?
-Тэмцээнд тамирчнаа дасгалжуулан, хөлсийг нь арчуураар сэвээд зогсож байгаа дасгалжуулагч надад их сайхан харагддаг байсан. Тамирчин байх үеэсээ л дасгалжуулагч болж, унаган шавь нараа бэлтгэх юм сан гэж мөрөөдөж, зорьсон. Мөрөөдөл маань биелсэн нь тухайн үеийн Баянзүрх дүүргийн “Найрамдал”-ын районтой салшгүй холбоотой.
“Найрамдал”-ын районы дарга Ночинчулуун “Чи спортын суурь сайтай. Дасгалжуулагчаар ажиллавал ямар вэ” гэсэн санал надад санал тавьж билээ. Би зөвшөөрч, ажлын гараагаа тэндээс эхлүүлж байлаа.
Анхандаа мэдэхгүй, чадахгүй зүйл их гарсаан. Тэр үед чөлөөтийн Ц.Нацагдорж гавьяат, Ш.Чанрав багш нар заавар, зөвлөгөө өгсөн нь их дэм болсон, нүдийг минь нээсэн. Анх жүдо, чөлөөт бөх , самбо гээд бөхийн нэлээд хэдэн төрөлд 40-өөд тамирчин бэлтгэж байлаа. Сар гаруйн дараа болсон самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-д таван шавьтайгаа оролцон, нэг ялсандаа их урамшсан. Тэрнээс хойш бэлтгэлээ амьхандаа сайн хийсэн ч амжилтад хүрч чадахгүй л байлаа.
Гурав дахь жилээс тамирчид маань торойж, багаараа эхний гурван байрт шалгарч эхэлсэн. Шавь нараас хамгийн анхны медалийг чөлөөт бөхийн төрлөөр хүртсэн шүү дээ.
Дасгалжуулагч хүн хүүхдийг зөв хүмүүжүүлж, сайн хүн болгохын тулд өөрийгөө маш хөгжүүлж, бэлдэх ёстой. Намайг анх дасгалжуулагч болж байхад жүдогийн нэг ном байлаа. Монголд гурав, дөрөвхөн хүн тийм номтой байв. Би Ц.Дамдин багшаас номын нь гуйж авлаа. Япон хэл мэдэхгүй ч зургийг нь харж байгаад ёслолгоо, эхний барьцыг яаж авах, таталт, мэхнүүдийн талаар сурсан. Тэр бүгдийг зуран, хортой цаас тавьж байгаад хуулж аваад хоёр шөнө нойргүй хоносон. Ц.Дамдин багшид буцаагаад аваачиж өгөхөд “Хичээл, зүтгэлтэй мундаг байна. Олимд, дэлхийн олон аварга шавьтай болоорой. Ийм дасгалжуулагчаас сайн шавь төрөлгүй яах вэ” гэхэд нь их урам авсан. Ц.Дамдин багшдаа их баярлаж явдаг.
Ер нь шавь нар үе, үеэрээ төрдөг. Миний шавь нар дөрвөн үе болчихоод байгаа. Одоо дараагийн үе нь бойжиж байна.
-Спортын ийм олон төрөлд шавь бэлдэхэд юу хамгийн чухал вэ. Суурийг нь хэрхэн тавихаас их шалтгаалдаг болов уу. Таны дасгалжуулалтын гол онцлог, арга барил юу вэ?
-Шавийнхаа багш, аав, ээж, найз шиг нь байх хэрэгтэй. Тэг, ингэ гэж зөвлөчихөөд л яваад байвал шавьтайгаа ойр, дотно болж чадахгүй. Би шавиа сонгохдоо удмыг нь ер чухалчилдаггүй. Ер нь бөхийн спортод дуртай, мэрийлттэй хүүхэдтэй ажиллах арай амар. “Тэгээч, ингээч” гээд хүчлэх шаардлагагүй. Хүн дуртай зүйлээ сэтгэл хангалуун, чин сэтгэлээсээ хийдэг шүү.
Янз бүрийн зан ааштай, хүмүүжилтэй хүүхдийг дасгалжуулна. Тамирчны анхны суурийг нь маш зөв тавих хэрэгтэй. Хүүхдийг эхлээд нэгдүгээр ангид суулган аравдугаар анги төгсүүлдэг шиг маш зөв системтэй бэлдэх нь их чухал. Багаас нь унаган мэх, дархан барьцыг нь зөв олж, эзэмшүүлбэл тун зүгээр. Би аливаа зүйлд эмх цэгцтэй, зарчимч хандахыг хичээдэг. Шавь нараа ч тийм байгаасай гэж хүсдэг. Би дасгалжуулагч болсноосоо хойш нэг ч удаа бэлтгэл таслаж байгаагүй. Миний шавь нар дунд тамхи татдаг, бор дарс хэрэглэдэг муу зуршилтай хүн байхгүй. Заавал амжилтад хүрэхэд нь бус зөв, ухаалаг хүн болж төлөвшин, сайн сайхан амьдарч явааг нь хараад их бахархдаг.
Миний шавь нар 1997 оноос эрэгтэй, эмэгтэй багаараа өсвөр үе, залуучуудын УАШТ-д багаараа эхний гуравт шалгарсаар ирсэн. Олон сайхан хүүхдийн авьяас, чадварыг нээж гаргаснаараа онцлог юм уу даа.
Даагыг шүдлэнтэй, хязаалантай, соёолонтой уралдуулаад байвал “зүрх нь үхчихнэ”, сайн морь болж чадахгүй. Яг үүнтэй адил хүүхдэд насанд нь тохирсон бэлтгэл, дасгалыг хийлгэх чухал. Сайн тамирчин бэлдэхэд зөвхөн мэх, барьц заах бус зөв хүн болж төлөвшүүлэх, өөрийг нь бэлдэх хэрэгтэй. Хүмүүжилтэй, өөртөө итгэлтэй, зоригтой болгож төлөвшүүлэх чухал.
Миний шавь нар ер нь өөртөө итгэлтэй, зоригтой. Би тэмцээний сугалаанд ач холбогдол огт өгдөггүй. Аваргыг ялж байж л аварга болно. Би “Яана аа, тэр алдарт бөхтэй таарчихаж. Яах бол” гэвэл шавьд маань ямар санагдах, өөртөө итгэх итгэлээ алдах нь тодорхой. Би итгэл дүүрэн харж байгаад “Миний шавь чадна аа. Алдар нэр, цолтой нь бус биетэй нь барилдана” гээд хэлэх шал ондоо шүү дээ. Дэвжээн дээр гарсныхаа дараа ч итгэлтэй, ханхгар суух шавийн сэтгэл зүйд их нөлөөлдөг.
Ер нь багш хүн өөрөө шавьдаа үргэлж зөв үлгэр дууриалал болж байх хэрэгтэй. Би түрүүн бэлтгэлээ нэг ч удаа таслаж байгаагүй гэсэн. Үүнээс гадна улсын аваргад 30-аад жил оролцон, шавь нараа оролцуулахдаа нэг ч удаа согтуу, халамцуу байж үзээгүй. Спортоо, дэвжээгээ, шавь нараа, тэмцээнд оролцож байгаа тамирчид, дасгалжуулагч нар, үзэгчдээ хүндлэх ёстой.
-Бидний ард шавь нар бэлтгэл хийж байна. Өнөөдрийн бэлтгэлд хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?
-Өсвөрийн шавь нар маань өглөө, өдрийн хоёр ээлжтэй. Өнөөдөр 8-16 насны 60 гаруй хүүхэд бэлтгэл хийж байна.
-Ер нь тэмцээнд оролцох хэмжээнд хэдий хугацааны дараа хүрдэг вэ?
-Одоо хүүхдүүд нас, насандаа барилддаг болсон учраас нэг жилийн дараа тэмцээнд оролцож болно. Би гэхдээ шавь нараа тэмцээнд оролцуулах гэж аль болох яардаггүй. 2-3 жил хичээллүүлж байгаад оролцуулбал зүгээр санагддаг.
-Шавь нараас нь олимп, дэлхийн хэдэн медальтан, хэчнээн гавьяат төрөөд байгаа вэ?
-Яг миний гарын шавь нараас долоон гавьяат төрсөн байна. Гавьяат цол авах хэмжээний, болзлоо хангасан 10-аад шавь бий.
Үндэсний бөхөөс гэхэд улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй улсын цолтнууд байна. Улсын харцага, начин цолтнууд олон байна аа, олон байна. Би улсын наадмын хүүхдийн барилдааны найман түрүү авсан. Б.Лхагвадорж маань л гэхэд гурван түрүүтэй.
Их спортын шавь наар маань олимп, дэлхий, тивийн аваргын 300-гаад медальтай. Үүний яг 50 нь ДАШТ-ий алтан медаль.
-Тэгэхээр шавь нар ДАШТ-д төрийн дууллаа 50 удаа эгшиглүүлээд байгаа юм байна, тийм үү?
-Тийм ээ. Одоогоор 300-гаад шавь бэлдээд байгаа байх. “Яг тэд боллоо” гээд нарийн тоолдоггүй. Спортоор амжилт гаргаагүй ч зөв хүн болж төлөвшин, улс орондоо бүтээн байгуулалт хийгээд, сайн яваа олон шавь бий.
Миний удирдлагад анх бэлтгэл хийн, дараа нь өөр спортоор амжилт гаргасан цөөнгүй шавь бий. Жишээлбэл, боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Нармандах. Гавьяат тамирчин Н.Төгсцогт есөн настайдаа анх миний шавь болж байлаа. Миний удирдлагад таван жил бэлтгэл хийгээд, дараа нь бокс руу орсон юм.
Ер нь 100 гаруй шавь минь олон улсын тэмцээний медальтай. Тэднээс 30-40 нь олимп, тив, дэлхийн медальтай. Бүх шавиараа бахархдаг.
-Шавь нар нь ийм амжилт гаргасан танаас өөр дасгалжуулагч Монголд бий юү?
-Яг өөрийнхөө унаган шавиар ийм амжилт гаргасан дасгалжуулагч бараг байхгүй байх.
-УАШТ-д багаараа нийт хэдэн удаа түрүүлсэн билээ?
Жүдогоор л гэхэд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д 20-иод түрүүлсэн. Нэрэмжит тэмцээнтэй нийлээд үндэсний бөх, самбо, кураш гэх юм бол УАШТ-ий багийн 7-аад түрүү бий. Багаараа УАШТ-д 200 гаруй удаа эхний гуравт шалгарсан.
-Та шавь нарынхаа амжилтыг нэг бүрчлэн тэмдэглэдэг юм билээ. Одоо ч хэвээрээ юү?
-Хэвээрээ. Аль спортын төрөлд, хэдэн кг-д хэн ямар амжилт гаргасныг нэг бүрчлэн тэмдэглэдэг. Худлаа хэлэхийн аргагүй шүү дээ, энэ чинь.
Шавь болоод, бэлтгэл сургуулилалт хийж буй хүүхдийн анхны суурийг яаж тавьдаг вэ. Тухайн хүүхэд аль спортоор илүү амжилт гаргахыг нь та яаж хардаг вэ?
-Хүмүүс бөхийн ерөнхний шинж гэж ярьдаг шүү дээ. Бөхийн тийм ерөнхий шинжийг нь харна. Хэчнээн жижигхэн биетэй ч амжилт гаргана гэсэн сэтгэл, бүхнээ зориулж байгаа хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл чухал. Манай Цогоо (Ц.Цогтбаатар) гэхэд 20 гаруйхан кг жинтэй хүүхэд ирж байлаа. Сурлагатай сайтай, юмыг ойлгодог, мэдрэмжтэй хүүхэд сайн барилддаг.
-“Шавь минь олимп, дэлхийгээс медаль хүртэх хэмжээнд хүрчихлээ” гээд дээлийнх нь захыг мушгиж суусан шавь нь зорьсон амжилтдаа хүрч чадалгүй тамирчны карьераа дуусгахад харамсдаг байх. Тийм үед ямар мэдрэмж төрдөг вэ?
– Эцэг хүн хүүхэддээ яаж санаа зовж, амжилтад хүргэх сэн, сайхан амьдруулах сан гэж хүсдэг, хичээдэг билээ. Яг түүн шиг би шавь нарынхаа төлөө зүтгэдэг, мэрийдэг. Хэчнээн хичээж, зүтгэсэн ч зардал мөнгө олдохгүй, өөрөөс үл шалтгаалах хүчин зүйлсийн улмаас амжилт гаргаж чадаагүй шавь нарынхаа өмнөөс харамсдаг. Ёстой хэцүү шүү дээ.
2016 оны олимпод миний шавь Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг, л.Отгонбаатар, Б.Тэмүүлэн нар оролцсон. Олимпоос медаль авах бүрэн боломж Цогоо, Төмөрхүлэг, Отгонбаатар гуравт байсан. Үүнд их харамсдаг. Ивээн тэтгэгч олдохгүй, санхүүгийн бэрхшээлийн улмаас цөөнгүй шавь минь зорьсон амжилтдаа хүрч чадаагүй. Хамгийн харамсалтай зүйл энэ.
Эсрэгээрээ шавь минь медаль аваад, Төрийн дууллаа эгшиглүүлж буй мөч багш хүнд хамгийн сайхан. Багш хүний хамгийн сайхан баяр, бахдал яах аргагүй мөн.
-Тамирчин, дасгалжуулагч хоёрын амжилтад бэлтгэл сургуулилалтаас гадна олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэр бүхэн дээр дасгалжуулагч хүн санаа зовж, зардлыг нь, ивээн тэтгэгч олоод өгчих юм сан гээд хөөцөлддөг. Та энэ олон шавийнхаа зөвхөн бэлтгэл сургуулилалт, ар амьдрал, бусад асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Хамгийн гол нь тууштай, зөв дэмжих чухал. “Мөнгө байхгүй ээ. Бэлтгэлээ л сайн хий” гэдэг аав, ээжтэй хүүхэд зөндөө. Тамирчид анх гарч ирэхэд ивээн тэтгэгч, дэмждэг байгууллага олоход их хүндрэлтэй байдаг. Амжилт гаргаад, олонд танигдсаны дараа бол өөр л дөө. “Манай нутгийнх, миний шавь” гээд л хүмүүс гараад ирдэг. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шавь маань мэргэжлийн сүмод барилдахаар Монголоос анх явахад ивээн тэтгэх хүн олдохгүй байсан. Амжилт гаргаад эхэлснийх нь манай нутгийнх, миний дүү гэнэт гараад ирдэг хүмүүс зөндөө. Ер нь ийм тохиолдол олон гардаг.
Зарим шавийг амжилт гаргаад эхэлснийх нь дараа “Тэр спорт хороо руу оруулъя. Энэ хүний шавь болговол мөнгөтэй, ивээн тэтгэгч сайтай” гэх нь бий. Би “Шавь минь л амжилт гаргаж байвал” гээд явуулдаг. Өөр газар очлоо гэхэд тэр багш над шиг зааж, ойлгон, мэдрэх үү гэдэг чухал.
-Ихэнх үед шигшээ багийн дасгалжуулагч юм уу тухайн тэмцээнд дасгалжуулсан дасгалжуулагчийг л үнэлээд, анхны суурийг нь тавьсан, одоо ч шавийнхаа төлөө яваа анхны багшийн үнэлэмж орхигдоод байх шиг анзаарагддаг. Анхны багшийн үнэлэмж Монголд хэр байна вэ?
-Ер нь анхны багшийн үнэлэмж Монголд байхгүй, тааруу шүү дээ. Шавь нь олимп, дэлхийгээс медаль авбал анхны багшид хувь өгдөг байсан, өмнө нь. Одоо тэгэхээ больчихсон. Шигшээгийн багш нар л авдаг, анхны багшид юу ч өгдөггүй. Үүнийг холбоо зохицуулж өгөх ёстой. Шавь нар маань амжилт гаргахаараа надад боломжоороо өгдөг, өгдөг.
-Хуулиар юм уу журмаар тодорхой болгоод, зохицуулчихвал хаана, хаанаа амар л даа.
-Тийм ээ. Шавиа улсынхаа шилдэг болох, шигшээ багт орох хэмжээнд бэлдэх чинь олон жилийн хөдөлмөр, зүтгэл шүү дээ, уг нь.
-Шигшээ багийн дасгалжуулагч болох бодол танд бий юү?
-Байхгүй ээ.
-Шавь нарынх нь амжилтаас харсан ч, олон жилийн хөдөлмөр, туршлагыг нь бодолцсон ч таныг Ардын багш болох хэмжээний хөдөлмөр, гавьяатай хүн гэж хүмүүс үнэлдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Шавь нарын минь гаргасан амжилт, миний хөдөлмөрлөсөн жил, амжилт, туршлага тэр хэмжээнд хүрсээн, хүрсэн. Ард түмэн минь намайг байнга дэмждэг. Гавьяат аваагүй байхад “Гавьяат цол авах цаг нь болсон” гээд олон хүн дэмждэг байлаа. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хэмээх сайхан цол хүртлээ. Цэргийн сайхан цол авлаа. Шавь нарын минь буян л даа. Амжилтын минь том үнэлгээ.
Ард түмэндээ үнэлэгдэх хамгийн сайхан. Ард түмэн минь намайг Ардын багшийн хэмжээнд үнэлж, хүндэлж байгаад нь их баярладаг.
-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцож, ярилцлага өгсөнд тань баярлалаа. Шавь нараас нь дахиад олон, олон олимп, дэлхийн аварга төрөх болтугай гэж ерөөе.
-За, баярлалаа. Ерөөл бат оршиг, олон олимп, дэлхийн аварга төрүүлэхийн төлөө хичээнэ ээ.