Хүн бүр дэлхийгээр аялах мөрөөдөлтэй байдаг. Гэрэл зураг сонирхогч, аялагч Б.Батбилэг есөн жилийн мөрөөдлөө биелүүлж, Эверестийн оргилд хамгийн сүүлийн нар жаргах агшныг өөрийн хальсанд буулгаж чаджээ. Тэрээр энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд 14 хоногийн турш 200 орчим км алхаж, 5670 метр өндөрт гарсан байна. Уншигч танд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу, та хэзээнээс аялангаа гэрэл зураг дарж эхэлсэн бэ?
-Сайн байцгаана уу. Би 2012 онд “Тусгал” гээд клубт элсээд, гэрэл зураг дарах хоббитой болсон. Үүнээс хойш 10 жил орчим аялангаа гэрэл зураг дарж байна. Би аялал, гэрэл зураг хоёрт хоёуланд нь дуртай. Аялахдаа байгалийн гоё гэрэл зургууд авах нь аяллыг илүү сонирхолтой, дурсамжай болгодог.
ОЛОН УДААГИЙН ОРОЛДЛОГО НЭГ ӨДӨР ОРГИЛД НЬ ХҮРГЭНЭ
-Байгалийн гэрэл зураг дарах амаргүй шүү дээ. Сайн зурагчин болохын тулд хэрхэн өөрийгөө бэлдэх вэ?
-Байгальтайгаа илүү ойрхон байж, илүү их аялж байж гэрэл зураг авч сурна. Байгалийн зураг авна гэж мөрөөдөөд, хотод байгаад байвал мэдээж зураг авч сурахгүй. Сүүлийн үед хүн бүр Youtube-ээс юуг ч сурах боломжтой байна. Үүнээс гэрэл зураг дарах онол, камерын тохиргоо, зураг янзлах аргууд зэргийг сурах боломжтой. Гэхдээ гэрэл зураг дарах нь зүгээр онол үзээд сурдаг зүйл биш. Сайн зураг дарахын тулд сайн туршлага хэрэгтэй. Гэрэл зураг дахарад мэдрэмж хамгийн чухал. Тиймээс байгалийн зураг дарах гэж байгаа бол байгальд гарч байж, практикт харж байж л сайн дарж сурна.
14 ХОНОГИЙН ТУРШ 200 КМ АЛХАЖ, ЕСӨН ЖИЛИЙН МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН
-Өнгөрсөн онд Эверест рүү гарч, нар жаргах агшныг дарсан тухай таны нүүр хуудас дахь нийтлэлээс уншсан юм байна. Очсон зорилго нь биелсэн үү?
-Би есөн жилийн өмнө Эверест явна гэж мөрөөдөж байсан. Мөрөөдлөө биелүүлж, өнгөрсөн арваннэгдүгээр сард явсан. Дэлхийн дээвэр дээр хамгийн эхэнд, хамгийн сүүлд нарны туяа тусна гэж байдаг. Би Эверестийн оргилд хамгийн сүүлд нарны туяа тусаж байгаа агшны зургийг авсан. Долоо, найман мянга гаруй өндөртэй хажуугийн уулнууд нь бүгдээрээ харанхуй болчихсон, зөвхөн Эверестэд нарны туяа тусчихсан. Үнэхээр солиотой мөч байсан. Үгээр хэлэхийн аргагүй.
Тухайн үед манайхан бүгд буцчихсан. Би ганцаараа хөтөчтэйгөө хоёулхнаа тийшээ очсон. Хөтөчдөө хэлж, орилоод “Хүүе, нар жаргаж байна. Хараач ээ” гэхэд, манай хөтөч нутгийн хүн учраас “Аан, тийм үү” гээд намайг тоодоггүй. Би ганцаараа л тэнд догдлоод, хөөрөөд байсан. Яг энэ зургаа авсны дараа маш их баярлан “Энэ аяллын зорилго 300 хувь биеллээ” гэж бодоод, үнэхээр жаргалтай байсан.
-Энэ гайхалтай агшныг гэрэл зурагт буулгах зам хэр хэцүү байсан бэ?
-Маш хэцүү байсан. Бид өөрсдөө цүнхээ үүрээд, 14 хоногийн хугацаанд алхсан. Миний цүнх камертайгаа нийлээд 20 орчим кг болсон. Өдөр бүр үүргэвчээ үүрээд л алхана. Би эндээс явахын өмнө цүнхтэй бэлтгэл огт хийгээгүй байсан. Эхний өдөр миний гар тэнийхээ больсон байсан. Явахаасаа өмнө цүнхтэй бэлтгэл сайн хийхгүй бол очоод, эхний хоёр өдөр маш хэцүү. Долоо дахь өдрөөсөө хойш цүнхэндээ дасаад л, гүйдэг болсон. Өндрөөс айх айдас ч байхгүй болсон.
Алхах замын хувьд тэгш замаар алхахгүй. Гэнэт 400 метр доошоо уруудсанаа, буцаж 600 метр өгсөх зэрэг алхах маршрут нь их сонирхотой. Бид нийт 200 орчим км алхсан. Бидний гарсан нь хамгийн өндөр нь 5670 метр өндөртэй Эверестийн хажуугийн Kala Patthar гэдэг оргил. Монголын дээвэр 4400 метр өндөртэй. Түүнээс дахиад 1200-аар дээш өндөрт гараад, ирсэн гэсэн үг.
ДАРААГИЙН ЗОГСООЛ: ТУЙЛЫН ТУЯА
-Тийм өндөрт гарахад хүний биед ямар нэгэн өөрчлөлт гардаг уу?
-Өндрийн нөлөөлөл гэж аймар зүйл байдаг. Цүнхээ үүрээд, алхаад байж болно. Гэхдээ 4000 метрээс дээшлэхээрээ хүмүүсд өндрийн нөлөөлөл орж эхэлнэ. Хэрвээ өндрийн нөлөөлөлд орох юм бол аяллаа үргэлжлүүлж чадахгүйд хүрнэ. Буцаад уулнаасаа бууж таарна. Өндрийн эм гэж байдаг. Эм ээ эхлээд талаар уугаад, нөлөөлөхгүй байвал бүтнээр ууна. Бүтнээр уугаад нөлөөлөхгүй байвал шууд уулнаас буу гэдэг хуультай. Буухдаа биеийн байдлаас шалтгаалан алхах, морь унах, нисдэг тэргээр буух зэрэг аль тохирохыг нь санал болгодог.
Бие бялдар болон сэтгэлзүйн бэлтгэл маш чухал юм байна. Олон хоногийн ачаалал, өндрийн нөлөөлөл зэрэгт сэтгэлзүй их нөлөөлдөг.
-Та дараагийн зорилгоо хаашаа тодорхойлсон байна вэ?
-Дараагийн зорилго гэвэл Эверестийнхээ аяллыг дахиад хийнэ. Хавар явъя гэсэн хүмүүс байгаа. Зун дотооддоо аялна. Харин арваннэгдүгээр сард хойшоо Iceland, Greenland-руу туйлын туяаны зураг авахаар явна. Түүнээс цааш урд, хойд туйл руу л явах байх даа.
АЯЛАЛ АМАР АМГАЛАНГ МЭДРҮҮЛДЭГ
-Таны хамгийн анхны ялал хаашаа байсан бэ? Анхны аялал нь хэр байв?
-Хамгийн анхны аялалд нэг ч хүн ирээгүй. Тусгалаас мал төллөлтийн аялал гээд, Монгол ахуйн зураг авалтын аялал зарласан. Хүн ирээгүй, би ганцаараа очсон. Айлдаа очно гээд хэлсэн байсан учраас ганцаараа очоод, зураг авсан. Дараагийнхаас нь аялалд нэг, хоёр хүн нэмэгдэж явсаар, дээд тал нь 120 гаруй хүнтэй аялал зохион байгуулж байсан.
-Аялалд явахад төрдөг мэдрэмжүүдээс хуваалцвал?
-Хотоос гараад явахаар л бүх стресс байхгүй болоод, амар амгалан болдог. Тайван амгалан байдал л хамгийн сайхан байдаг.
-Аялагчдадаа юу гэж зөвлөх вэ?
-Монголд аялахаар хог их тааралддаг. Аялагчид та бүхэн гадаадын оронд соёлтой байдаг шигээ эх орондоо ч гэсэн хоггүй, эрүүл сайхан аялаарай л гэж зөвлөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Видеог дээрээс үзнэ үү.