Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2018 онтой харьцуулахад гурав дахин өссөн гэсэн судалгааны дүн гарчээ. Хүхэрлэг хийн хэмжээ зохистой хэмжээнээсээ өссөн тохиолдол зүрх судас, уушиг, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин үүсгэх эрсдэлтэй юм. Тэгвэл хүхэрлэг хийн хэмжээг бууруулахын тулд шахмал түлшний хэмжээг багасгаж, гэр хорооллыг орон сууцжуулах шаардлагатай гэж судлаачид хэлж байна.
Хүхэрлэг хийн хэмжээ их байх нь хүний биед хэрхэн нөлөөлж, ямар шинж тэмдэг илэрдэг талаар МУИС-ийн Орчны шинжилгээний лабораторын эрхлэгч, профессор О.Болормаагаас тодрууллаа.
Тэрээр, “Хүхэрлэг хий ихсэж байгаа нь үнэн. Хүхэрлэг хий ихссэнээр хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ гэвэл гуурсан хоолойд гол нөлөө үзүүлдэг. Хүмүүс багтарч, ханиалгаж байгаа нь хүхэрлэг хийнээс хордож байна гэсэн үг. Бидний ханиад хүрлээ, хатгай авлаа гээд яриад байгаа нь хүхэрлэг хий уушгинд нөлөөлж, хүхэрлэг хийгээр хордож байгаа гэсэн үг. Удаан амьсгалвал толгой эргэнэ, дотор муухайрна, бөөлжинө. Цаашилбал, дааварт нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг. Манай улсад хорт хавдар их байгаа шалтгаанд агаарын бохирдол нэлээн том үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэж байна.
Эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөллийг улиралтай, хүйтэнтэй холбож үзэж байна. Үүнд нөлөөлж байгаа нэг гол хүчин зүйл нь дулаан гаргаж авахын тулд түлж байгаа шахмал түлш, нүүрс зэрэг юм. Зарим хүмүүс юу ч хамаагүй түлж байна. Эдгээрээс гарч байгаа хийнүүд дотор хүхэрлэг хий их хэмжээгээр агуулагдаж байна. Энэ нь хүхэрлэг хий уушги гэмтээдэг гол хий гэдгийг баталж байна” гэв.
Хүхэрлэг хийн хэмжээг бууруулах ямар арга зам, шийдэл байгаа талаар инженер Ж.Золжаргалаас тодрууллаа.
Шахмал түлшний шаталтаас гарах хүхэрлэг хийн хэмжээг бууруулахын тулд нэгдүгээрт, дотор нь байгаа хүхрийг шатахад яндангаар гаргахгүй үлдээх. Ингэхийн тулд шохойн чулуу, доломит нэмж өгдөг. Ингэснээр халахаараа хүхэртэй урвалд орж, гипс шиг гөлтгөр зүйл үүсэж, хатуу учраас утаа гарахгүй, үнсэндээ үлддэг.
Хоёрдугаарт, угаасаа хүхэр багатай түүхий эд ашиглах. Хоёр дахь нь анхны түүхий эдийн нүүрсээ сайн чанарын хүхэр багатай нүүрс хэрэглэх. Өөрөөр хэлбэл халахаараа шавалддаггүй, сайн чанарын нүүрс ашиглавал хүхэр буурна. Утааны хэмжээ нийтдээ буурна.
Ямар ч нүүрс түлсэн утаа гарна. Тиймээс үндсэн шийдэл нь дулаан орон сууц. Байшин дулаахан байвал хоёр дахин бага нүүрс хэрэглэнэ. Хоёр дахин бага цахилгаанаар хална. Дотоодын эх үүсвэр, ипотекийн эх үүсвэрийг хууль гаргаад, хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байгаа учир талаас илүү эх үүсвэрийг тийш нь хуваарилдаг хуулийн зохицуулалт хэрэгтэй.
“Дулаан байшин барих санхүүжилтэд урт хугацаа орно. Урт хугацааны шийдэл. Богино хугацаанд түлшээ ингэе, тэгье”. Тийм биш. Энэ нь урт хугацааны шийдэл биш. Одоо хийж эхлэх шийдэл. Тав, арван жилийн дараа барилгажаад ирвэл утаа мэдэгдэхүйц хэмжээгээр буурна. Үүнийг урт хугацааны шийдэл гэж орхиод, хөрөнгөө янз бүрийн туршилт, нар, салхи, газрын гүний дулаан гээд янз бүрийн зүйлд зарцуулаад байдаг. Тэдгээрийг бүгдийг нь зогсоогоод, зөвхөн дулаан байшинд төвлөрмөөр байна” гэсэн юм.
Иргэдийн хэрэглэж буй шахмал түлш үйлдвэрлэгч Тавантолгой түлш ХХК-ийн зүгээс хүхэрлэг хийн хэмжээг бууруулахад ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа талаар Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий технологич Х.Галымбекээс тодрууллаа.
Тэрээр “Хүхэрлэг хийг бууруулах арга хэмжээний хүрээнд шохойн чулууны доломитын орцтой, холбогч эдийг гаргаж авсан. Үүнийг гаргаж аваад, түлш үйлдвэрлэж, итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлээд, хуучин түлштэй харьцуулахад, түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий 2-3 дахин, зарим тохиолдолд дөрөв дахин бууруулсан үр дүн гарсан. Аравдугаар сарын 28-аас үйлдвэрлэлд энэ төрлийн барьцалдуулагч эдийг хэрэглэж эхэлсэн.
Энэ жил үйлдвэрлэж байгаа түлшний тавны нэг буюу 100 мянган тонн түлш нь л хүхэрлэг хийг саармагжуулах орцтой холбогч эдийг хэрэглэж байна. Хүхэрлэг хийн хэмжээ өмнөх жилээс харьцуулахад 60 микро грамм орчмоор буурсан. Гэхдээ одоо ч байх ёстой хэмжээнээс хоёр дахин илүү байна. Ирэх жилээс бүх түлшээ энэ төрлийн холбогч, барьцалдуулагч эд ашиглавал хүссэн хэмжээнд бууруулж чадна” гэж тайлбарлалаа.
Видеог дээрээс үзнэ үү.