Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийн өөрчлөлтөөр нэг иргэн нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууц эзэмшдэг бол гурав дахиасаа эхлээд татвар төлнө гэж заасан байна. Ингэхдээ та өөрийн төлөх татварын хэмжээг тогтоолгож, их дүнтэй орон сууцаа татвараас чөлөөлөх боломжтой юм.
Иргэдийн зүгээс үүнийг дундаж давхаргаа шахаж байгаа нэг хэлбэр гэж үзэн, орон сууцны тоогоор бус үнэлгээгээр татвар тогтоох нь зөв гэж үзэж байна. Харин эдийн засагчид хууль энэ хэвээр үргэлжилбэл, түрээсийн байр болон зах зээл дэх орон сууцны үнэ өсөх эрсдэл үүсэж байна гэж тайлбарлалаа.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийн өөрчлөлтөд ямар заалтууд багтсан талаар мэдээллийг ТЕГ-ын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаагаас тодрууллаа.
Тэрээр "Үл хөдлөх хөрөнгийн хуулийн шинэчлэлттэй холбоотойгоор 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр орон сууц албан татвараас чөлөөлөгдөн, гурав ба түүнээс орон сууцанд албан татвар ногдуулах харилцаа орсон. Үл хөдлөх хөрөнгийн албан татварт үнийн дүнгээс илүүтэй тухайн хүний өмчилж байгаа орон сууцны тоонд үндэслэж байна. үл хөдлөх хөрөнгө бүрд төлөх ёстой татварын мэдээллийг бодож, тооцоолоод, танд асуумж хэлбэрээр хүргүүлнэ. Хүргүүлж буй мэдээлэлд үндэслэн та аль орон сууцаа татвараас чөлөөлүүлэх вэ гэдэг сонголтыг хийх эрхтэй. Ингэхдээ та илүү өндөр төлбөр төлөх орон сууцаа чөлөөлүүлэх, бага төлбөр төлөх орон сууцны татвараа төлөх боломжтой. Энэ хуулийн нэг онцлог нь зөвхөн нийслэлд гэж заасан. Та орон нутагт хэдэн ч орон сууцтай байж болно. Орон нутагт байгаа орон сууц нь татвараас 100 хувь чөлөөлөгдөнө.
Хамтран зээлдэгч буюу та аав, ээжийнхээ орон сууцны гэрчилгээнд өөрийн нэрээ оруулсан бол тухайн үл хөдлөх хөрөнгийг та өөрийн эзэмшиж байгаа хувийн дагуу захиран зарцуулах эрхтэй. Та тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь мөн учраас албан татвар төлөгч болно.
Одоогийн байдлаар, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хуулийн өөрчлөлтийн дагуу гурав ба түүнээс дээш орон сууцтай 11954 иргэн, 332 хуулийн этгээдийн өмчилж буй 46469 орон сууцнаас 24572 орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөн, 21879 орон сууцанд 16.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулсан байна” гэсэн юм.
ОРОН СУУЦНЫ ТООГООР БУС ҮНЭЛГЭЭГЭЭР ТАТВАР ТОГТООХ НЬ ЗӨВ
Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг орон сууцны тоогоор төлөх нь нийгэмд ямар эрсдэлтэй талаар эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.
Тэрээр, “Нэг тэрбум төгрөгийн ганц байртай хүн байлаа. Гэтэл 120 сая төгрөгийн үнэлгээтэй гурван байртай хүн байлаа. Энэ хүн нийт үнэлгээгээрээ 300 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй байртай байна. Үнэлгээний хувьд бодоод үзвэл, энэ хууль зөв бүлэгтээ хүрч чадсан уу.
Энэ хуулийн үр нөлөө нь яаж гарах вэ гэвэл, гурав ба түүнээс дээш байртай хүмүүс ихэвчлэн гурав дахь байруудаа түрээсэлдэг. Тиймээс төлөх татвараа түрээсийн үнэдээ шингээнэ. Монголд эдийн засаг хямарсан үед түрээсийн байранд амьдарч байгаа маш олон өрх байгаа. Тэдний түрээсийн зардал өснө. Харин зарах сонирхолтой хэсэг нь их байвал байрны нийлүүлэлт хоёр дахь зах зээлд өснө гэсэн үг.
ДУНДАЖ ДАВХАРГАА ХЭТ “ШАХАХ” НЬ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
Татвар гэдэг бодлогыг хэрэгжүүлэхдээ хэрэглэж байгаа хэрэглээ, олж байгаа орлого, тэр дундаа нийт хөрөнгө зэргийг хооронд нь дэнсэлж явахгүй бол яг зүтгэж байгаа бүлэг рүүгээ хамаагүй дайраад байж болохгүй. Жишээлбэл, Германд 30,40 хувийн татвар төлөөд, хүмүүс эмзэглэхгүй байгаагийн гол шалтгаан нь тэнд утаа, түгжрэл алга, цэцэрлэгийн багтаамж, хүрэлцээ хангалттай байна. Сургуульд нь магистр хүртэл үнэгүй сургаж байна. Иймээс тухайн хүн санаа зовохгүй татвараа төлөөд явах нь аргагүй. Монголд амьдарч байгаа хүмүүсийн бухимдаад байгаа гол шалтгаан нь төлсөн татварынхаа хариу болгож төрөөс нийгмийн бараа, үйлчилгээг авч чадахгүйд л байна.
Сүүлийн гурван жилийн харьцуулалтыг харахад, гол нэр төрлийн гарт баригдах, хүмүүсийн хэрэглэдэг арван бүтээгдэхүүн 120 хувиар өссөн байна. Харин цалин 50 хувиар өссөн. Үнээс дүгнэхэд, сүүлийн гурван жил худалдан авах чадвар 50 хувиар буурсан гэж хэлэхэд болохоор байна. 2019 онд тухайн нөхцөл байдалдаа болгоод байсан бол 2023 онд болгох ямар ч боломжгүй болсон. Дээрээс нь татвар нэмж аваад, тэр хүнийг буланд шахаад, ямар ч гарцгүй болгож байна. Тэгсэн хэр нь түгжрэл, утаа ихтэй. Хүүхдүүд нь ханиад томуу тусахад, эмнэлэгт үзүүлэх гэж оочир дараалал ихтэй. Ийм байхад тэр хүн заавал энд шигдэж амьдрах шаардлага байна уу.
Үүнээс үүдэн дүрвэлт, далд эдийн засаг бий болно. Тэр хүн дахиад 2-3 ажил зэрэг хийж эхэлнэ. Ажлын бүтээмж буурна. Улс орон даяар бүтээмжийн том хямралд орж, сэтгэлзүйн том асуудалтай улс орон болж хувирна. Энэ нь цаашлаад, хүмүүсийн ахуйд ирэхээрээ нийгмийн тогтворгүй байдал, дайн, гаднын том гүрнүүдийн хагалах бодлого гээд улс орон уруудах шинж рүүгээ явахад тун ойрхон байна. Тиймээс яаж ч бодсон макро эдийн засгийн бодлогыг тогтвортой явуулж, эдийн засгийн өсөлтийг өндөр төвшинд тогтвортой барихгүй бол хүний аминд тулсан асуудал болж хувирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байна” гэлээ.
Видео бичлэгийг дээрээс үзнэ үү.