Идэр ес эхэлж, хүйтний ирч чангарч, утаа, агаарын бохирдол ихсэхийн хэрээр ханиад, томуу нэмэгддэг. Жил жилийн өвөл хүүхдүүд ханиад, томуунд дарлуулж, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа ч төр, засаг тодорхой гарц, шийдэл олохгүй өдий хүрсэн. Ханиад, томуу ихсэнгүүт гэнэт унтаад сэрж буй аятай дэмий л “Утаа” гэж толгойгоо сэгсэрэхээс өөр нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хийсэн зүйл хуруу дарам. Улаанбаатар хот нүүрсийг халж, шахмал түлш түлж буй ч агаарын бохирдлыг арилгаж чадсан уу гэвэл чадаагүй.
Ханиад, томуу ихэссэнтэй холбогдуулан эмнэлгийн ачаалал хэр байгааг сурвалжиллаа. Бид эхлээд ЭХЭМҮТ дээр очив. 12.00 цагийн орчимд тэнд очиход ачаалал ихтэй байлаа. Энд, тэндгүй ханиалгасан, уйлсан хүүхдүүд. Уртаас урт дараалал дунд аав, ээж нь хүүхдүүдээ тэврэн зогсоно.
Бид ЭХЭМҮТ-ийн эмч нараас ярилцлага авах хүсэлт тавьсан ч ачаалал ихтэй байгаа тул завгүй, боломжгүй байгаагаа хэлсэн юм.
Ханиад хүрсэн хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг, эхчүүд ингэж ярьж байна.
ИРГЭН А: УЛААНБААТАР ХОТ БУС ҮХЛИЙН ХӨНДИЙ БОЛЧИХЛОО
Баянгол дүүргийн иргэн А “Эмнэлэгт олдож байгаа цаг, үйлчилгээ нь бидэнд тэр болгон хангалттай хүрэлцдэггүй. Хүүхдээ үзүүлэх гэж зам дээр баахан түгжирч, хамаг цагаа барж ирнэ. Ирсэн хойноо энд цаг олдохгүй, баахан хүлээнэ. Зарим эм олдоцтой байна. Яг чухал хэрэгтэй эмнүүдийн олдоц муу байна.
Утаа үнэндээ гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Бид Улаанбаатарт бус үхлийн хөндийд амьдарч байна. Болж өгвөл утаагүй, цэвэр орчинд амьдрахыг хүн бүхэн хүсэлгүй яах вэ. Гэтэл ямар байгаа билээ. Нэгэнт хотод амьдарч байгаа юм чинь утаатай холилдоод явахаар өөр аргагүй.
Утаа, агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд сөрөг нөлөөтэй шүү дээ. Ер нь эмнэлгээр дүүрэн ханиадтай хүүхэд байна.
Эмнэлэнгийн үйлчилгээг илүү дэлгэрэнгүй болгомоор байна. Ямар нэгэн очер дараалалгүй, ирээд шууд үзүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Эмчилгээ үйлчилгээ нь хүртээмжтэй, ямар нэгэн стрессгүй байгаасай гэж хүсэж байна” гэлээ.
Н.БАТЦЭЦЭГ: ЦАХИМААР ОЧЕР АВААД ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Иргэн Н.Батцэцэгийн хувьд хөнгөлөлтөөр олгодог эмийн сонголт муу, хүртээмж тааруу байгааг учирлалаа. Тэрбээр “Хүүхдэд даатгалаар олгодог эмийн төрлийг нэммээр байна. Цахим, цахим гэдэг атлаа очероо цахимаар өгч чадахгүй байна шүү дээ. Хүүхэд өвдлөө гэхэд цахимаар очер аваад шууд үзүүлэх боломж алга. “Очер авъя” гэхэд “Тэд хоногийн дараа ир” гэдэг. Хүүхэд хүнд өвдчихөөд байхад тийм олон хоног хүлээгээд суудаг эцэг, эх байх уу. Байхгүй шүү дээ. Арга яадаад хувийн эмнэлэгт үзүүлж байна. Хувийн эмнэлгийн төлбөр хэчнээн өндөр билээ дээ.
Хүүхдийн ханиаданд эм авахад 100-200 мянган төгрөг болж байна. Хүүхдийн эмийг 18 нас хүртэл хөнгөлөлттэй олгоно л гээд байгаа. Тэгсэн атлаа “Энэ эмийн хөнгөлөлт байгаа юу” гэхээр “Байхгүй” гэдэг. Антибиотик энэ тэрээс өөр хэрэгтэй эмнүүд хөнгөлөлтөд байдаггүй. Хөнгөлөлттэй эм бичүүлээд очихоор “Дуусчихсан” эсвэл “ Байхгүй, өөр нэрээр байгаа” гэдэг. Өөр нэрээр байгаа эмийг нь хөнгөлөлттэй авъя гэхээр “Эмнэлэг дээрээ очоод дахиж бичүүл” гэдэг. Тэгээд нааш, цааш нь 3-4 удаа явуулаад хүндрэлтэй байдаг.
Утааны асуудлыг шийдмээр байна. Утаа аймар байна. Цахилгаанаар халаадаг юм уу яадаг юм бэ, утааны асуудлыг шийдэж өгөөсэй гэж төр, засагтаа хүсмээр байна.
Залуу хүмүүс “Гэр бүлээ аваад Монголоос явдаг юм билүү” гэж бодож байна. Ер нь Монголд амьдрах нөхцөл гайгүй байвал эх орноосоо явахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тийм биз дээ” гэлээ.
Г.НАВЧАА: УТАА Л ҮНЭХЭЭР ГОЛ АСУУДАЛ БОЛЧИХЛОО
Эмнэлэгт байгаа иргэдийн олонх нь утааг арилгаж өгөхийг төр, засгаас хүслээ. Ийн хүссэн хүмүүсийн нэг нь Баянгол дүүргийн иргэн Г.Навчаа. Тэрбээр “Эмнэлгийн ачаалал их байна. Ханиад их байна. Утаа л үнэндээ гол асуудал болчихоод байна. Ийм агаараар амьсгалж байгаа хүүхэд ханиад, томуу тусахаас аргагүй байна шүү дээ. Утаагүй бол ханиад томуу арай бага байх нь ойлгомжтой” гэв.
Э.НАНСАЛМАА: ХАНИАД, ТОМУУ ИХЭССЭНЭЭС ХОЙШ МАНАЙ ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ НЭГ ДАХИН НЭМЭГДСЭН
Бид ЭХЭМҮТ-өөс гараад, дараа нь Баянгол дүүргийн XIV хорооны өрхийн эмнэлэгт очлоо. 13.00 цагийн үед тэнд очиход ачаалал ер буураагүй байв. Дөрвөн хүн хүүхдээ үзүүлэх гээд эмчийн өрөөний үүдэнд хүлээж байлаа.
Бид тус өрхийн эмнэлгийн их эмч Э.Нансалмаагаас ачаалал хэр байгааг тодруулахад “Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой ханиад томуу их байна. Тэр тусмаа 0-5 настай хүүхдийн ханиад томуу амбулаторийн нийт үзлэгийн 20 гаруй хувийг эзэлж байна. Мөн ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ханиад томуу хүрээд, хүндрэх эрсдэлтэй байгаа.
Ачаалал багатай үед өдөрт нэг эмч дээр дунджаар 30 хүн үзүүлдэг. Ханиад томуу ихэссэн үед 50-60 хүн болж нэмэгддэг.
Мэдээж эмч үзээд, энэ хүүхдэд антибиотик өгөх үү, өгөхгүй юу гэдгээс эмчилгээ эхэлдэг. Шаардлагатай хүүхдэд антибиотик эмчилгээг стандарт, удирдамжийн дагуу өгдөг. Томуу вирусээр үүсгэгддэг учраас вирусийн эсрэг дархлаа дэмжих, хордлогтой байвал хордлого тайлах, шингэн нөхөх эмчилгээг стандарт, удирдамжийн дагуу хийдэг.
Үүсгэгч нь вирусээр үүсгэгдсэн байхад эцэг, эхчүүд хүүхдэдээ шууд цэр ховхлох эм гэрээр их уулгачихдаг. Энэ их буруу. Ийм төрлийн 2-3 эм уугаад ирэнгүүт хүүхдийн ханиалга хэт ихэсдэг. Эсвэл гэртээ үнэртүүлэгч үнэртүүлэх ч юм уу хиншүү уугиулангуут хүүхэд амьсгалын бөглөрлийн хам шинж болдог. Иймэрхүү хүндрэлүүд их гардаг. Утаа, агаарын бохирдол ханиаданд их нөлөөлдөг. Тиймээс амны хаалт тогтмол зүүх, гэртээ халдваргүйжүүлэлт хийх, боломжтой бол аль болох цэвэр агаарт гарахыг зөвлөж байна” гэлээ.