Эрхээ эдэлж чадахгүй байгаа бяцхан хүүхдүүдэд гараа сунгаж, шинэ жил бүрээр бэлэг өгөн баярлуулахын хажуугаар, тэдний ирээдүйг гэрэлтүүлэхээр хичээн ажиллаж буй залуусын нэг бол “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр юм.
Бид “Гашуун яриа” нэвтрүүлгийн энэ оны сүүлийн дугаарт түүнийг урьж “Ид шидийн оймс” аяны хүрээнд ярилцлаа.
-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа.
-Баярлалаа та бүхэнд. Шинэ оны мэнд.
-“Ид шидийн уут аян” найман жил үргэлжилж байна. Анх өвлийн өвгөн болж хүүхдүүдэд бэлэг бэлэглэж эхэлсэн үеийн түүх, сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Би 18 настайгаасаа л өвлийн өвөө болж эхэлсэн. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрт орж байлаа. Тэр хүүхдийг одоо ч гэсэн мартдаггүй юм. Яагаад гэхээр сүүлийн зургаан жил огт гэрээсээ гараагүй. Зөвхөн хэвтэрт байсан байгаа юм. Тэр бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал ямар хүнд байсан юм бэ гэдгийг харуулсан. Үүнээс цааш маш олон айл орсон. Тэр хүүхдээс маш их ганцаардлыг мэдэрсэн юм. Тэр хүүхдийг гаргахгүй байна гэдэг нь амьдаар нь алж байгаатай агаар нэг. Тийм нөхцөлд томчууд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж байна. Тэгтэл нь хүүхдийг үл хайхарч байгаа нь сэтгэл их өвтгөж байсан.
“Ид шидийн уут” аян анх бэлэг л тараадаг байлаа. Гэтэл энэ нь яваандаа эмзэглэл болсон. Үүнээс маш том өвдөлт мэдрээд, ер нь үүний төлөө бид юу хийх ёстой юм бэ. Энэ асуудлыг байхгүй болгохын тулд бид яах юм бэ, шийдэл юу юм бэ гэдэг эрэл хайгуулаас “Ид шидийн орон” бүтсэн.
-Яагаад бид хүүхдийн эрхийг төдийлөн хамгаалж чадахгүй өдийг хүрээд байна гэж харж байна вэ?
Яг үнэндээ халамжийн бодлого хэтэрхий их байгаатай холбоотой. Хүүхдийг ашигладаг болчхоод байна. Хүүхдийг ашиглаж архи ух мөнгөө олж авдаг ийм нөхцлийг төр өөрөө дэмжиж гааруулаад байна гэж болно.
Бид “Ид шидийн уут”-тай айлуудад очхоор дандаа л тийм дүр зургууд угтдаг. Хүүхдүүд нэгнээ асарч хамгаалж байна. Хүүхэд хүүхдийнхээ өмнөөс хариуцлага үүрч байна. Гэтэл хариуцлага үүрэх ёстой аав ээж нь архи уугаад хэвтэж байдаг. Энэ бол одоогийн нийгмийн бодит байдал.
-Хүүхэд эрхээ эдэлнэ гэхээр баян тансаг амьдрахыг хэлэхгүй шүү дээ. Таны бодлоор хүүхэд эрхээ эдэлнэ гэдэг ойлголт, наад захын жишээн дээр юу байж болох вэ?
-Наад захын жишээ гэвэл хүүхдээ сонсохоос эхлэх юм болов уу. Тэр хүүхэд юу хүсэж, ямар сэтгэл хөдлөл мэдрэмжтэй байна. Үүнийг нь аав ээж нь ойлгох ярилцах нь суурь хүчин зүйл. Энэ жилийн “Ид шидийн уут” аяны уриа “Сонсож хайралъя” гэж байгаа. Яагаад гэхээр аав ээжүүд хүүхдээ сонсдоггүй, ярилцдаггүй. Хүүхдүүд томчуудаас том материаллаг зүйл хүсдэггүй юм. Зүгээр ярилцаж, найз шиг байж, хувийн орон зайд нь халдахгүй байхыг хүсдэг. Хувцас сонголт, хичээл сонголт, мэргэжил сонголт, найз нөхөд гээд бүх зүйл дээр хүүхдэд сонгох эрх чөлөө, алдах эрх чөлөөг нь өгөх ёстой. Алдах эрх чөлөөг нь ч өгөхгүй дандаа бөөцийлөөд байвал тэр хүүхэд бие даасан, зоримог, шийдэмгий болохгүй шүү дээ.
-Хүүхдүүдэд бэлэг өгөөд явж байхдаа эмзэглэхээс гадна бахархах, баярлах мэдрэмж төрдөг байх. Харж байгаа харцнаас нь ямар мэдрэмж авдаг вэ?
-Хүүхдүүдээс бол үргэлж гайхалтай мэдрэмж авдаг. Өвлийн өвөөг хараад чин сэтгэлээсээ догдлоод үсрээд баярлаад байж байгаа тэр дүр зураг бол бидний хамгийн гоё урам авдаг зүйл.
Надад хүүхдийн инээд байхгүй уур амьсгалыг мэдрэх хамгийн аймар байсан. Нэг айлд ороход гэр нь шалгүй, шороогоороо байгаа юм. Үнс нь тараад орчин нөхцөл нь аймар болчихсон. Хаалгыг нь татаад ороход гурван хүүхэд байсан. Бид дуу шүлэг болоод л “өвөө дээрээ ир” гэсэн чинь ирдэггүй. Тэгээд л маш хөндий харилцаатай. Бид хэд яах учраа олохгүй буцаж яваад гацуур гэрт нь засаж өгсөн. Тэгэхэд бас баярлаагүй. Огт инээгээгүй. Тэр нөхцөл намайг үнэхээр шоконд оруулж байсан.
-Шинэ жилээр зохион байгуулдаг энэ аяны хүрээнд хичнээн хүүхэд баярлуулсан бэ? Үүнээс гадна хүчирхийлэлд байгаад байгаа хүүхдүүдийг үүнээс гаргах шийдэл хайгаад байна шүү дээ. Та үр дүнд хүрсэн жишээгээ, мөн та танай хамт яагаад өдийг хүртэл энэ ажлыг хийсээр байгаа талаараа яриач?
Үр дүнийг хувьд бид нийт 700 орчим өрхийн 6000 орчим хүүхдэд хүрч ажиллаж чадсан байна. Ид шидийн уут аян хар бараан зүйлийг түгээх гэхээс илүү, сүүлийн 2-3 жил дандаа мессежтэй явсан. Өнгөрсөн жилд л гэхэд “Зүрх бүхэн дулаан байг” гээд л. Энэ жил сонсож хайралъя гээд.
Томчууд хүүхдүүдийг уриалж байгаа юм. Энэ аян цэвэр нөлөөллийн аян болж хувирч байна. Би ХУД-т сүүлийн таван жил ажиллаж байгаа юм. Дүүргээ өөрчлөхийг боддоггүй. Шалтгаан нь ордог айлуудаа сайн мэддэг байх. Тэр хүүхдүүдийг том болтол нь хамт байхын тулд. Хэрвээ тэр хүүхэд дээр очиж чадахгүй байх юм бол гомдоно.
-Манай үзэгчдэд хэлэхийг хүссэн зүйл бий юу?
Ид шидийн уут аян ирэх жил түвшин ахих байх гэж харж байгаа. Яаж гэдгийг дотроо ярилцах байх. Яагаад гэхээр нийгэм нь ч өөр болчхож. Нийгмийн асуудал ч өөр болсон байна. Урд нь ноорхой гэртэй хэцүү айл их байдаг байсан бол одоо арай бага болоод эсрэгээрээ хүүхдийн асуудал өрх гэр дотроо яаж шийдвэрлэгдэх вэ гэдэг гарцгүй мухардал хэлбэрлүүгээ орчихсон байна. Маш олон асуудал байгаад байдаг. Шийдчих юм сан гэж боддог ч гэсэн аав ээжүүд нь мэдэхгүй байгаа юм. Тэгэхээр соён гэгээрлийн ажил маш их дутаж байгаа юм шиг санагдаж байгаа. Миний сонсох дуртай дууны үгэн дээр хорвоо ертөнцийг хүүхдийн нүдээр харъя гээд үг байдаг юм. Томчуудад хандаж хэлэхэд, нээрээ хүүхдийнхээ оронд хүүхэд болж үзээсэй. Хүүхэд чинь юу хүсэж байна гэдгийг олж хардаг байгаасай. Хүүхдийг загнаж зандрах тусам зөрүүд болдог. Тантай ил тод найз шиг харилцах харилцаа байхгүй болж эхэлдэг. Танд бас итгэхээ болж эхэлдэг. Хүүхэд бүр өөрийн ертөнцтэй. Түүнийг нь харах гэж хичээдэг байгаасай гэж хүсэж байна. Хүүхдийг хүмүүс ирээдүй гэж яриад байдаг. Хүүхэд ирээдүй биш. Хүүхдэ бол яг одоо. Яг одоо ямар төлөвшил авч, боловсрол эзэмшиж байгаа. Ямар орчинд, ямар хүмүүстэй, юу өмсөж байгаа юм. Энэ нөхцөл байдал 20 жилийн дараах хүүхдийг бүтээдэг. Гэр бүл болгон аз жаргалтай дулаан байгаасай гэж хүсэж байна. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе.