Хүйтний ирч чангарч, утаа, агаарын бохирдол ихсэх тусам ханиад, томуугийн дэгдэлт нэмэгддэг. Сүүлийн өдрүүдэд хүүхдүүд өндөр халуурдаг ханиад хүрч буйг эмч нар анхааруулж байна.
Хэрвээ таны хүүхэд өндөр халуурвал халууныг нь ямар аргаар, хэрхэн буулгах вэ. Хүүхдийн халууныг буулгахдаа эцэг, эхчүүд ихэвчлэн ямар алдаа түгээмэл гаргадаг вэ. Энэ талаар “Долоон одой” хүүхдийн эмнэлгийн эмч Цолмон ингэж зөвлөж байна.
-Хүүхэд өндөр халуурсан үед халууныг нь хэрхэн буулгах, ямар арга хэрэглэх нь хамгийн зөв бэ?
-Амьсгалын замын халдварыг томуу болон томуу төст гэж хоёр ангилдаг. Яагаад вакцин хийдэг вэ гэвэл, томуугаар хүмүүс хүнд өвддөг учраас. Томуугийн дэгдэлт энэ жил арай л эрт эхэлчих шиг санагдаж байна. Хүүхдүүд өндөр халуурч өвдөж байна. Өндөр халуурахыг дотор нь бүлээрэлт, өндөр халууралт гэж хоёр ангилдаг.
Халууралтыг буулгадаг хэд хэдэн арга бий. Мэдээж эхнийх нь эмийн арга. ДЭМБ-аас хүүхдэд зөвлөдөг хоёр бүтээгдэхүүн бий. Эхнийх нь парацетамол. Хоёр дахь нь ибупрофен бүлгийн эмнүүд. Хэдэн настай, ямар жинтэй хүүхдэд ямар тунгаар өгөхийг эмчээс асууж, зөвлөгөө авч байгаад өгөх хэрэгтэй.
-Хэдэн градус хүртэл халуурвал хэвийн гэж үздэг вэ?
-Хүүхэд томуугийн үед 41 хүртэл халуурч байна. Эцэг, эхчүүдийн ихэнх нь хүүхдээ халуурахаас их айдаг. Уг нь халуурах хүүхдэд ашигтай. Хүүхдийн, хүний бие тухайн өвчинтэй тэмцэж буй процесс байхгүй юу. Хүүхэд 38,5 хүртэл халуурвал буулгах шаардлагагүй.
Мэдээж тухайн хүүхдийн эрүүл мэндээс мөн шалтгаална. Хэрвээ тухайн хүүхэд халуурахаараа татдаг, зүрх судасны өвчнөөр эмчийн хяналтад байдаг бол халууныг нь буулгах шаардлагатай.
Хэрвээ таны хүүхэд 39 градус болон түүнээс дээш халуурбал эм уулгах юм уу тодорхой арга хэмжээ авч, халууныг нь буулгах хэрэгтэй.
-Томуугийн үед хүүхэд хэсэг хугацааны дараа дахин халуурдаг. Өмнө нь өгсөн эмээ дахин уулгах нь зөв үү?
-3-4 цагийн дараа дахиж халуурах нь олонтаа. Томуу өөрөө ийм хоруу явцтай өвчин. Нэг төрлийн халууны эмийг зургаан цагийн дотор дахиж өгч болохгүй. Хэрвээ тэгвэл тухайн эмний тунгийн хэтрэлтэнд хүүхдээ оруулна. Үүнийг эцэг, эхчүүд сайн тогтоогоод аваарай.
Хүүхдийн тань халуун цагийн дараа 38 градус болчихвол хангалттай. Заавал 36 болгох гэж яарах хэрэггүй. Хүүхдийн халуун буугаад эхэлсэн л бол хангалттай.
-Халуурсан хүүхдэд хүйтэн жин тавьдаг эцэг, эх цөөнгүй. Эрсдэл бий юү?
–Эрсдэлтэй. Халууралт дотроо хоёр янз. Улаан харууралт, цагаан халууралт гэж хоёр ангилна. Цагаан халууралтын үед хэзээ ч хүйтэн жин тавьж, спиртээр арчиж болохгүй. Өндөр халуурсан хүүхдэд хүйтэн жин тавьбал таталт өгөх эрсдэлтэй. Үүний оронд суга, цавийг нь ил гарган, нүцгэлээд хэвтүүлэх хэрэгтэй. Мөн бүлээн усанд оруулж, биеийг нь арчвал зүгээр. Шингэн юм сайн уулга.