Санаатай, санаандгүй алин боловч Засгийн газрын 362 дугаар тогтоол Монгол улсын хуультай илтэд зөрчилдөж, хуулиас давсан тогтоол болчихоод байна. Зүй нь ЗГХЭГ Засгийн газраас гарч буй аливаа тогтоол, шийдвэр Үндсэн хулуь болон бусад хуультай нийцэж байгаа эсэх, зөрчилдөхгүй байх зэргийг хянаж байдаг бүтэцтэй юм. Гэтэл тэд ажлаа хийсэнгүй юу, эсвэл мэдсэн ч үл тоов уу.
Монгол улсын Засгийн газрын тухай хуульд: Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн гэж заажээ.
Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын 5 дахь заалтад “Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт даалгасугай” гэжээ.
Энэ бол Автотээврийн тухай хуулийн 8.2. Улс хоорондын тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах бөгөөд түүнийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ гэсэн заалттай илтэд зөрчилдөж байгаа заалт мөн. Энэ заалтаар ЭТТ ХК гэх аж ахуйн нэгжийн удирдлага Засгийн газрын гишүүний эрх үүргийг “булаан авч” Зам тээврийн хөгжлийн сайд гэх албан тушаал ямар ч хэрэггүй, үүрэггүй болон хоцорч байгаа юм. Аж ахуйн нэгжийн туйлын зорилго нь ашиг бөгөөд үүний төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлж, зохион байгуулдаг. Тэдэнд улс орны зорилго зорилт, үндэсний эрх ашиг, монголчуудын нийтлэг хэрэгцээ гэх мэт нийгмийн асуудлууд огтхон ч падгүй бөгөөд Засгийн газраас үүрэг болгосон орлогын хэмжээг биелүүлэхэд л гол анхаарал, хүчээ чиглүүлэх үүрэгтэй.
Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг зохицуулж, зохион байгуулах, үндэсний эрх ашгийг ханган биелүүлэх үүргээ Засгийн газар умартаж, нэгэн аж ахуйн нэгжид тээвэрлэлтийн бодлогоо даатгаснаас үүдэн гарах асуудлууд одоо улам бүр тодрон гарч ирж байна. ЭТТ ХК дотоодын тээвэрлэгчид, монгол жолооч нарын ажлын байрыг гадаадын компаниудад найр тавин өгөх болно. Тэд тендерийн журам боловсруулахдаа хятадын компаниудын өгөгдөл, нөөц боломж, санхүүгийн болон техникийн чадамжид дүйцүүлэн, монгол компаниудыг өрсөлдөөнөөс шахан гаргах нөхцлийг тулгаж эхэллээ. 20-иос доошгүй тээврийн хэрэгсэлтэй компани тендерт орох эрхтэй гэж заасан нь дунджаар 8 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөдлөх бүрэлдэхүүний тухай ярьж байгаа хэрэг юм. Улс төрчдийн хамаарал бүхий, хятадын хөрөнгө оруулалттай тээврийн компаниудад л өнөөдөр ийм чадавхи бүрдсэн.
ЭТТ ХК-ний худалдан авагчийнхаа мэдэлд өөрсдийгөө тушаасан байдлаар тээвэрлэлтийг шийдвэрлэх ийм оролдлогын цаана тэднээс тээврийн эргэлт тутамд шагнал урамшуулал хүртэх санаархал нуугдаж байж ч болох юм. Тээврийн өртгийг маш багаар тогтоож байгаа нь хилийн цаана хямд шатахуун, хямд засвар үйлчилгээ хийлгэчихдэг хятадын компаниудад шууд давуу байдал үүсгэж байгаа шийдэл юм. Тэд тээвэрлэлтэд үнэмлэхүй олонхийн байр суурийг эзэлснийхээ дараачаас үнийг аажмаар өсгөх, өөрсдийн үнээ тулгах тактикт шилждэг ч практик бийг ЭТТ ХК зориуд мартан будилж, эрсдэлт нөхцөл үүсгэж байна. Хамгийн том эрсдэл нь ажлын байраа гадныханд булаалгасан монгол тээвэрчдийн эсэргүүцэл байх болно. Тэд мэдээж орлогоо алдаж, өр зээлэнд баригдах эрсдэлд унах тул зам хаах, тээвэрлэлтэд саад учруулах зэргээр тэмцэх нь тодорхой. Энэ нь экспортын урсгалыг гацааж, улмаар хил хаах, тодорхойгүй хугацаанд тээвэрлэлт зогсох, гэрээний алдагдалд унах гээд маш олон түвэг ажиг үүсгэх болно.
Тусгаар улсын Засгийн газар нь Үндсэн хууль, бусад хуульдаа захирагдаж үндэсний эрх ашгийг эн тэргүүнд эрэмблэн ажиллах эрхэм зорилгод үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар Засгийн газар өөрийн татвар төлөгчдийн эрх ашгийг хөсөр хаяж, өөрийнхөө чиг үүргээс татгалзан аж ахуйн нэгжийн удирдлагад тээврийн бодлогоо даатгах байдлаар асуудлыг тойрох, хариуцлагаас зугтах байдлаар ажиллаж байна.
Төрөөс экспортын тээвэр, дамжин өнгөрөх тээвэр зэрэг цогц асуудлаар өөрийн бодлогыг гаргаагүй, ямар ч бодлогогүйгээр тээвэрлэлтийг явуулж байгаа байдал нь өрсөлдөх чадварыг доройтуулж байгаа гол хүчин зүйл болжээ. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг 2010 онд батлагдан гарснаар төмөр замын тээвэр маш тодорхой, стандарт эмх журамтай болж ирсэн. Гэтэл авто тээврийн талаар ямар ч бодлого байхгүй нь албан тушаалтнуудад дураар дургих, хууль зөрчих, үндэсний рэх ашгийг умартаж хувийн сонирхолдоо нийцүүлэн тээврийг зохион байгуулах боломжыг олгож байгаа юм. Тийм учраас худалдан авагч талын тоглолтод байнга орж, ижил зайд ижил тээвэр хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн үнэ эрс өөр болж байгаа юм.
“Энержи ресурс” компани Ухаахудагаас – Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг 7 ам.доллараар тээвэрлэж байхад ЭТТ ХК Тавантолгойгоос-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг 16-18 ам.доллараар, Цагаан хаднаас-Ганцмод хүртэл 57 ам.доллараар тээвэрлэлт хийдэг ийм эрс зөрүүтэй завхрал явагдаж байна. Хамгийн сонирхолтой нь дээрх үнийг монголчууд биш хятадын худалдан авагчид тогтоосон. Энэ эрсдэл одоо хэвээр үргэлжилнэ.
Тээвэрлэлтийн үнийн ийм аймаар зөрүү нь Төрөөс авто тээврийн талаар баримтлах урт хугацааны бодлого байхгүйтэй шууд холбоотой. Ийм бодлого гаргахгүй байх нь тээвэрлэлтээс хувьдаа ашг унагах албан тушаалтнуудын хүсэлтэй ч холбоотой байж мэдэх юм.
Ямартай ч тодорхой болсон зүйл бол Засгийн газрын 362 дугаар тогтоол Автотээврийн тухай хуулийг шууд зөрчсөн, Засгийн газрын үүрэг, эрх мэдлийг аж ахуйн нэгжийн удирдлагад ацагласан акт болчихжээ. Яаралтай алдаагаа засахгүй бол Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, Монгол улсын хуулийг хэрэгсээгүй хэргээр огцрох гэм хүлээж байгааг анхааруулъя.