Хүүхдийг хөхөөр хооллох нь насан туршийн суурь дархлааг бий болгодог байна. Албан байгууллагууд хөхүүл ээжийн өрөөтэй болсноор тухайн хөхүүл ажилтан хүүхэд асрах чөлөө авах нь багасаж, ажлын бүтээмж нэмэгддэг байна. Хөхүүл ээжийн өрөөтэй болсноор гарах өөрчлөлтүүд болон хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөө мэдээллийг “Грийн Гэйт” ХХК-ийн брэнд менежер, “Хөхүүл ээжийн өрөө” төслийг санаачлагч А.Мягмарсүрэн хүргэж байна.
Хөхүүл ээжийн өрөөтэй болох нь ямар ач холбогдолтой вэ?
Хөхүүл ээжийн өрөөг бий болгосноор ажлаа хийж байгаа хөхүүл ээжид хувийн орон зай олгож, тэр өрөөнд хөхнийхөө сүүг саах болон боломжтой үедээ хүүхдээ авч ирээд хөхүүлэх боломж олгодог. Ээжүүд хөхний сүүгээ саахдаа тусдаа хувийн орон зайд хүүхдийнхээ зургийг харах нь аз жаргалын дааврыг ялгаруулж, сүүний гарц болон хөхөөр хооллолтыг сайжруулдаг гэж үздэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг зургаан сар хүртэл хөхөөр хооллох, зургаан сараас хоёр нас хүртэл хөхөөр болон бор хоолоор хослуулж хооллох нь хүүхдийн насан туршийн суурь дархлааг бий болгодог. Хөхний сүү бол хүүхдийн анхны вакцин гэж үздэг. Хүүхдийн суурь дархлаа сайн тогтсоноор аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, чихний хатгалгаа, суулгалт зэрэг өвчнөөр эрсдэх магадлалыг бууруулдаг. Ээжид хөхний хорт хавдар тусах аюулыг багасгадаг.
Хөхний сүүгээ хэрхэн, хэр удаан хугацаанд хадгалах боломжтой вэ?
Энэ өрөөнд хөхөө саахдаа өөрийн саалтуур, сүү хадгалах зориулалтын уутыг авч ирээд, хөхөө суллах боломжтой. Саасан сүүгээ дараа нь хүүхдэдээ аваачаад хөхүүлэх боломжтой.
Хөхний сүүг тасалгааны температурт дөрвөн цаг, хөргөөгчинд дөрвөн хоног, хөлдөөгөөд зургаан сар хүртэл хадгалж болно. Тиймээс та ажлаа хийж байхдаа ч хүүхдээ хөхнийхөө сүүгээр хооллох боломжтой.
Хөхүүл өрөөтэй болсон газруудын ээжүүд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Ээжүүдийн сэтгэгдэл маш өндөр байна. Анх төслөө эхлүүлэх гээд ээжүүдийн комментуудыг уншиж байхад их хэцүү сонсогдож байсан. “Ажлаа хийж байхад хөх нь чинэрээд хэцүү байдаг. Тухтай өрөө байхгүй учраас ихэнхдээ 00-д хөхөө сулладаг. Хөхнийхөө сүүг суллаад, ихэнхдээ шууд асгадаг” гэж ээжүүд бичсэн байсан. Байгууллага бүр ийм гоё тухтай өрөөтэй байвал хүний эрхийг мэдрэмжтэй хамгаалж, нэгнийгээ дэмжиж байгааг илтгэнэ.
Ээжүүдийн хувьд тухтай газар хөхөө суллаад, их ажлын хажуугаар хэсэг амсхийх боломж олгож байна. Харин байгууллагад ямар ач холбогдолтой вэ?
Манай улсанд тамхины өрөөний хууль байдаг. Харин хөхүүл ээжүүдийн ажил эрхлэлтийг дэмжих л хууль байдаг. Энэ дэмжих гэдэг нь хянагдаж, биелэгддэггүй. Бид тамхины өрөөнд хоёр мкв талбайг зориулдаг хэрнээ яагаад ээж, хүүхдэдээ хоёр мкв талбайг зориулж болохгүй байна вэ.
Байгууллагад ямар ач холбогдолтой вэ гэвэл нэг талаас тухайн эмэгтэй ажилтнаа байгууллага нь дэмжиж байна. Нөгөө талаас, манай улсад өвлийн цагаар хүйтэн, агаарын бохирдол их учраас бага насны хүүхэд өвдөх эрсдэл маш өндөр байна. Өвдөөгүй хүүхэд гэж алга. Тэр хүүхдүүдэд туслах бас нэг хүчин зүйл бол байнга хөхөөр хооллох систем юм. Хөхөөр хооллолтыг байнга дэмжсэнээр тухайн хүүхдийн суурь дархлаа сайн тогтоно. Тухайн ээж ажлаасаа хүүхэд асрах чөлөө бага авна. Үүнийг дагаад ажлын бүтээмж нэмэгддэг.
Олон улсын жишээ яривал, Индонез улсад хувцасны үйлдвэрлэл маш их байдаг. Хувцасны үйлдвэртээ хөхүүл ээжийн өрөөг бий болгосноор ээжүүд хүүхэд нь өвдсөн учраас асрах шалтгаантай чөлөө авах нь маш ихээр буурч, үйлдвэр нь ажлын бүтээмжээ өндөр хувиар өсгөсөн гэсэн сонирхолтой судалгаа байдаг.
Зөвлөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
Видеог дээрээс үзнэ үү.