ХЭҮК-оос "Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа"-г өчигдөр /2022.12.20/ танилцууллаа. Тус судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн хүрээнд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна. Энэ үеэр судлаачдын онцолсон байр суурийг түүвэрлэн хүргэж байна.
Судлаач Б.Нямжав:
– Бэлгийн мөлжлөг, хил дамнуулах худалдаалах үйл ажиллагаа бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр. Үүнийг конвенциор зааж өгсөн байдаг. Энэ хүрээнд бид бэлгийн мөлжлөгт өртөж байгаа охид болон ажлын байран дээрх бэлгийн дарамтад өртөж буй охидтой уулзаж, хэд хэдэн төрлийн судалгаа хийж үзсэн. Судалгаагаар ноцтой асуудлууд илэрсэн. Тухайлбал, охидын яриагаар ажил олгогч болон хамт ажиллаж байгаа ахимаг насны, ялангуяа 28-35 насны эрэгтэйчүүд залуу охидыг сонирхож оролдох, дарамт үзүүлэх, ёс зүйгүй хандах тохиолдол их байна. Хэрэв таагүй хандаж эсэргүүцвэл ажил олгогч нарт худлаа мэдээлэл өгөх, ажлаас нь халуулах тохиолдол өндөр байна гэх судалгаа гарсан.
ХҮҮХДЭД ААВ ЭЭЖИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ, ХИЧЭЭЛЭЭС ХӨНДИЙРСӨӨР БАЙНА
Ихэнх хүмүүс хүүхдүүд гэртээ дэм болж ажил хийх нь зүй ёсны зүйл гэж үздэг. Гэвч ажил нь сургуулиас хөндийрөх хэмжээний байна уу, боловсрол олж авах хэмжээндээ байж чадаж байна уу, тэр хүүхдэд өөрийгөө хөгжүүлэх боломж нь гарч байна уу гэдгээр нь гэрийн ажлыг дүгнэж байх хэрэгтэй. Гэрийн ажлыг эцэг эхчүүд зүй ёсных гэж үздэг ч гэлээ хүүхдүүдтэй уулзаж, кэйс судалгаан дээр яриад үзэхэд сурах бололцоогүйгээр гэрийн хөдөлмөр эрхэлж байгаа нь тогтоогдож байгаа. Тухайлбал, айлын том охид ихэвчлэн дүү нараа харах, ээж аавынхаа оронд гэрээ цэвэрлэх, хоол ундаа хийх зэргээр дүү нарынхаа хувьд эцэг эхийн буюу асран хамгаалагчийн үүргийг нь гүйцэтгэж байдаг. Ийм тохиолдлууд маш их байна.
ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН МӨЛЖЛӨГЧ БООЛЧЛОЛ РУУ ОЙРТОЖ БАЙНА
Хүүхдийн эрхийн 180 дугаар Концвенциор хүүхдийн хөдөлмөрийн боочлолын хэлбэрүүдийг тодорхойлсон байдаг. Хурдан морь унаач хүүхдийн асуудал энэ үзүүлэлт рүү нэлээд дөхөж очдог. Хүүхдүүд өглөөний 6 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа нь их эмзэг сэдэв. Нэг хэсэг нь үүнийг уламжлал гэж хардаг ч нөгөө хэсэг нь мөлжлөг гэж үздэг. Хурдан морины унаач хүүхдээс ярилцлага авсан. Энэ ярилцлагаар баруун аймгаас зүүн аймагт очиж хурдан морь унасан хүүхэд оргож зугтсан тохиолдол хүртэл гарсан. Үүнээс гадна, хүүхдэд хүчээр тамхи татуулах зэргээр ёс зүй, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх зүйлс ажиглагдсан. Тэгэхээр унаач хүүхдийн асуудал боочлолын хэлбэр рүү дөхсөн байна гэж дүгнэж болохоор байна.
-Г.Түвшинжаргал хуульч:
Хүүхдийн засаг муудах тусам хүүхдийн хөдөлмөрий мөлжлөг улам нэмэгддэгийг судалгаа харуулж байна. Хүүхдүүдээс ярилцлагын судалгаа авч үзэхэд бэлгийн мөлжлөгт өртсөн байх тохиолдол маш өндөртэй, хар тамхи, мансууруулах бодисын нөлөөнд ямар нэг байдлаар оролцсон байх магадлалтай байна. Дарамттай ажлын байранд ажил хийхийг хүсэхгүй байгаа хэдий ч гэр оронд нь мөнгө төгрөг байхгүй, дүүгээ асрах ёстой зэрэг олон шалтгаанаар тэд аргагүйн эрхэнд явж байна.