12-р сарын 3-аас эхлэн улсаараа шударга ёс хайж, нүүрсний хулгайчийн эрэлд гараад буй. Нүүрсний хулгайчийн эрэлд гарсан энэ үед сэтгүүлч миний бие ч нүүрсний хулгайчийн эрэлд гарч, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд олж цуглуулсан баримт мэдээллээ та бүхэнтэй хуваалцаж "Улс төрийн задлан" нэвтрүүлгийн шинэ дугаараа бэлдлээ.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
ХЯТАДУУД НҮҮРС ТОЙРСОН АВЛИГЫН ХЭРГЭЭ ШИЙДСЭН НЬ…
БАРИМТ НЭГ.
Хятадын Коммунист Намын Төв Хорооны шийдвэрээр 2020 оны 2-р сараас Өвөр Монголд нүүрс дагасан авлигын эсрэг “Daocha Ershinian” (倒查20年) буюу “20 жилийг нэхэн шалгах” хэмээх ажиллагааг эхлүүлж, 2000 оноос хойш Өвөр Монголын нүүрсний экспорт, импортын асуудлыг шалгаж эхэлсэн юм. Монголчууд бид 2-3 жилийн нүүрсний хулгайн асуудлаа ярьж байхад хятадууд бүр углуургаар нь буюу 2000 оноос эхтэй нүүрсний авлигын хэргээ шалгасан гэсэн үг. Хятадын Коммунист Намын Төв Хорооны Сахилга батыг хянан шалгах төв комиссын мэдэгдсэнээр, хоёр жилийн хугацаанд энэ ажиллагааны үр дүнд 789 хэрэгт 1163 хүнийг шалгаж, 942 хүнд шүүхээс ял оноож, 62 тэрбум 800 сая юанийг хураасан байна./энэ одоогийн төгрөгийн ханшаар шилжүүлж бодвол 30 гаруй их наяд юм/
/Зурагт нүүрс тойрсон авлигын хэргээр шүүгдэж буй шүүгдэгчид зогсож байна/
БАРИМТ ХОЁР.
Нүүрс тойрсон авлигын хэрэгт шийтгэгдсэн хятадын гол албан тушаалтнууд:
- Юнь Гуаньжун – Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны Тэргүүлэгч гишүүн, Хөх хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан. 2019 онд баривчлагдаж, 14 жилийн хорих ялаар шийтгэгдсэн.
- Син Юнь – Өвөр Монголын Өөртөө Засах Орны намын хорооны Тэргүүлэгч гишүүн, Хууль цаазын төв комиссын нарийн бичгийн дарга байсан. 2019 онд баривчлагдаж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн.
- Дү Жуаньши – Баяннуур аймгийн Урад Зүүн хошууны намын хорооны нарийн бичгийн дарга. 2 сая долларын авлигын хэргээр 17 жилийн ялаар шийтгэгдсэн.
- Сүн Вэньдай – Өвөр Монголын төрийн өмчит Цянькун үйлдвэрийн Ерөнхий менежер. 85 сая юаний авлига, 134 кг алт, 995 кг мөнгө, 4 машин, 4 байрыг хураан авч, цаазын ялаар шийтгүүлсэн.
- Гуо Ган. Энэ хүн бол монголын төр засагтай, монголтой хамгийн ойр дотно, нягт ажиллаж байсан хүн. Яг одоогоор энэ хүнийг ямар ялаар шийтгэсэн нь албан мэдээнд тодорхой бус буюу "шалгаж байна" гэх мэдээлэлтэй байна. Гэхдээ "тоглоомын гол тоглогч". Өвөрмонгол дахь эх сурвалжуудаас авсан мэдээллээр Гуо ганд цаазын ял оноосон гэх. Тэр 1970 онд Хэбэй мужид төрсөн. 2004 онд Хятадын Коммунист Намд гишүүнээр элсэж, 1992-1996 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль төгссөн. 2002-2004 онд БНХАУ-ын Худалдааны яамны томилолтоор БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн дарга, 2004-2006 онд 2-р нарийн бичгийн дарга, 2006-2007 онд ЭСЯ-ны намын үүрийн дарга, 2007 онд Эрээн хотын даргын туслах, 2007-2010 онд Эрээн хотын дэд дарга, 2010-2012 онд Өвөр Монголын намын хорооны Гадаад сурталчилгааны газрын дэд дарга, 2012-2017 онд Өвөр Монголын Худалдааны газрын дэд дарга, Боомтын хэлтсийн дарга, 2017-2020 онд Баяннуур хотын дэд даргаар ажилласан. 2020 оны 3-р сард ажлаасаа чөлөөлөгдөж, 4-р сард Баяннуур хотын намын хорооны дэд даргын ажлаас чөлөөлөгдсөн.
ГӨӨГӨН ДАРГА
Гуо Ганыг Монголчууд Гөөгөн дарга гэж дууддаг байсан ба тэр Монголын хамгийн их нүүрс гаргадаг ганц мод боомт байрлах Өвөрмонголын Баяннуур аймгийн дэд даргын ажил эрхэлж байсан юм. Монголын нүүрсчид "ганц модны гацаа" гэх хэлц үгтэй байсан ба энэ нь Баяннуурын цэргээс дарга хүртэл хүнд сурталтай гэдэг агуулгыг илэрхийлдэг байжээ. Монголчууд нүүрсээ олон улсын эрээний боомтоор биш орон нутгийн мэдэлд байх Өвөрмонголын ганц мод боомтоор гаргадаг байв. Энэ нь хараа хяналт сул байдагтай холбоотой аж.
/Зурагт нүдний шилтэй Гуо Ган. Тэр маш сайн Монгол хэлтэй тул Монголчуудтай "ойлголцдог" байв./
ХОЁРДУГААР ХЭСЭГ
ХЯТАДЫН ТАЛААС МОНГОЛД 30 ГАРУЙ ХҮНИЙ НЭР ӨГЧЭЭ
БАРИМТ ГУРАВ.
Өвөрмонгол эх сурвалжуудын бидэнд мэдээлснээр Хятад улс аль хэдийнээ нүүрсний хулгайн асуудлаа шийдчихсэн. Бүгд нэг тийш болсон ба Хятадын шүүхээс ял сонссон авлигачид хамсаатан монголчуудаа нэрийг нь дурдаж илчилсэн гэх. Тэр илчилсэн хүмүүсийн нэрийг Хятадууд Монголчуудад өгсөн ба манай улсын прокурор тэр нэрсийг зарлах боломжгүйгээ мэдэгдсэн. Нэрс зарлахгүй гэх үндэслэлээ манай хуулийнхан тайлбарлаагүй ч нэрс зарлаагүйгээс болж үүдэх сайн муу хоёр тал байна.
1. Хятадын талаас өгсөн сэжигтнүүдийн нэрийг манай хуулийнхан дарах нь хулгайч байж болзошгүй хүмүүсээ нууж, дарах эрсдэл дагуулна.
2. Эсвэл чиний нэр Хятад улсаас ирсэн гээд дургүй хүнээ намнах хэрэгслээ болгож болзошгүй.
3. Тусгаар тогтносон улсын хувьд хөрш улсаас чиний нэр ирсэн гээд сэжигтнээ хөдөлшгүй баримтаар нотолж чадахгүй яллабал иргэдээ гаднын улсын мэдээллээр ялласан үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ч нөлөөлж болзошгүй суурь болно. Социализмийн үед Оросод аваачиж монголчуудыг бууддаг байсан хэмээх түүх орчин цагт биежих эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс Хятадын талаас нэрс авсан нь сайн ч бас муу ч талтай байгаа юм.
АТГ нүүрс тойрсон авлигын хэрэгт холбогдуулж 17 хүний нэр зарласан бол Өвөрмонгол эх сурвалжуудын бидэнд мэдээлснээр Хятад улс монголын хуулийнханд 30 гаруй сэжигтний нэр өгсөн гэв. Хятадын талаас ирсэн 30 хүний нэр мэдээж гэмт хэрэгтний тухай мэдээлэл биш. Сэжигтний мэдээлэл гэдгийг бид анхаарах ёстой. Хэрэгтэн биш сэжигтэн.
Хятадын талын өгсөн нэр дотор ЭТТ компанийн захирлууд, Таван толгой төмөр зам компанийн захирал, тээврийн нүүрсний хилийн байцаагч иргэн Э, хилийн боомтын төлөөлөгч Д, хилийн ажилтан Д, гэх мэт том "жижиггүй" 30 гаруй хүний нэр өгсөн гэв.
ГУРАВДУГААР ХЭСЭГ: “ЖИЖИГ”-ЭЭ НАМНААД ТОМОО “ГЭЭХ” ҮҮ?
Өвөрмонголын Бугат хот, Баяннуур аймгийн харьяат хятад иргэдээс авсан мэдээллээр бол хятадын талаас монголд өгсөн 30 хүний нэр дотор эрдэнэс таван толгой компанийн удирдлагуудын болон хил гаалийн ажилтнуудын нэр л байгаа. Харин орон нутгийн жижиг таван толгой ХК-тай холбоотой нэр ус байгаагүй гэж мэдээлэв. Өөрөөр хэлбэл АТГ, монголын хуулийнхан 17 хүний нэр зарлахдаа жижиг таван толгойд хамаарах хэд хэдэн хүний нэр зарласан ба нэвтрүүлгийн багийнхан бид зөрүүтэй мэдээлэл олсон гэсэн үг.
ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙ ХК бол бирж дээр бүртгэлтэй, биржээр арилжаагаа хийдэг буюу биржийн хяналтад байдаг, орон нутгийн 65 мянган иргэн тус компанийн 51 хувийг эзэмшдэг. Мөн гаднын 11 улсын хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийн бүтцийг харвал 19.69 хувийг АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ажнай корпорацийн Д.Бат-Эрдэнэ, 16.31 хувийг С.Мөнхжаргал гэдэг хүмүүс эзэмшдэг байна.
/Хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ/
/Хувьцаа эзэмшигч С.Мөнхжаргал/
Өөрөөр хэлбэл эрх баригчид дараах гурван үндэслэлээр олон нийтэд жижиг таван толгой гэх хувьцаат компанийнхан нүүрсний хулгайчид мэт ойлголт төрүүлж, мэдээллийн төөрөгдөлд оруулж байж болзошгүй байна.
1. Улсын хэмжээнд АН бүтэн ялсан Сүхбаатар, Өмнөговь гэсэн хоёр аймаг бий. Жижиг таван толгойн хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ сөрөг хүчний гишүүн ба эрх баригчид ирэх сонгуульдаа бэлдэж тойргоо "цэвэрлэж" байж болзошгүй.
2. Жижиг таван толгой ХК-д БЭТ томилж, төр нөлөөгөө тогтоогоод нүүрсний гэрээний тодорхой хэсгийг өөрсдөө авах, хяналтдаа оруулах.
3. Нэр нэгтийн чих нэг гэх үг бий. Нүүрс л бол нүүрс. Таван толгой л бол таван толгой гээд жижиг таван толгой буюу олон нийт төдийлөн мэддэггүй, сөрөг хүчний, орон нутгийн иргэд хувьцааг нь эзэмшдэг компанийг нүүрсний хулгайчид мэтээр нийгэмд ойлголт төрүүлээд Эрдэнэс таван толгойг алсуур "авч үлдэх" тактик байж ч мэднэ.
Жижиг таван толгойд жишээ нь төр БЭТ томилсноор гаднын хөрөнгө оруулагчдаа үргээх өндөр эрсдэлтэй ба энэ тухай МУИС-ийн доктор, профессор Л.Оюун, "Шууд хэлэхэд төр хувьцаат компанид БЭТ гээд хүнээ томилсон нь гаднын гэлтгүй хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй, ингэж болохгүй" гэж Масс.мн сайтад ярилцлага өгч байжээ.
/Л.Оюун/
Үүнээс эрх баригчид "жижиг"-ээ намнах гэсэн арга уу гэж хардахад хүрч байна.
Гэтэл үнэндээ Эрдэнэс таван толгой компани нь цэргийн эсвэл тагнуулын байгууллага биш атлаа, үндсэн хуульд зааснаар ард иргэдийн мэдлийн баялгийн бизнес эрхэлдэг компани хэрнээ НУУЖ байгаад гэрээ хийчихдэг, нууж байгаад нүүрсээ зарчихдаг газар. Энэ нь оффтэйк гэрээ гэгчээр нь илэрсэн. Жишээ нь долоон оффтэйк гэрээнийхээ тавыг л ганцхан хүнтэй хийсэн байв. Таван гэрээг нь Д.Баясгалангийн "Бодь" хийсэн ба гэрээ бүрийг, заалт болгоныг, бүхнийг шалгах учиртай газар нь ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ. Гэтэл тэд томоосоо олны анхаарлыг сарниулж жижиг рүү зааж байгаа нь анхаарал татна.
/Д.Баясгалан/
ТАВДУГААР ХЭСЭГ: НҮҮРСНИЙ МӨНГӨ БАРИЛГЫН МӨНГӨ БОЛЖ ОРЖ ИРДЭГ ҮҮ?
Бид Хятадын авлигатай тэмцэж хийж хэрэгжүүлж буй ажлуудаас нь суралцах хэд хэдэн зүйл байна. Тэд асуудлыг өчигдрөөр харахгүй углуургаар нь харж байна. Тийм дээ ч 20 жилийн хэргийг нэхэн шалгажээ. Тэд 1000 гаруй хүнийг шалгаж байцаасны эцэст 942 хүндээ ял оноосон. Өөрөөр хэлбэл монголчууд бид Өвөрмонгол руу 2005 оноос эхэлж нүүрсээ зарж эхэлсэн гэж үзвэл дор хаяж 17 жилийн нүүрс тойрсон авлигын хэргээ сөхөхөд ч болохоор байгаа юм. Мөн монголын нүүрсний хулгайчдын хулгайн мөнгөний ул мөрийг хөөж, тэр мөнгө хаашаа орсныг илрүүлэх учиртай. Тэгж чадвал зөвхөн төрийн бус татвараас зугтсан хувийн хэвшлийн олон хүнийг ч илрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хэргийг иж бүрнээр, цогцоор нь шийдэхийн тулд хилийн цаана, наана цэг бүр дээрх оролцогч албан тушаалтан хэн бэ гуайг ч ойлгомжтой зураглаж гаргаад өөрсдийн талын авлигын схемээ босгох хэрэгтэй болов уу. Манай улсын нүүрсний авлигачид зөвхөн 17-хон хүнээр тогтоно гэж үү.
Жишээ нь нүүрсний хулгайч байж болзошгүй гэж 17 хүний нэрийг зарласнаас дотор нь манай салбарын буюу МСНЭ-ийн эвлэлийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаярын нэр буй. Түүний сэжүүрүүдийг "хурууны үзүүрээр" хөөгөөд үзвэл,
1. Х.Мандахбаяр нь барилгын хэд хэдэн том төсөл эхлүүлсэн ба нэг л жишээ нь гэхэд Grand Marshal. ТВ бүрээр рекламаа цээжилтэл сурталчилж, бараг хүссэн бүхэнд орон сууцны үнээ бууруулж, заримд нь зүгээр ч өгч байлаа. Мөн Зиндаа.мн сайт, Зиндаа сэтгүүл, ТВ8 телевиз. Өөрөөр хэлбэл тэр нүүрснээс олсон мөнгөө медиа, барилга хоёр руу хийсэн байж болзошгүй сэжүүр.
2. Мөн Х.Мандахбаярын компанид арматур нийлүүлдэг гэх А.Даваадорж. Тэр Х.Мандахбаярын зиндаа сайтад "хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэр барьж болно" хэмээн гангийн үйлдвэрийг богино хугацаанд барьж чадах болтлоо баяжсанаа илэрхийлэн хэлж байжээ.
Мөн А.Даваадоржийн эхнэр У.Нямхүү л гэхэд дипломат албаны туршлагагүй атлаа элчин болоод явсан. Түүнийг Х.Мандахбаярын түлхээсээр Франц улсад суух элчин болоод ниссэн гэдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ гурван хүний л холбоос энэ гурвын ард эрх баригч нам дотор өөр бүр ТОМ ар байгааг илтгэнэ.
/У.Нямхүү/
Таамаг бодит мэт А.Даваадорж нүүрсний хэргийн сэжигтнүүдийг баривчилж буй ид үед гадаад нисээд явсан байгаа юм.
Уулын ам бүрд барилга сүндэрлэж байсны цаад шалтгаан ийнхүү нүүрсний мөнгө барилгад шингэж эсвэл Монголын нүүрс монголд эргэн орж ирэхдээ арматур гэх мэт барилгын материал болоод ирж байсан юм биш байгаа гэх таамаг.
Монгол уг нь баян. Даанч хулгайгаа дийлэхгүйдээ тулж, хулгайчид нь хулгайлсан мөнгөөрөө эргээд хэн бүхнийг авлигадаж, тэрийг нь мэдсэн иргэд хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхийн наагуур эсэргүүцэн төв талбайдаа жагссаар. Яг үнэндээ хөшигний цаана хулгайчдын хамсаатнууд хулгайчдыг илрүүлэх жүжиг тоглосоор… Эсвэл хулгайч илрүүлж байгаа нэр зүүсэн жижиг жараахайнуудын ангууч уу. Бид улам л тэднээс илүү бодож, ухаанаа уралдуулах шаардлага тулгарч байна. Жижиг ч гэлтгүй хулгайч л бол хулгай. Гэхдээ жижигдээ аархдаг шигээ томдоо ч аархвал…
Нүүрсний хулгай, баялгийн хулгай, боломж хулгайлагчдийн талаар бид мэдээлсээр байх болно.
СЭТГҮҮЛЧ У.БОЛОРТУЯА
ЭВЛҮҮЛГИЙН НАЙРУУЛАГЧ С.БААСАНДАШ
ЗУРАГЛААЧ М.БОЛДХҮҮ
МЕНЕЖЕР М.БОЛОРТУЯА
ХЯТАД ХЭЛНЭЭС ХӨРВҮҮЛСЭН БАРГИЛ
ЭХ СУРВАЛЖУУД: Б,Э,Г,Т,С,С,Д, Н