Ардчилсан тогтолцоонд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн гурав салгаж хэрэгжүүлдэг. Тэгвэл гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн Газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хуулиа, шүүхийн шийдвэрээ огтхон ч үл хэрэгссээр олон жилийн нүүр үзжээ.
Аргаа барсан уурхайчид эрх ашгаа хамгаалахаар Төв талбай дахь жагсаалд нэгдэв. Тэдний тавьж байгаа шаардлага маш энгийн. Төр, засаг ажлаа хий, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүл, гүйцэтгэ юм.
Шаардлагыг ухаж үзвэл дараах зүйлс тодорхой боллоо. Төрөөс зохих хууль журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл аваад, хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө, олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан хайгуулчид, уурхайчдыг Засгийн газар хохироосоор байна. Бүх үйл ажиллагаагаа Монгол улсын хууль, журмын дагуу явуулсан аж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвшөөрлийг Төр “Тусгай хэрэгцээнд авах” нэрээр цуцалсан хэр нь хуульд заасан нөхөн олговрыг олгохгүй орхих нь хэвийн үзэгдэл болжээ. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд шүүхэд хандах бүрд Шүүх Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарт хуулийн дагуу нөхөх олговор олгохыг даалгаж шийдвэрлэдэг. Талбай дээр цугларсан компанийн төлөөллүүд бүгд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргуулсан. Бүр гурван шатны шүүхийн шийдвэрээр нөхөн олговроо авах ёстой. Шүүхийн шийдвэр гараад 5, 6 жил хүлээгээд нөхөн олговроо авч чадаагүй компаниуд цөөнгүй.
Гэтэл Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах талаар ямар ч идэвх санаачилга гаргахгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар өдөр хоногийг аргацааж байна. Ардчилсан тогтолцооны амин сүнс нь Хуулийн засаглал, хууль мөрдөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх байдаг. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өөрсдийгөө хууль биелүүлэхгүй байх эрхтэй гэж үзэж байгаа бол түүнийгээ шууд зарламаар байна. Тэгвэл иргэд, аж ахуйн нэгжүүд ч хариуд нь хуулийг үл хэрэгсэх, Засгийн газрын шийдвэрийг үл тоох эрхтэй.
Уурхайчид, уул уурайн компаниуд Засгийн газар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт хандан “Ажлаа хий, хуулиа хэрэгжүүл, шүүхийн шийдвэрийг биелүүл” гэсэн шаардлагыг тавьж, жагсаж байна. Эс тоосоор байх аваас тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлж байгаа ажээ.