“Өрөг хэлэлцүүлэг” нэвтрүүлэг “Экспортын боломжийг ашиглаж эдийн засгаа сэргээе” сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг бэлтгэн, та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээ “Экспортын боломж ба асуудал” сэдвээр бэлтгэлээ.
Нэвтрүүлгийн зочдоор:
- “Ханбогд” кашмерын Ерөнхий захирал Ч.Ганцэцэг
- Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны захирал Д.Баярсайхан
- Жимс, жимсгэний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Цэвэлмаа
- “Одь тан” компанийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам нар оролцлоо.
“Ханбогд” кашмерын Ерөнхий захирал Ч.Ганцэцэг хэлэлцүүлэгт оролцохдоо ингэж ярьлаа.
-Кашмер бол уул уурхайн бус экспортынхон дунд хөгжлийн хувьд нэлээд тэргүүлж яваа салбар. Одоогийн байдлаар хэчнээн орон руу хэдий хэмжээний экспорт хийж байгаа вэ?
-Одоогоор 10 гаруй улс руу экспорт хийж байна. Сүлжмэл болон самнасан ноолуур экспортолж байгаа. Гурван улсад өөрийн нэрийн барааны дэлгүүртэй болсон. Цаашид экспортоо нэмэхийн тулд төр, засгаас экспортыг дэмжсэн бодлого нь санхүүжилттэйгээ уялдсан хөтөлбөр шаардлагатай байна. Тухайн компани ганцаараа бүх төлбөрөө төлөөд гадаадад экспорт хийх, гадаадын үзэсгэлэн худалдаа, загварын шоунд оролцох, бүх зүйлээ хариуцаж байгаа. Энэ нь тухайн компанид санхүүгийн том дарамт болдог. Үүнийг бид өөрсдийн эх үүсвэрээр зохицуулсаар ирсэн.
Бусад улс экспортын бодлогоор санхүүжилт өгдөг. Тухайн аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнийхээ чанар, технологи, загварт маш сайн анхаарч, загварын том шоу, экспортын бэлтгэл ажлаа хангаж ажилладаг. Монголд энэ бүхнийг зөвхөн тухайн компани хийж байгаа нь тухайн компанийн эдийн засагт дарамттай. Хоёрдугаарт, улам их экспорт хийх, илүү том амжилт руу тэмүүлэх цаг хугацааг алддаг.
-Жилд яг хэдий хэмжээгээр экспортлож байгаа вэ. Бүтээгдэхүүн, самнасан ноолуураа та бүхэн дангаараа гаргадаг уу. Эндээ каластер хэлбэрээр өөр байгууллагуудтай хамтардаг уу?
-Одоо бол манайх дангаараа сүлжмэл бүтээгдэхүүн, самнасан ноолуур экспортлож байгаа. Жилд 60 сая ам.долларын экспорт хийдэг. Жилд манай экспорт 10-20 хувиар нэмэгддэг. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа.
-Хамгийн сайн санхүүжилт авдаг салбарыг ноолуур гэж хардаг. Жилд та бүхэн санхүүжилтэд ямар байдлаар хамрагдаж байна вэ?
-Ноолуурын салбарт санхүүжилт өгч байгаа боловч нэг жилээр олгодог. Жилийн хугацаатай санхүүжилт, зээл аваад эргэн төлөөлт нь зургаан сарын дараа эхэлдэг. Санхүүжилтыг арай урт хугацаатай, гурав, таван жилээр ч юм уу олговол тухайн компани заавал санхүүжилт хөөцөлдөхгүйгээр экспортоо нэмэгдүүлэх, компанийнхаа бүтээмж, хөгжил дэвшил, алсын харааг томоор харах боломж нээгдэнэ. Тийм учраас бид жил бүр зээлтэй ноцолдож байгаа. Бидний алтан цаг үр ашиггүй өнгөрч байгаа гэж боддог.
-Жилийн хугацаатай санхүүжилт нь ямар санхүүжилт вэ?
-Түүхий эд бэлтгэлийн зээл. Нэг жилийн хугацаатай, зургаан сар болоод эргэн төлөлт хийгддэг. Засгийн газраас түүхий эд бэлтгэлд зориулж гурван хувийн хүүтэй зээл олгодог.
-Экспортын боломжийг улам тэлэхэд санхүүжилт, олон улсын зах зээлд хийх маркетинг дутмаг байна гэлээ. Ноолуурын компаниуд нийлээд нэгдсэн маркетинг хамт хийх оролдлого хийж үзсэн үү. Санхүүжилтийг яг ямар хэлбээр олговол Монгол Улс экспортоо тэд дахин тэлнэ гэсэн тодорхой тооцоолол бий юү?
-Ноолуурын салбарт нэн тулгарч буй зүйл бол ээрмэлийн үйлдвэр, утасны үйлдвэрийн хүчин чадал бага байгаа. Тиймээс утас ээрэх үйлдвэр хэд, хэдийг нэн яаралтай барих шаардлагатай байна. Тоног төхөөрөмж нь маш өндөр өртөгтэй, хэдэн сая евро. Ийм үйлдвэрийг олноор барьж, урт хугацааны, бага хүүтэй зээл олговол ноолуурын салбарын экспортыг дахиж нугалах, улам нэмэгдүүлэх боломж маш их байгаа.
Ер нь Монголын ноолуурын салбар дэлхийд танигдсан. Бас ч гэж энэ хугацаанд нэлээд их техник технологи, маркетингийн ажлууд хийгдсэн. Цаашид ч үе шаттайгаар хийж явахын тулд экспортоо жилээс жилд 20-30 хувиар нэмэх төлөвлөгөөтэй байна.
Экспортод яг ямар процессоор гаргадаг вэ. Олон улсад гаргахад ямар нэгэн асуудал үүсдэг үү?
-Экспортод гаргахад нэлээд олон бичиг баримт бүрдүүлдэг. Нэг бичиг авахын тулд гурван байгууллагын хаалгаар орно. Дарга нар нь байнгын хуралтай, гадуур явдаг. Тийм учраас экспорт хийж буй аж ахуйн нэгжүүдийг нэг цонхны үйлчилгээтэй болгох хэрэгтэй байна. Нэг газраас хэрэгтэй, шаардлагатай бичих баримт, зөвшөөрлөө авчихвал цаг хугацаа хэмнэнэ.
-Экспортод гаргах бүрдээ бүрдүүлж өгдөг үү?
-Тэгдэг. Бүтээгдэхүүнээ экспортод гаргах бүрдээ бичиг баримтаа дахин, дахин бүрдүүлдэг.
-Ойролцоогоор хэдэн хоногийн хугацаа шаардагддаг вэ?
-Долоо хоногт хоёр экспорт гарах бол яг л адилхан хугацаа шаардагдана. Яг л хөөцөлддөг бичиг баримтаа дахиад хөөцөлдөнө. Монголоос экспорт гарч л байгаа бол хүн бүхэн баяртайгаар бичиг баримтыг нь шуурхай бүрдүүлэх хэрэгтэй. “Монголоос олон экспорт гараасай. Вальт их хэмжээгээр орж ирээсэй” гэдэг хандлагатай болох нь зүйтэй. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, сурталчлахын хэрээр тухайн орны экспорт нэмэгддэг. Монголд энэ их дутмаг байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид бүхнийг өөрсдөө зохицуулаад, ялтай юм шиг явдаг. Энэ цаг үе өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.