Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та сая жижиг Тавантолгойд ажиллаад ирсэнн. Тэнд нүүрсний хулгай нүүрлэсэн гэх их байдаг. Жижиг Тавантолгойд ажилласан талаараа мэдээлэл өгөхгүй юү?
-Засгийн газрын 450 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж ажиллаад ирлээ. Юуны түрүүнд Компанийн бүрэн эрхт төлөөлөгчийг ажилд нь оруулж, компанийн удирдлагыг гартаа авсан гэж ойлгож болно.
Газар дээр нь дүгнэлт хийж, авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний талаар Засгийн газарт өнөөдөр танилцууллаа. Нэгдүгээрт, хөндлөнгийн экспертүүдийг оруулж, тэсэлгээний ажил, уулын ажлын олборлолт, өн холбогдох төлөвлөгөөнүүдийг авна. Төрийн өмчит аж ахуйн нэгж болон "Тавантолгой" ХК хоорондын үүсээд буй мөргөцгийн асуудал, хулгайгаар ачигдсан эсэхийг хөндлөнгийн экспертүүдээр шалгуулж тогтооно.
Хоёрдугаарт, нүүрс шатсан, исэлдсэн гэх асуудлыг зөвхөн компанийн инженерүүдийн хэлснээр асуудалд хандахгүй. Тиймээс хөндлөнгийн экспертүүд, геологич, инженер, техникийн ажилчдыг оруулж, үүнийг шалгуулан, нөхцөл байдлыг тодруулна. Шатсан нь үнэхээр үнэн үү. Нүүрс исэлдсэн гээд байгаа. Исэлдэл гэдэг бол газрын дор хэдэн сая жилийн турш өөрөө бүрэлддэг асуудал. Ухаад гаргачихсан нүүрс өөрөө исэлдэнэ гэдэг нь олон сар жилийн турш исэлдэх ийм процесс явагддаг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий.
Гуравдугаарт, БНХАУ бүх гэрээгээ бүртгэдэг. Бүртгэсэн гэрээний дугаар маш чухал. Манай гаалийн байгууллагад ирж буй мэдээллийн тоог дээд шатанд хүргэж, бүртгэхэд БНХАУ гаалийн байгууллагатай зөрдөг. Үүнийг БНХАУ-аас гэрээгээ татаж аван, балансад тусгасан орлогын дагуу тулгана. Эндээс зөрч байгаа эсэх нь маш тодорхой болно. Үүнээс гадна олон улсын аудитын байгууллагыг оруулах шаардлагатай.
Гэрээний дагуу "Тавантолгой" компанийн үйл ажиллагаа зогссон байх үед Хятадаас том оврын экскаватор оруулж, нүүрс хулгайгаар олборлосон гэх асуудал бий. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Үүнийг мөн хөндлөнгийн аудитаар шалгуулна.
Энэ мэтээр олон нийтийн дунд эргэлзээ үүсээд буй асуудлуудад цэг тавина, тодорхой болгоно.
"Эрдэнэс Тавантолгой" компани нийт 58 мянга орчим га талбай буюу нийт ордын 95.5 хувьд үйл ажиллагаа явуулж байгаа. "Тавантолгой" компани 0.4 хувьд нь буюу 269 га газар дээр, нийт 219 сая тонн нүүрсний нөөцтэй үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчийн “Тавантолгой” компанийн газар дээр орон нутгийн өмчит Тавантолгой компани үйл ажиллагаа явуулдаг. Хоёулангийнх нь орц, гарц нь нэг. Алиных нь нүүрс ямар хэмжээтэй, хэзээ гараад байгаа асуудлыг тодорхойлж, хянах асуудал сул байна. Нөгөө талаар нүүрсний сорьц, гарц, чанарын асуудал бий. Байгаа сорьцууд гаргаж буй нүүрстэйгээ зөрдөг асуудал байгаа. Үүнийг мөн шалгана” гэлээ.