Maris брэнд нь үүсгэн байгуулагдаад зургаан жил болж байгаа ч Америк, Германы зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг, Монгол арьсан цүнх, түрийвч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг болжээ. Бид mус брэндийн үйлдвэр дээр очиж, брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Энхнасантай ярилцлаа.
Зургаан жилийн хугацаанд хэдэн төрлийн хэчнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Америк, Германд экспортлох боломж юу байна вэ?
Бидний гол зорилго бол Монгол малын арьсаар үнэ цэн шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд гаргах үндсэн зорилготой. Манай үйлдвэрийн нэг сарын хүчин чадал 1000 орчим цүнх, 10 мянган жижиг эдлэл үйлдвэрлэх боломжтой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Америк болон Германы зах зээлд бага хэмжээгээр бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Европын холбооны улсаас хэрэгжүүлж буй Трамп төслийн хүрээнд Берлин хотод Монголын мэдээлэл худалдааны төв гэж нээгдсэн. Тэнд Монголын брэндүүдийг нэгтгэсэн “Green labels” гээд худалдааны төвд бүтээгдэхүүнээ байршуулсан.
МОНГОЛ АРЬС МАШ БАТ БӨХ ШИНЖ ЧАНАРТАЙ УЧРААС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ БОЛДОГ
Танай цүнхнүүдийг харахад загвар, дизайны хувьд бодож, төсөөлж байгаагүй гоё загварлаг цүнхнүүд байна. Монгол арьсан цүнх, бүтээгдэхүүний хувьд олон улсад өрсөлдөхөд юу нь давуу тал болдог вэ?
Монгол малын арьс нь эрс тэс уур амьсгалтай учраас маш бат бөх шинж чанартай байдаг. Энэ нь бидний гол давуу тал. Түүнээс гадна Монголд ургамлын мэдээллийн технологийг боловсруулах үйлдвэрүүд сүүлийн арав гаруй жил нэвтрүүлсэн. Бүтээгдэхүүний 30 гаруй хувь нь байгаль орчинд ээлтэй, ургамлын мэдээллийн технологиор боловсруулсан арьсаар хийгдсэн.
Америк, Германд дэлгүүрт зарагдаж байгаа юм байна. Танигдаж эхэлж байна. Жилд хэр хэмжээгээр борлуулагдаж байна вэ?
Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд цар тахлын улмаас дэлгүүр хүссэн хэмжээгээр ажиллаагүй. 2022 оны байдлаар сардаа хоёроос гурван цүнх борлуулагдаж байна. Германы төсөл нь үргэлжлэхээр маркетинг сайн хийгээд, борлуулалтыг дэмжих ажлууд хийгдэх байх.
Гэхдээ олон улсйн зах зээлд танигдаж байгаа болохоор боломжийг олж харж байгаа байх. Хэрэглэгчид хэрэглэж үзээд, олон тоогоор захиалах байдлаар холбогдох зэрэг боломжууд ирж байна уу?
Тийм боломж нээгдэнэ. Монголын бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдээ холбоно гэсэн зорилготой нээгдсэн дэлгүүрүүд байна. Тийм боломжууд гарч ирнэ гэсэн найдлага өндөр байна.
Сардаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна уу? Монгол хэрэглэгчид Монгол бүтээгдэхүүнээ хэр авч заншиж байна вэ?
Ер нь их дуртай байна. Манай брэнд сүүлийн хоёр, гурван жилд сайн танигдаж байна. Монгол арьсан цүнхийг их дуртай авч үүрч байна. Түүнээс гадна байгууллагууд харилцагчийн бэлэг, ажилчдын бэлэг гэж авдаг. Бидний борлуулалтын нэлээдгүй хувь нь байгууллагаас бүрдэж байна.
МОНГОЛ АРЬСНЫ АМЬДЫН АРЧИЛГАА МУУ БАЙДАГ НЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНД НӨЛӨӨЛДӨГ
Монгол арьсны онцлог юу вэ?
Өөрийнх нь бүтэц чанар нь их сайн. Гэсэн хэдий ч Монгол малын арьсанд гэмтэл их байна. Түүхий эдийн чанар нь амьд үеийн арчилгаа болон гараар нядалснаас болоод гэмтэл ихтэй ирдэг. Тэр нь бүтээгдэхүүний үнэ цэнд нэлээн нөлөөлдөг. Гэхдээ бид аль болох түүнийг нь тойруулаад, деталь авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.
Ямааны, үхрийн арьсан цүнхнүүд нь өөр өөр байдаг уу?
Бид сарлаг, үхэр, хонь, ямааны гээд дөрвөн төрлийн арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хонины арьс нимгэн, зөөлөн, торгомсог шинж чанартай. Хүмүүс их дуртай байдаг. Сарлагийн арьс илүү бат бөх чанартай. Байгалиасаа өөрийн атираатай байдаг.
ТӨРӨӨС НЭГДСЭН МАРКЕТИНГ ХИЙЖ, ОЛОН УЛСАД ТАНИУЛБАЛ, ТҮҮХИЙ ЭДИЙН ХАНГАЛТТАЙ НӨӨЦ БАЙНА
Миний сонссоноор Азийн орнууд ялангуяа Япон арьсан органик, эко бүтээгдэхүүний хэрэглээг эрхэмлэдэг улс. Тиймээс Японы зах зээлд гарах боломжийг судалж байна уу. Монголоос арьсан бүтээгдэхүүн гарахад хэр асуудалгүй байна вэ. Экспортод гарах гэж байгаа бүтээгдэхүүнийг Монголчууд гарахаас нь өмнө их шантраадаг юм байна лээ.
Гаднын зах зээлд боломж их харагдаж байна. Японы зах зээлд арьсан бүтээгдэхүүнийг их тансаг хэрэглээ гэж боддог. Үнэ цэнтэй ч байдаг. Арьсан бүтээгдэхүүнээ гаргах боломж нь байгаа. Гагцхүү бид эцсийн худалдан авагчидтай очиж холбоо тогтоох, түншлэл тогтоох ажилд бэрхшээлтэй байдаг. Аж ахуйн нэгж дангаараа явж маркетинг хийх, гаднын зах зээлийн судалгаа хийх, хүмүүс олж, түншлэл тогтоох нь нэлээн том ажил. Үзэсгэлэн худалдаанд их оролцох, хүмүүстэй харилцах зэрэг ажил хийх шаардлагатай байна.
Үндэсний үйлдвэр, дотоодын үйлдвэрлэл бүтээж байгаа компаниудад тодорхой хэмжээний үйл ажиллагааг нь дэмжсэн, нийгмийн даатгалын шимтгэл, үйлдвэрлэлд гарч байгаа цахилгааны төлбөр зэрэг улсаас хөнгөлөлт үзүүлж чадахуйц зүйлсэд хөнгөлөлт үзүүлбэл бид үйлдвэрийн хүчин чадлаа дахиад нэмэгдүүлэх, тоо хэмжээг анхаарч ажиллах зэрэгт анхаарна.
Нөгөө талаас бид дотооддоо үйлдвэрлэж байгаа гол зорилго нь гадагшаа гаргах. Монголын олон компаниуд үйлдвэрлэл эрхэлдэг ч нэгдсэн маркетинг ерөөсөө байдаггүй. Монголын нэг компани дангаараа олон улсын зах зээлд гарахад маш хүнд.
Бидэнд цаг гаргаж, ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Монгол арьсаар цүнх, түрийвч, жижиг хэрэгслүүд зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хорь гаруй үйлдвэр байдаг. Тэр дотроос их хэмжээгээр үйлдвэрлэдэг цөөн хэдэн үйлдвэрийн нэг болох Maris брэнд юм.
Maris брэндийн хувьд Америк, Германы зах зээлд дэлгүүр нээж, бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Төрөөс нэгдсэн байдлаар олон улсын зах зээлд Монгол бүтээгдэхүүний маркетингийг хийж, таниулж чадвал манай улсад арьс, арьсан бүтээгдэхүүний маш том түүхий эдийн хангалттай нөөц байгаа учраас их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадал байгаа талаар бидэнд мэдээллээ.