Шинжааны Өрөмч хотод гарсан галын хэргээс болж амиа алдсан хохирогчийн охин BBC-д ярилцлага өгсөн нь олны анхааралд өртөөд байна. Тэрээр “Хэрэг гардаг шөнө тухайн орон сууц хөл хорионд орсон тул иргэд гарахад хүндрэлтэй байсан. Хятадын засгийн газар энэ мэдээллийг үгүйсгэж байгаа ч эцсийн дүндээ тэдний л буруу” гэжээ.
11-р сарын сүүлээр Шинжааны Өрөмч хотод хөл хорионд орсон байсан орон сууцад гал гарч, 10 хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Олон нийт үүнийг Хятадын “Тэг Ковид” бодлоготой холбосон юм. Тодруулбал, хөл хорионы саад, хашилт байгаагүй бол иргэд галаас амь гарч чадах байсан гэж үзсэн. Ийнхүү Шинжаанд болсон галын хэрэг Хятадын томоохон хотуудын их сургуулийн хотхонуудад “Тэг Ковид” бодлогыг эсэргүүцэх жагсаалыг өдөөсөн билээ. Эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллүүдийн анхаарлын төвд байсан ба өнгөрсөн Лхагва гарагаас эхлэн Хятадад хөл хорионы чанга дэглэмийг сулруулах арга хэмжээ явагдаж эхэлсэн. Тухайлбал, Бээжинд иргэдийг заавал тусгаарлах байранд бус гэртээ тусгаарлагдаж болохыг зөвшөөрсөн. Түүнчлэн мэргэжилтнүүд энэ жагсаалын талаарх мэдээллийг барууны хэвлэлүүд хэт туйлшран мэдээлж байсан буюу Хятадын засгийн газар ганхах хэмжээний өргөн хүрээг хамраагүй гэж үзсэн юм.
Эх сурвалж: BBC