Хоёр өдөр үргэлжилсэн жагсаалын дараа өнөө өглөө "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ, засгийн газрыг тараах санаачилга гаргасан" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр Эргэлт.мн сайтад тодруулга өгчээ.
Хуульд зааснаар Ерөнхийлөгч санаачилга гаргаад л УИХ, ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох боломжтой юу?
УИХ-ын тухай хуулийн 36-р зүйлд
36.1.Дараах тохиолдолд Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх энэ хуулийн 35.1-д заасан хугацаанаасаа өмнө дуусгавар болно:
36.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол;
36.1.2.Ерөнхийлөгч Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол.
36.2.Энэ хуулийн 36.1.1, 36.1.2-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай тогтоол баталсанд тооцно.
Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний гуравны хоёр нь буюу дор хаяж 50 гишүүн "тийм ээ, бид огцорьё" гэж өөрсдөдөө санал өгвөл УИХ тарах нь. Ерөнхийлөгч УИХ-ыг тараахын тулд парламентад өөрийнх нь санаачилгыг дэмжих 50 гишүүнтэй байх учиртай гэсэн үг.
Харин засгийн газар ч УИХ-ын олонхын саналаар огцрох хуультай. “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах заалт бий. Хэрэв УИХ Засгийн газрыг хангалттай ажиллахгүй байна гэж үзвэл огцруулах санал гаргах эрх нь УИХ-д нээлттэй юм. Өөрөөр хэлбэл УИХ, ЗГ огцрох эсэхийг эцсийн дүндээ УЛСЫН ИХ ХУРАЛ л шийдэх юм.