47 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч доод үеийнхнийгээ зодож, дарамталж, мөнгө нэхдэг гэсэн агуулга бүхий пост бичлэгийн хамт олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. Бид энэ асуудалтай холбогдуулан 47 дугаар сургуулийн захирал болон нийгмийн ажилтнаас тодруулахад, “цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа, эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй учраас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй, бичлэг дээр дурдагдсан хүүхэд 47 дугаар сургуульд явдаг эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэсэн хариулт хэллээ.
Сургуулийн нийгмийн ажилтан үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 10 дугаар сард судалгаа авахад цөөн биш хүүхдүүд үүнд өртдөг гэсэн хариултыг сонгосон байна.
Энэ талаар 47 дугаар сургуулийн захирал Л.Машбат “Бичлэгийг бид бүгд цахимаас харсан. Миний хувьд энэ сургуульд 10 жил багшилж, ажиллаж байгаа. Би 12 дугаар ангийнханд хичээл орж байсан. Үнэхээр хараад манай сургуулийн “тэр хүүхэд мөн байна, биш байна” гэж хэлж чадахгүй. Бүх зүйл тодорхой болохоор нээлттэй мэдээлэл өгнө. Насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудал учраас та бүхэн хүлээцтэй байх хэрэгтэй” гэсэн юм.
Харин сургуулийн нийгмийн ажилтан Н.Батсүх дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Арван сард үе тэнгийн дээрэлхэлт сургууль дээр их байна гэж үзээд судалгаа авсан. Нэргүй судалгаанд 6-12 дугаар ангийн 900 гаруй хүүхэд оролцсон. Сургууль дээр үе тэнгийн дээрэлхэлт байхгүй биш байгаа. Далд хэлбэрээр байна гэж үзэж байна. Гэхдээ энэ нь бидэнд мэдэгдэхгүй байгаа нь асуудал. Тийм учраас үүнийг таслан зогсоохоор анги болгонд хуваарийн дагуу хичээл заасан. Мөн бичлэг хийж баримтжуулахыг сурагчдад сануулсан. Мөнгө авах, доод ангийнхаа хүүхдийг 00-д оруулж дээрэлхэх, маргалдах, коридороор явахдаа нэгнийгээ мөрлөх, мөргөлдсөн хүмүүс хоорондоо маргалдаж, массыг хамарсан зодоон үүсгэх нөхцөл тохиолдох нь бий” гэлээ.
Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхэд ирээдүйдээ итгэлгүй болдог, амьдрах хүсэлгүй, сурах сонирхолгүй, аливааг гэгээлгээр харж чадахаа байдаг талаар сэтгэл зүйч Я.Батхүү хэлж байна. Эдгээр хүүхдүүд сэтгэл санааны хүнд бэртэл авахаас гадна бие организмд нь өөрчлөлт орж, хүндээр өвчлөх, мэдрэлийн ядаргаанд орж, унаж татах шинж тэмдгүүд илэрдэг талаар тэр ярьсан юм.
Мөн тэрбээр, “Монголд хийсэн судалгаагаар хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байдаг гэж гарсан. Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад, 47 хувь нь сэтгэл гутралд орсон, 28 хувь нь амьдрах хүсэлгүй болсон байдаг. Үе тэнгийн дээрэлхэлтийг нийгмийн гаралтай гэж үздэг. Над дээр ирж байгаа хүүхдүүдийг харахаар нэгдүгээрт тэнд ангийн ялгаа гарсан байгаа нь ажиглагдаж байна.
Эд хөрөнгө, эрх мэдэл, өмссөн зүүсэн хувцас, ахуйн орчин, сурч боловсорч байгаа орчин, сургууль соёлын ялгаа гэх мэт. Нөгөө хэсэ нь гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн траума авсан гэсэн үг. Тийм хүүхдүүд хүчирхийллээс, хүчирхийлэл үйлдэж байна. Энэ асуудлыг төр засгийн бодлогод оруулах ёстой. Дээр нь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ойлголттой болох хэрэгтэй. Хоёрдугаарт хүүхдэд таниулах ажиллагаа явуулах нь оновчтой шийдэл. Энэ үйлдэл нь хүчирхийлэл мөн юм уу биш юм уу гэдгийг мэдүүлэх ажил гэсэн үг. Хүчирхийлүүлж байгаа хүүхэд үүнийг хэвийн зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүчирхийлж байгаа хүүхэд нь маш болохгүй, хортой зүйл хийж байгаагаа мэддэг байх нь тун чухал. Үүнийг эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид хийх нь зүй” гэв.