Спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлэг энэ удаа холимог тулааны тамирчин Ө.Баярмандахыг онцоллоо. Мэргэжлийн тэр тусмаа холимог тулааны спортод маркетинг, нэгэн хэвийн бус этгээд төрх, өвөрмөц байдал ямар чухлыг үлгэрлэж яваа түүнийг манай уншигчид “Жалам хар” хочоор нь илүү сайн мэднэ.
ХОЛИМОГ ТУЛААНЫГ БИТГИЙ МОНГОЛЧИЛ
-Сүүлд 10 сая төгрөгийн шагналын сантай тулаанд та ялсан. Тулаан ид өрнөж байхад өрсөлдөгчийнхөө дээрээс тийм үйлдэл хийсэнд хүмүүс өөр, өөр байр суурьтай байна. Ер нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?
-Олонх нь шүүмжлэлтэй хандсан. “Чи онгироо байна, даруу бай” гэсэн. Би онгироо байна уу, даруу байна уу падлий ч байхгүй. Би өөрийнхөөрөө л байдаг. Та нар битгий хүн шүүгээд бай. “Тамирчин хүн байж даруу бай. Өвс өндөр ургах тусмаа бөхийнө” ч гэх шиг. Наад үгнүүдээ 20 дугаар зуундаа хая зүгээр, манайхаан. Холимог тулааны спортыг 21 дүгээр зуунд дэлхийн жишигт хүргэж хөгжүүлцгээе.
Яавал өрсөлдөгчөө шатааж, уурлуулах вэ, яавал үзэгчдээ татах вэ. Жишээ нь, миний тулааныг үзэх гэж бус дээр нь тэгж оцогносныг харах гэж хүмүүс шэйрлэж байж болно шүү дээ. Холимог тулааны урлаг гэж ийм юм байдаг гэдгийг үзүүлэх нь миний зорилго. Ер нь бол хүмүүсээр шэйрлүүлэх гэж л тэгсэн юм.
Манайхан холимог тулааныг битгий Монголчил. Хөөе, анхнаасаа Америкт яаж хөгсөн. Яг тэрүүгээрээ хөгжиг, тэрүүгээр нь явуул.
-Э.Ганзориг юу гэсэн бэ. Дэвжээнээс буусны дараа үл ойлголцсон уу?
-Би тактикийг нь алдуулах, шатаахын зорилгоор л тэгсэн нь мэдээж. Ганзоригийг би хүндэлдэг. Тэр нэг их юм бодоогүй. Тулааны тамирчин учраас тоогоогүй.
-Тулааны дараа “Арай ч хэтрүүлчихэж” гэж танд бодогдсон уу?
-“Үе болгоны төгсгөл дээр би тэгнэ, тэгэнгүүт Ганзориг шатна” гэсэн тактик байсан. Тактикийнхаа дагуу л тоглосон. Шатаасан уу шатаасан.
-Өрсөлдөгч тань тулааны үеэр “Жалам хар”-ыг тэгсэн бол яаж хүлээж авах вэ?
-Тухайн үед уурлана. “Ямар овоо юм бэ. Намайг шатааж байгаа юм байна” гэж бодно. Ер нь бол шатааж буй тактикийг өрсөлдөгч ойлгох ёстой.
Юу ч болж байсан би шатаж болохгүй. Шатсан хүн яах вэ, бэлдсэн тактикаа боловсруулж чадахгүй. “Ална даа” ч гэдэг юм уу тийм юм бодно. “Гоё байна аа” гээд тулалдвал гоё шүү дээ. Ямар нэгэн байдлаар өрсөлдөгчөө шатааж байна гэдэг нь түүнээс илүү байна гэсэн үг.
-Та ялж, 10 сая төгрөг авсан. Хийсэн тулаануудаас тань хамгийн өндөр шагналын сантай нь байв уу?
-Тийм. А.Гантүлхүүр бид хоёрын тулаан бас 10 сая төгрөгийн шагналын сантай байсан.
ТАМИРЧИД ХООРОНДОО ТОХИРООД ТУЛАЛДДАГ ЖИШИГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ
-Сүүлийн үеийн тулаанууд шагналын мөнгөө өгөхгүй байна, гэрээнд заасан амлалтдаа хүрэхгүй байна гэх гомдол, шүүмжлэл их гарах боллоо. Танд 10 сая төгрөгөө өгсөн үү?
-Өгсөн, өгсөн. Ер нь 100 сая, 600 саяас бусад нь өгөөд явдаг л даа. Өгдөггүйдээ ч биш. Бүх холбоо мөнгөө өгдөг. “Би чамайг ялах юм бол 50, 100, 600 саяыг авна” гээд тамирчид хоорондоо тохироод тулалдаж буй нь дэлхийд байхгүй жишиг. Ийм зүйл Монголоос өөр хаана ч байхгүй. Манайхан битгий ингэж Монголчлооч ээ. Дэлхийн стандартыг дагая. Дэлхийн хаана ч тамирчид хоорондоо “Би тэдийг тавьлаа” гээд тоглодоггүй л байхгүй юу. Холбоогоор дамжуулж, гэрээ байгуулаад тулалддаг нь дэлхийн жишиг.
-А.Гантүлхүүр та хоёр Монголын хамгийн үзэлт ихтэй тулаануудын нэгийг хийсэн, шуугиулсан. Та төлөвлөсөн тулаанаа бүрэн гаргаж чадсан уу?
-Гаргаагүй. Нэгдүгээрт, тактикийн алдаа гаргасан. Хоёрдугаарт, маш их сандарсан. Ер нь сандарч үзээгүй. Тэгэхэд яагаад ч юм бэ, аймар сандарсан. Жингүйдээд байгаа юм шиг санагдаад байсан. Би ер нь тулаан дээр “Хээе, хээе, яасан хөгшөөн” гээд дотроо яриад, хөгжилтэйгөөр тоглодог байхгүй юу, уг нь. Тэрэн дээр бие чангарчихсан. Дэлхийн хүч үү, юу үйлчилснийг мэдэхгүй. Эсвэл тэр өдөр А.Гантүлхүүрийн өдөр байсан уу.
Гараад л хоёр шулуун яваад, хойд гараараа цохилт хийе гэж бодож байлаа. “За, би ер нь зайгаа авч тоглох ёстой шүү” гээд. Би уг нь өшиглөдөг хүн байхгүй юу. Өшиглөх гээд байгаа байхгүй юу. Гантүлхүүрийн хажууд миний хөл айн.
“Мастер тулаанч” дээр миний тухай
“Улаан багийн тамирчин
Улаан үстэй алуурчин
Урд хөл нь хутга” гэдэг байсан шүү дээ. Би улаан багт байсан байхгүй юу.
Гэдсэнд нь өшиглөж сулруулна даа гээд явж байсан чинь… Нэг мэдсэн чинь сэрээд “Хүмүүс хааччихав аа” гэсэн чинь “Юу хуцаад байгаа юм, бие чинь гайгүй юу” гэсэн. “Би зүгээр ээ, хүмүүс хааччихав аа” гэсэн чинь “Тараад явчихсан” гэсэн. Би нэлээд удаан ухаан алдсан шиг байгаа юм.
А.ГАНТҮЛХҮҮР ТӨМС БИШ ЮМ БАЙНА ЛЭЭ, БЯЛУУ АВААД ИРСЭН
-Нүүрэнд нь бялуу нялна гэж төлөвлөсөн байсан уу, тухайн үед л болсон үйлдэл үү?
-Төлөвлөсөн байсан. А.Гантүлхүүрийг хэрвээ бялуу авч ирэхгүй бол тулааны өмнөх орой толгой дээрээ шил хагална, ямар ч байсан огшоосон үзэгчтэй байлгахын тулд маш их юм бодож байсан.
А.Гантүлхүүр төмс биш юм байна лээ, бялуу аваад ирсэн. “Аанхан, тийм бий вий” гээд л шууд нүүрэнд нялчихсан.
Тулааны өмнөх орой лайваа асаачихаад, нойл ороод ирсэн чинь 7000 хүн шууд үзэж байна. Тэгэнгүүт нь “Наад нөхөр чинь өөрөө тэгсэн юм. Миний духыг цөмөлнө гэсэн. Чи ийм дух цөмлөх үү” гээд шил аваад хагалчихлаа.
Тулаан дөхөх тусам биеэ чагнана шүү дээ, уг нь. Маргааш тулаан болох гэж байхад үзэгчдээ татах гээд архины шил хагалдаг хүн байх уу.
Тэгсэн чинь 12-13 мянган хүн үзээд эхэллээ. Тэгэнгүүт нь “За, маргаашийн тулаан дээр уулзацгаая. Баяртай” гээд таслачихлаа. Тэр орой нь “За, ямар ч байсан хийх юмаа хийчихлээ. Маргааш хүмүүс үзэх болов уу” гэж санаа зовлоо.
Тэгсэн яасан гэж санана, 60.000 төгрөгөөр зарагдахгүй байсан билет 500.000 төгрөгөөр зарагдсан шүү дээ. Хүмүүс 500.000 төгрөгөөр авах гээд олдохгүй байсан шүү дээ. Монголын хамгийн их үзэлттэй тулааныг хийж чадсан гэдгээр хүмүүс мэддэг. Гэхдээ би өөрийгөө гавьяа байгуулсан, би чадлаа гэж боддоггүй. Хийх ёстой юмаа л хийсэн.
БИ MEME БОЛОХЫН ТУЛД АЛБААР ҮСЭЭ ХУССАН
-Тулааны төгсгөлд хүнд цохилтод орсон таны царайн дээр хүмүүс янз бүрийн юм бичиж, дооглож, шүүмжилсэн. Тэрийг хараад танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би угаасаа тэгж дооглуулах гэж, meme-нд зориулж үсээ хуссан юм чинь. Үсээ хусуулчихаад толинд харахад аймар хөгшин, эвгүй харагдсан. Өөрөөсөө ичсэн л дээ. Ичлээ гээд яах вэ, холимог тулаан чухал.
Би бялуу нялах, шил хагалах, үсээ хусах гэсэн гурван шат дараалалтай юм хийнэ гэж бодож, төлөвлөсөн байсан. Гурвууланг нь хийсэн. Хийе гэж бодсон юмаа л хийсэн. Намайг дооглох байх гэж бодсон уу бодсон. Ичээд байх юм байхгүй. “Тэглээ гээд яадаг юм бэ, үхсэн” гэж бодож байсан.
Ер нь юу ч чаддаггүй, юу ч мэддэггүй, холимог тулаан хийж, спортоор хичээллэж үзээгүй хүмүүс л тэгж дооглож бичиж байгаа шүү дээ. Октоган руу орж, тулаан хийж чадахгүй гарууд хүн доромжилж кайф авч байгаа. Тэдний юуг нь тоох юм бэ. Угаасаа олон хүнд хайрлагдах шаардлага надад байхгүй. Миний эргэн тойронд намайг дэмждэг хэдэн хүн байхад л хангалттай.
ААВЫГАА ХӨДӨӨЛҮҮЛЧХЭЭД 14 ХОНОГИЙН ДАРАА А.ГАНТҮЛХҮҮРТЭЙ ТУЛАЛДСАН
-А.Гантүлхүүртэй хийсэн тулаанаас хэдхэн хоногийн өмнө аав нь нас барсан. Сэтгэл зүйн хувьд хүнд байсан нь мэдээж. Яалт ч үгүй тулааны тов гарчихсан байсан болохоор өөрийгөө хурцлаад дэвжээн дээр гарсан уу?
-Тэгсэн. Энэ талаар ярихаар зовлонгоо ярьсан болчих гээд… Ер нь тийм л юм болсон шүү дээ. Би аавыгаа оршуулчихаад 14 хоноод л тулаанд орсон. Үсрээд хэдхэн хоногийн бэлтгэл хийсэн. Ээж минь намайг бага байхад нас барсан. Аавтайгаа ойрхон, найзууд шиг дотно байсан.
“Миний хүү наад зодооноо боль. Би үнэндээ харж чадахгүй байна” гэнэ. Ялахаар хөөрхий минь баярлаад “Миний хүү” гээд. Ялагдахаар “Миний хүү болиоч” гээд аав минь л болсон хойно. Хоёр том ах минь хоёулаа нас барсан. Ганц хүү минь гээд над руу өдөр бүр ярина, “Аав нь хүүгээ шагнана” гээд тэтгэвэрийнхээ мөнгийг хөдөөнөөс явуулна.
Магадгүй аав минь амьд байсан бол би Гантүлхүүрийг ялах ч байсан бил үү. Нэгэнт өнгөрсөн юманд юунд нь харамсах вэ. Удахгүй А.Гантүлхүүрийг ялчихаас хойш.
-Тулааны дараа та “Гантүлхүүртэй тулалдмаар байна” гэсэн. Та хоёрын тулаан дахиж болох уу?
-Мэдэхгүй, нөгөө нөхөр яах юм бол. Би бол тулалдмаар байна.
-Та хоёр хоорондоо энэ талаар ярилцсан уу?
-Ярилцаагүй. Тулааны дараа ганц хоёр нэвтрүүлэгт хамт оролцсон. Бас л нэг жижигхэн юмнаас болж маргалдаад, фэйсбүүкт нэгнээ блоклочихсон.
ӨМНӨ НЬ "ТЭГЬЕ, ИНГЭЕ" ГЭХЭЭР "БЭЛТГЭЛЭЭ Л ХИЙ" ГЭДЭГ БАЙСАН
-Таны маркетинг, үйлдлээр энэ тулаан амжилттай болсон. Холимог тулаанд, мэргэжлийн спортод маркетинг чухал гэдгийг олон хүн анзаарсан. Дараа, дараагийн тулаанууд дээр “Жалам хар аа, нэг сонирхолтой зүйл хийгээд энэ тулаанд олны анхаарлыг татаадхаач” гэсэн санал хэр их ирж байна вэ?
-Ирэхгүй байгаа. Манайхнаас тийм санал ирдэггүй юм. Надаас бусад нь ясны тамирчин хүмүүс байдаг юм шиг байна лээ. “Ингэмээр байна” гэхээр “Яах юм бэ, дэмий, дэмий” гэдэг:
Өмнө нь ч ийм л байсан. “Ийм гоё санаа байна, ингэе, тэгье” гэхэд манай холбооныхон бүгдээрээ “Чи зүгээр урдах ажлаа, бэлтгэлээ хий” гэдэг байсан. Би бэлтгэлээ хийгээд гурван жил ч юм уу явсан.
Манайхан нэг ийм хувийн амбицтай байхгүй юу. Бүгд ийм хувийн амбицаа хаях ёстой. Минийх уг нь дажгүй санаа. “Жалам аа, чи яамаар байна” гээд асуучихаж болно шүү дээ. Тэгээд дэмий санагдвал больчихно биз. Тэгээгүй нь л хачирхалтай. Би лав бусдын хувийн амбицыг үзэн ядаж байна.
Манай тулааны спортынхон ёс зүй яриад байсан. Би ёс зүйгүйдээ ингээд байгаа юм биш. Ёс зүй ярьлаа гээд үзэгчтэй болох байсан бол болохоор хугацаа өнгөрсөн. Эхний ээлжинд ёс зүйгээ бөгсөндөө чих гэж шийдээд л. Тэгээд зоригтойгоор ийм үйлдлүүд хийж эхэлсэн.
“Монгол хүн ийм байж болохгүй, тийм байх ёстой” гэж их ярих юм. Монгол хүн гэхээр яагаад дандаа бүх юмнаас хоцорч, даруу ноомой, морь унаад л явах ёстой юм бэ. Бид одоо 4 саяулаа болж байна. Ядаж холимог тулааны спорт дэлхийн жишигтэй нийцээд яваг л дээ.
“Би чамайг ална аа. Маргааш ийм болгоно за юу” гэх мэтээр хүссэнээ хэлдэг, дэлхий дахинд энэ спорт яаж хөгжиж байна. Тэр жишгээр хөгжүүлье л дээ. Гэтэл Монголд яадаг вэ, “Өрсөлдөгчдөө амжилт хүсье. Бэлтгэлээ сайн хийгээрэй” гэдэг. Үүнийг би өөрчлөхийг, нэгэн хэвийн баригдмал байдлаас гаргахыг хүсдэг. “Би чамайг тэгнэ, ингэнэ. “Тэрний боов нь салтайндаа биш чихэндээ” гэдэг ч юм уу. Ингэвэл хүмүүсийг сонирхлыг илүү татна шүү дээ.
-Тэгэхээр “Ямар онгироо юм бэ, өрсөлдөгчдөө басаад байна” гэж таныг хүмүүс шүүмжилдэг. Тиймэрхүү зүйл танд хүнд ч юм уу эмзэглэмээр тусдаг уу?
-Өрсөлдөгчөө басахгүй, өөртөө итгэхгүй юм бол тэмцээнд орж яах юм бэ.
НЭГ ТУЛААН ХИЙГЭЭД 3-5 САЯ ТӨГРӨГ АВДАГ
-Монголын холимог тулааны бооцоо хэр өндөр байдаг вэ. Та нэг тулаанаас хэдэн төгрөгийн шагнал авдаг вэ?
-Ер нь 3-5 сая төгрөг авдаг.
-Гадуур явж байхад “Жалам хар” явж байна. Лаг гэсэн, харъя” гэж өдөх тохиолдол хэр гардаг вэ?
-Гардаг. Саяхан нэг хүн миний толгой дээр шил хагалчихсан. Би энэ талаар нэг лайв хийгээд, бараг уйлангаа алдсан. Яагаад уйлсан гэхээр гомдсон байхгүй юу. “Гал өгчих” гэхээр нь “Тамхи татдаггүй, байхгүй” гэв. Тэгсэн чинь “Чи нөгөө Жалам хар уу. Зургаа авхуулчих уу” гэхээр нь “Тэгье” гэлээ. Тэд дөрвүүлээ явж байсан юм л даа. Өнөөх хүн утсаа гаргаж ирж байсан чинь нэг найз нь “Толгой руугаа цохиод хагалсан шил чинь жинхэнэ шил байсан юм уу” гэсэн. “Тийм ээ” гээд нөгөө хүнтэй зураг авхуулах гэж байсан чинь миний толгой руу шилээр цохьчихсон.
Маргааш цагдаагийн байгууллагад хандлаа. Тэр хавьд камер байгаагүй. Нөгөө газраа буцаад иртэл бүх шилний хагархайг цэмбийтэл нь цэвэрлэчихсэн байсан. Нотолж чадаагүй.
Хэрвээ би биш энгийн хүн байж таараад шилэнд цохиулаад үхчихсэн бол яах юм бэ. Би шороонд, тэр хүн шоронд орно шүү дээ. Яагаад энийг ухамсарлахгүй байгаа юм бэ. Бид мал биш. Хоорондоо яаж ч маргалдаж, “Чи муу” гээд хэрэлдлээ гэхэд нэгнээ цохиод авах хэмжээний ухамсаргүй баймааргүй байна.
-Тулааны спортоор хичээллэхээсээ өмнө Налайхын уурхайд ажиллаж байсан юм билээ. Үнэхээр хүнд хөдөлмөр шүү дээ. Тэр хэрээр хөдөлмөр таны бие бялдар, бүх зүйлийг хөгжүүлж өгсөн үү?
-Үгүй ээ, би тэнд тийм хүнд ажил хийдэггүй байсан. Би хэрүүл хийдэг байсан. “Хөөе, чи бээлийгээ өмс. Хүүе, чи каскаа өмс. Тэр машиныг оруулаарай. Чи цалингаа аваад яагаад гэртээ хариагүй юм бэ, авгай чинь залгаад байна. Харь л даа” гэх мэтээр уурхайн аюулгүй ажиллагаа бүх юмыг нь хариуцан, зааварчилгаа өгдөг байсан.
-Уурхайд хэдэн жил ажилласан билээ?
-Долоон жил ажилласан. Анхаарлаа жаахан л сулруулвал хүний амь настай холбоотой ажил тул үргэлж байх шаардлагатай. Долоо хоногт ганцхан удаа гэртээ харьдаг байлаа. Ажил, ажил гээд л гүйдэг байлаа.
АМЬДРАЛД МӨНГӨ БУС ХАЙР, ХАЛАМЖ ЧУХАЛ ГЭДГИЙГ УХААРСАН
-Тэр хэрээр хувийн амьдрал, ар гэр орхигддог байсан нь мэдээж. Үүнээсээ болж та алдсан уу?
-Алдсан. Таван жил ханилсан эхнэрийнхээ нөхөр, хүүхдийнхээ аав байж чадаагүй. 2-3 жилийн дараа ухамсарласан зүйл юу вэ гэвэл, “Эмэгтэй хүнд миний мөнгө, төгрөг ерөөсөө хамаагүй. Хайр халамж л хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон.
Аргагүй шүү дээ. Тэр олон жилийн хугацаанд бүтэн сайн өдөр л гэртээ ирж хоноод, бусад үед ажил гээд бараа нь харагддаггүй нөхөртэй байхыг хэн хүсэх вэ дээ. Тэгж байгаад цалин авчихлаа гээд гавьяа байгуулсан юм шиг ирнэ. Мөнгө төгрөг ханийн, эцгийн хайрыг орлохгүй. Зүгээр л эхнэр, үр хүүхэддээ анхаарал тавиад, халамжлах л чухал гэж бодсон. Надаас өөр мундаг залуу гарч ирээд хайрласанд нь баяртай байдаг. Аз жаргал, сайн сайхныг хүсээд явж байгаа.
Тэгээд бас нэг юм хэлчихье, танайхаар дамжуулаад. Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн М…
-Г.Мандахнаран уу?
-Биш ээ. Надтай адилхан бөөрөнхий хэлтэй.
ТАМИРЧИН ХҮН ХЭЗЭЭ Ч ЯЛАГДЪЯ ГЭЖ ДЭВЖЭЭНД ГАРДАГГҮЙ ЮМ ШҮҮ, О.ПҮРЭВБААТАР ГАВЬЯАТ АА
-О.Пүрэвбаатар уу?
-Аан тийм, Пүрэвбаатар. Хүүхэд байхаасаа барилдааныг нь үзэж өссөн, хүндэлдэг ах байхгүй юу. Ховдод байхдаа хотод очоод “Энэ мундаг тамирчинтай хамт зургаа авхуулах сан” гэж боддог байлаа.
Энэ мундаг хүн фэйсбүүктээ “Жалам хар” дүүг энд тэнд зодуулаад, бооцооны мөнгө аваад яваад байдаг байх гэж боддог” гэж бичсэн байсан. Ах аа, Монголд зодуулаад бооцооны мөнгө авах хэмжээний амьдрал байхгүй шүү дээ. Та юу яриад байгаа юм бэ. Тийм дэлхийн хэмжээний хүн байж, би гомдсоон, ах аа.
Тамирчин хүн ялагдахыг хүсдэг юм уу. Рингэн дээр ялах гэж л гардаг шүү дээ. Энгийн хүн байсан бол “Чи хуцалгүй дуугүй бай” гэж хэлнэ. Тэр хүнийг би, ёо. Яг тэрийг уншаад “Энэ хуурамч хаяг байх” гэж фэйсбүүк рүү нь орсон харсан чинь яалт ч үгүй мөн.
Би тэр хүнийг гайхсан. Дэлхийн хэмжээний бөх, Монгол Улсын гавьяат тамирчин хүн байж яаж тэгж бодож, сэтгэж чадаж байна аа.
Би лав энэ дэвжээ рүү гарахдаа ялагдъя гэж хэзээ ч бодохгүй. “Төлөвлөсөн юмаа хийнэ” гээд багштайгаа, баг хамт олонтойгоо яриад гардаг. Түүнээс биш “За, гараад цохиулж уначихаад, хэдэн төгрөг авна даа” гэж гарахгүй шүү дээ. Яагаад тийм ядуу сэтгэхүйтэй байгаа юм бэ. Гавьяат тамирчин хүн ийм сэтгэхүйтэй байхад бусад нь тамирчны амьдрал, спортыг ойлгохгүй байх нь аргагүй шүү дээ.
СОНГУУЛИАР ЧИНЬ АЖИЛЛАСАН ЦАЛИНГАА АВЪЯ, Д.СУМЪЯАБАЗАР АА
-Тамирчин хүн рингэн дээр асар олон эрсдэл үүрч гардаг. Ялангуяа холимог тулааны спортод бэртэх тэр ч битгий хэл амиа ч алдах эрсдэлтэй. Ер нь тулааны өмнө сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?
-Нэгдүгээрт, бэлтгэл таараад, уяа сойлго ороод эхлэхээр хүн болгон жижигхэн харагдаад, бяр амтагддаг. Хоёрдугаарт, баг хамт олон маань байна. “Одоо ёстой гоё болчихож. Наадах чинь зөв байхгүй” гээд багш нар маань сэтгэл зүйгээр дэмжээд өгнө. “Хөөх, миний гар, хөл чинь юу болчихоо вэ, би ялна гэж бодно. Яг рингэн дээр гарах мөчид Жалам харын ая намайг огшоодог.
-Таны өнөөгийн төр засгийн бодлого, шийдвэрт хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
-Хувилбал 0,01 хувь. Болж, бүтэж байгаа юм үнэндээ өнөөгийн нийгэмд алга. Хүмүүс дор хаяж 30-50 минут автобус хүлээж зогсож байна. Гадаа ямар хүйтэн байгаа билээ. Тэгэхэд хүүхдээ хөтлөчихсөн эмээ чичрээд зогсож байгаа. Такси олдохгүй. Автобусны дулаан буудал, доороосоо халдаг шал гэх мэтээр технологи хөгжчихсөн байна шүү дээ. Автобуснууд нь дулаахан. Тэр хүйтэн гудамжинд зогсож, зогсож байгаад автобусанд суухад нөгөө автобус нь хөлдөөгч. Таг хөлдөөгч. Тэгээд ороод суудал олдохгүй.
Д.Сумъяазар худлаа. 2016 онд сонгуульд явуулсан мөнгөө өгөөрэй, та хөөе. Хотын дарга гуай. Би сонгуульд нь яваад, манай Идэрээ бид хоёр гурван хүн дагуулж очсон. Бид хэд шөнөжин харуул манаанд гарсан. Нэг хүний 350.000 хавьцаа байсан бил үү дээ. Одоо болтол цалингаа өгөөгүй шүү дээ. Цалингаа авъя, хөөе Д.Сумъяабазар аа.
Манай төр засгийнхан архитай тэмцэж байна гээд архитай тэмцээд байх юм. Амьгүй зүйлтэй юунд нь тэмцдэг юм бэ. Хүмүүс архи яагаад уугаад байна вэ. Цалин мөнгө нь хүрэлцэхгүй, ядуу байна. Жаахан мөнгө олонгуутаа дарвиж байна. Иргэд нь боловсролгүй байна. 10 жилийн хүүхдүүдийн боловсролд одооноос анхаарах ёстой байхгүй юу. Тэгвэл 20 жилийн дараа архидалд жаахан багасна. Мэдээж хүмүүс архи огт уухаа болино гэж байхгүй. Нийгэм даяараа архинаас гарна гэж хэзээ ч байхгүй. Архи уух бол хувь хүний өөрийн л үзэл бодол, ухамсар. Архиар шахсан хүнд Зөрчлийн хэрэг үүсгэнэ, яана, яана ч гэнэ үү. Г.Занданшатараа боль. Ном их уншдаг, том хүн шиг байгаа юм. Хууль санаачилсан гэж нэр зүүх гээд байдаг юм уу, яах гээд байдаг юм бэ.
-Ойрын үед хийхээр төлөвлөсөн тулаан бий юү?
-Тулаанаа би төлөвлөөд хийдэггүй. Холбооноос санал тавьдаг. Эсвэл “Би тэрэнтэй тулалдмаар байна” гэж саналаа хэлдэг. Содномдоржийн Сүхболд гэж манай жингийн экс аварга байсан, бүсээ Д.Батгэрэлд алдсан тамирчин бий. Бид хоёр хувийн асуудлаар жаахан муудалцсан юм. “Чамтай гудамжинд бус рингэн дээр үзье, учраа олъё” гэсэн чинь “Тэгье” гэсэн. Ц.Амарсанаа “Би та хоёрын тулааныг хийж өгье” гэсэн. Би шинэ он гаргаад л тулалдчихмаар байна, юу болох нь уу.