“Сөрөг хүчин” тоймын энэ долоо хоногийн дугаарыг хүргэж байна.
Өнгөрч байгаа долоо хоногийн хамгийн их яригдаж, шүүмжлэл дагуулсан сэдэв нь ажлаа хийдэггүй хотын дарга Сумъяабазар болоод мартагдсан нийтийн тээврийн асуудал байлаа. Гадаа -30 хэм давж, тачигнаж байхад иргэд автобусаа бүтэн цаг хүлээж, аргаа барлаа.
Д.Сумъяабазар гэдэг хүн хотоо хөгжүүлнэ гэж амлаж эрх мэдэлд хүрсэн мөртлөө 500 автобус оруулж ирнэ гэж хоёр жил худал хэлснээс өөрөөр нийтийн тээврийн салбарт юу ч хийсэнгүй. Ажлаа цалгардуулдаг сэтэртнүүдээс болж, бид хоёр ч биш, 20,30 жилийн өмнөх шигээ л унаанд суух гэж зутарсан хэвээрээ байна.
Хотын үе үеийн удирдлагуудын яриагаар бол бид өдийд метрогоор зорчиж, дүүжин тээвэрт тухалж, хөнгөн галт тэргээр зорчиж, бас цоо шинэ дулаахан автобусаар зорчих учиртай байлаа. Бат-Үүл, Амарсайхан, Сумъяабазар. Сүүлийн 10 жилд хотыг ээлжлэн удирдсан энэ гурвын алиных нь бодлого хөрсөн дээр буусангүй. Улстөржиж замаасаа сарнилаа.
Тэдний юу гэж амлаж байсан баримтыг эргэн сануулъя.
2013 ОН
ДЭЛГЭЦЭНД ХАРААР ХАРУУЛАХ: Э.БАТ-ҮҮЛ 2013 ОНД МЕТРОТОЙ БОЛГОНО ГЭЖ АМЛАВ
2020 ОН
С.АМАРСАЙХАН ДҮҮЖИН ТЭЭВЭРТЭЙ БОЛГОНО ГЭЖ АМЛАВ
2021 ОНД:
Д.СУМЪЯАБАЗАР 500 АВТОБУС ШИНЭЭР ОРУУЛЖ ИРНЭ ГЭЖ АМЛАВ
10 ЖИЛ БОЛОХОД АЛЬ НЬ Ч ХЭРЭГЖЭЭГҮЙ
Энэ бүхнийг товчхон дүгнэвэл төрд залгамж бодлого гэж огтоос байдаггүй. Дарга нар хоосон амлачихаад өөрсдөө идэж ууж, амин хувиа боддогийг харж болно. Өмнөх дарга нарынхаа замаар явсан Сумъяабазарыг иргэд “Одоо болно оо. Ажлаа өг. Огцор” хэмээн шаардаж эхэллээ.
Олон нийтийг бухимдуулсан дараагийн асуудал нь бас л хотын даргатай холбоотой байна. Ардын намыг магтан дуулагч, сошиал идэвхтэн Т.Цэцэг гэдэг хүнд хотын дарга Сэлбэ гол орчмыг тохижуулах, урсацыг нэмэгдүүлэх 60 сая долларын төсөл атгуулсан нь олон нийтийг бухимдууллаа. Хэдийгээр төслөө бичээд шалгарсан гэж байгаа ч хардах, шүүмжлэх гарцаагүй шалтгаан байсан юм. Ингээд эцэст нь хотын удирдлагууд олны шүүмжлэлийг харгалзаж, төслийг зогсоож, ирэх онд зарцуулах 3,1 тэрбум төгрөгийг буцаан татахаа мэдэгдлээ.Яагаад хүмүүс бухимдав гэдгийг энд тайлбарлая. Хятадаас зээл авч хийх хэмжээний том хэмжээний төслийг мэргэжлийн бус хүнд өгсөн явдал нь хотын дарга, түүнийг тойрон хүрээлэгчид өөрсдийн хүмүүсээ л татдаг, мэдээлэлд ойр байдлаа далимдуулдаг гэх шүүмжлэлийг дагууллаа. Нөгөө талдаа, Цэцэг гэдэг хүн нэг хэсэг ардын намын бузар булайг шүүмжилж, Сумъяабазарыг газар доор ортол нь алдааг нь сануулдаг байлаа. Гэтэл одоо түүний хажууд наалдаж, амаа хамхисан. Шагналд нь 60 сая долларын төсөл авлаа. Ийм байж болдог юм уу, төсөл удирдчих мэргэжлийн залуус өчнөөн байна гэх шүүмжлэл газар авсан юм.
Ер нь эрхтэн дархтанууд шударга бусаар төсөв мөнгө, төсөл хөтөлбөрөө зохицуулдаг нь нууц биш. Улаан цагаандаа гарсан ийм л тогтолцоо төрд үүрлэсэн учраас бид хөгждөггүй, урагш алхаж чаддаггүй юм гэдгийг энд дахин онцолъё. Сэлбэ голоо тохижуулах, ер нь байгаль орчноо хамгаалах нь туйлын зөв бодлого. Гэхдээ үүнийг шударга зарчмаар, зөв хүнд нь хариуцуулах ёстой. Төсвийн мөнгө гэдэг дарга нарын гарын бэлэг, найзын шагнал байж болохгүй гэдгийг Сумъяабазар болоод төрийнхөнд тэр чигт нь сануулсан сануулга энэ боллоо. Хотын даргын хоёр дахь том алдаа боллоо ч гэж дүгнэж болох юм.
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БА АЖЛАА ӨГ ГЭЖ ШААРДАХ ШАЛТГААН”
Олон нийт Сүхбаатарын талбайд гарч жагсацгаая. Ажлаа хий биш, ажлаа өг гэж хатуу шаардлага тавина гэж энэ долоо хоногт нийгмийн сүлжээнд давалгааллаа. Улстөрчид нь ард түмээ хог шаар боддог, идэж уухаас өөрийг мэддэггүй учраас одоо хариуцлагыг нь үүрүүлье гэж бачуурлаа. Ингэхэд хүргэсэн гол шалтгаан нь нүүрсний хулгай гэх сэдэв байлаа. УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл өгөхдөө өнгөрсөн хугацаанд 30-40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэж мэдэгдсэн. Монгол улсын бүхэл бүтэн гурван жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний нүүрсийг улстөрчид, эрх мэдэлтнүүд нь нийлж байгаад хулгайлчилсан уу гэдэг асуудал нийгмийг цочроож, бухимдлыг нь дээд цэгт нь хүргэлээ. Гэхдээ нүүрсний хулгайг шалгаад манаргаад өгнө өө гэж байсан Засгийн газар нь өөрсдөө эргэлзэж эхэлснээ зарлалаа. Товчхондоо нүүрсний хулгайчдыг илрүүлж, ялыг нь үүрүүлээд өгье өө гээд явж байтал утасны үзүүрт намын нөхөд нь байж таарсан учраас бантаж, дунд нь мэдэн будилж эхэллээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэлээл өгөхдөө ч тийм их нүүрс хулгайгаар гарсан гэхэд эргэлзээтэй байна аа. Аль нь ч байсан тулгаж үзье гээд анх ярьж байснаасаа өөр юм юм хэлж, зөөлөрсөн нь хоёр шалтгаантай байлаа. Нэгдүгээрт ардын намынхан өөрсдөө ч нүүрсний хулгайч гэдэг нь тогтоогдож байгаа учраас, хоёрдугаарт хулгайчдыг үүрлүүлсэн нам засаг нь хариуцлагаа хүлээ гэж олон нийт шаардаж байгаа учраас л амиа, арьсаа хамгаалаад эхэллээ гэж хэлж болно. Ямартай ч цалин орлого амьдралд хүрэхээ байлаа гэж иргэд 20-хон хоногийн өмнө жагсаж байсан бол одоо хулгайчдаас, дарангуйлагчдаас улсаа аваръя гэж төв талбайд маргааш жагсах нь тодорхой боллоо.