“Бизнес өрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Эгүүшин” академийн үүсгэн байгуулагч Т.Гаравхүүг урьж ярилцлаа. “Залуусын хандлага, зөөлөн ур чадварыг голлон харж, ажилд авдаг” гэж олон ажил олгогч ярьдаг болсон энэ үед ЕБС, их, дээд сургуулийн өгч чадахгүй байгаа зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд “Эгүүшин” академи голлон анхаарч ажилладаг.
Хөдөлмөрийн зах зээлд ажилгүй иргэдийн тоо маш олон байна. Нөгөө талд ажилтан хайж байгаа ажил олгогчийн тоо олон байна. Энэ хоёрыг хооронд нь уялдуулахад үнэлэмжээс гадна зөөлөн ур чадвар зэрэг янз бүрийн ажлын байранд тавьж буй нарийн шалгуурт нь хүрэхгүй байна уу. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид гадагшаа дүрвэж шийдвэрлэх бус боловсролын систем хэзээ өөрчлөгдөхийг хүлээж суулгүйгээр өөрчлөгдөхөд нь бид өөрсдөө гар бие оролцох ёстой байх гэдэг агуулгыг ярихаар таныг урьсан юм.
Та КТМС-ийг мэргэжлээр төгссөн бэ?
Би 2005 онд КТМС-ийг бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн.
Таны төгссөн мэргэжил, ажлын туршлагуудыг нь харахад өөр чиглэлийн ажил хийж байсан хэр нь яагаад энэ “Эгүүшиин” академийг байгуулсан бэ? Мэдээж боловсролын салбарт өөрчлөлт хийхийг зорьдог хүн олон. Тэр дундаа өсвөр насныханд зориулсан хувь хүний хөгжлийн сургалт хийхээр болсон бэ?
Эхлээд энэ санааг бизнес талаас нь бодож олсон. Учир хүн нэг салбартаа олон жил ажиллахаар зогсонги байдалд ордог. Би өөрөө бизнесийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхийг хичээсэн. Манайд ч, бусад бизнесийн байгууллагуудад ч, бүх л газарт ажилтны эрэлт хэрэгцээ их байна. Гэхдээ мэдээж ажилтан авах байгууллагаас тодорхой шаардлагууд тавьдаг. Тэр шаардлагыг хангах боломжийг нь хангаж байгаа хүн ховордсон. Тиймээс хувь хүнтэй холбоотой, зөөлөн ур чадваруудыг хөгжүүлдэг газар нээвэл болох юм байна гэдгийг 2015 оноос харж эхэлсэн. Түүнээс л одоогийн энэ бизнесийн санаа эхэлсэн.
Мэдээж анх хаанаас эхлэх ээ мэдэхгүй, өөрөө боловсролын чиглэлийн хүн биш учраас ойлгох зүйл олон байсан. Тэр ч утгаараа нэлээн олон жил нухсан. Одоо тодорхой хэмжээнд хүрсэн байна.
Анх санаа орж ирснээс хойш бараг таван жил судалсан гэсэн үг үү?
Тийм ээ. Бараг долоон жил болсон байна. Бид хүүхдийн боловсролыг бизнес болгоод ашиглах нь том алдаа юм байна гэдгийг энэ хугацаанд ойлгосон.
ЗАЛУУЧУУДАД ХҮСЭЛ, ТЭМҮҮЛЭЛ БАЙГАА Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ БАЙНА
Сүүлийн үед боловсролын платформууд олон гарч байна. Технологийн хөгжлөөр шийдээд, шийдвэр батлагдаж, боловсрол олгоё гээд Tomyo аппликейшн, Mentor hub зэрэг олон аппликейшн байна. Энэ аппликейшнүүдийг хил хязгааргүй, орон зайгүй суралцах боломжтой байхад та яагаад заавал уламжлалт хэлбэрээр өсвөр насныхныг сургах гээд байна вэ?
Эхлээд би хүүхдийн ертөнцийг ойлгох нь чухал байсан. Мөн Z үеийнхэн гээд ярьж байхад alpha үеийнхэн аль хэдийн өсвөр насанд хүрлээ. Энэ үе хоорондын онцлог, ялгаа нь юу байна. Тэдэнтэй ямар арга барилаар ажиллахыг нь судлах гэж хүүхдүүдтэй уулзаж, хоёр жил явсан. Бид орон нутгаар, алслагдсан дүүргүүд, гэр хорооллоор явсан. Гэтэл нөгөө бизнесийн санаа маань бизнес санаа биш сэтгэл гутралд орох хэмжээнд орсон.
Бид статистик ярьж байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл гутралд орж байна. Сүүлийн жилүүдэд хүн амын тоотой харьцуулахад амиа хорлолтын төвшингөөр дэлхийд эхний арван байранд орж байна. Арван хүүхэд тутмын 6-8 нь орчны гадуурхалд өртөж байна. Энэ нь айдаст автуулж байна гээд асар олон дата байна. Энэ дунд ороод, хүүхэдтэй харьцахад бидний ярьж байгаа тооны цаана тухайн хүүхдэд мэдрэгдсэн мэдрэмж, харж байгаа өнцөг хоёр маш зөрүүтэй. Тиймээс үүнийг бизнес болгож болохгүй юм байна. Бид Монгол хүмүүс, Монголын ирээдүй гэж харвал арван жилийн дараа энэ хүүхдүүд биднийг удирдана. Тэгвэл одоо бид юу хийх вэ гэдгийг харсан.
Эцэг эхчүүдээс сургалтын явцдаа “Та хүүхдийн тухай хууль амьдралдаа нэг удаа уншиж үзсэн үү” гэж асуудаг. Учир нь аравдугаар зүйлд нь эцэг эх байх тухай байдаг. Гэтэл бид өөрсдөө тэр хуулиа мэдэх үү, үзсэн үү.
Нөгөө талаас Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн. Түүнийг уншвал “Монгол улс үнэхээр гоё юм аа” гэж хэлэхүйц юм. Бид хууль ярьж, багшид найдаад эсвэл тэгэх ёстой, ингэх ёстой гэвэл хэзээ бидний хүсэн хүлээж байгаа нийгэм бүтэхийг мэдэхгүй. Би залуучуудтай ажиллаад Монголын ирээдүйд үнэхээр итгэлтэй байна. Учир нь манай залуучууд гэгээлэг, хүсэл тэмүүлэл өөдрөг байна. Хамгийн гол нь боломж байхгүй байна.
ХҮҮХДИЙН ДОТОРХ ИТГЭЛ, СЭТГЭЛ, ЗҮТГЭЛИЙН ГАЛЫГ БҮҮ МОХОО
Ээжүүдийн хамгийн их асуудаг асуулт нь “Хүүхдээ яаж өөртөө итгэлтэй болгох вэ. Хүүхэд ямар үед итгэлгүй болдог вэ” гэдэг асуулт. “Надтай юу ч ярихгүй байна. Би ойлголцохгүй байна” гэдэг. Би туршлагаасаа харахад, хүүхдийн дотор итгэлийн гал, сэтгэлийн гал, зүтгэлийн гал гэж байгаад байна. Итгэл, сэтгэл, зүтгэлийн гал мохоол ирэхээр гундах, итгэлгүй байдал зэрэг нь тулгардаг. Эцэг эхчүүд тэр галыг нь битгий мохоо. Гал нь мохсон хүүхэдтэй мянга ажиллаад, маш их хүч зардаг. Мэдээж сэргэдэг. Гэхдээ мохоох шалтгаан нь байдаг бол дахиад л унтардаг. Гал унтрах шалтгаан нь бидний үг хэл байдаг.
ХАЙРЛАЖ, ЭРХЛҮҮЛЭЭД БАЙВАЛ ХҮҮХЭД ӨӨРИЙГӨӨ НЭЭЖ ЭХЭЛДЭГ
Таныг өсвөр насныхантай ажиллах сегментээ зөв, онож барьж авсан болов уу гэж харж байна. Бид нийгмээрээ контент хийх, онцол ярихдаа ажил олгогч, ажилтан, ажил дээр гарч байгаа хүмүүс, оюутнууд гээд өсвөр үеийнхнээ хаядаг юм шиг анзаарагддаг. Өсвөр насанд нь ажиллаж, зөв суурь тавина гэдэг нь их зөв санагдаж байна.
Өсвөр насандаа зөв суурийг тавивал дараа дараагийн зам мөр нь зөв байдаг гэдгийг таны ажиллаж байгаа хүүхдүүд дээр үр дүн нь яаж харагдаж байна вэ?
Эхлээд би өөрийнхөө хүүхдүүд дээр ярья. Би өсвөр насны гурван хүүхэдтэй. Яг энэ сэдэв, энэ ажлыг эхлүүлэхээсээ өмнө би нөгөө л хүүхдээсээ юм хүсдэг, дандаа загнадаг, үглэдэг. Тэр байтугай би чинь бие сэтгэлийн хүчирхийлэгч байлаа. Цохидог, зоддог, хичээлийг нь хийлгэх гэж уурладаг ээж байлаа. Би өөрийнхөө энэ байдлыг буруутгаж үзэж байгаагүй. Манай хүүхдүүд л болохгүй байна гэж боддог байсан. Энэ салбарт ажиллаж эхлээд өөрийгөө ойлгосон. Ялангуяа хүүхэдтэй ярилцахаар миний асуудал, миний алдаа тэр хүүхдийг ямар болгож болохыг харагдуулаад байсан. Жишээлбэл, бусадтай харьцуулах “Тэрний хүүхэд тэгж байна, чиний байж байгааг” гээд л. Эсвэл “Чи яг ийм зүйл хийдэг бол” гээд л. Энэ байдал нь өөрөө хүүхдийг хайрцаглаад байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс би хүүхдүүд дээрээ эхний хийж чадсан зүйл нь шаардлага тавихаа больсон. “Чи яг тэгэх ёстой” гэхгүй. “Ямар ч байсан та нар энэ гэрийн гишүүн. Хүн бүр үүрэгтэй. Өөрөө өөрсдийнхөө зүйлийг л асуудалгүй хийчих”.
Хоёрдугаарт, миний хийж чадсан зүйл нь хүүхдээ их эрхлүүлдэг болсон. Хүүхэд хайр, халамж хүсээд байгаагаа мэддэггүй юм байна. Түүнийгээ мэдэхгүй болохоор тэр дутуу мэдрэмжээ бусдаар илэрхийлээд байдаг. Гэтэл жишээлбэл, би хүүхдээ нэг настай байхад нь хайрлаж байсан бол томорсон хойно нь үнсэхээ ч больсон байгаа юм. Гараас нь бариад, нүд рүү нь хараад, эрхлүүлээд. Эхлээд хүүхэд бишүүрхэнэ. “Энэ одоо яагаад байгаа юм бол” гээд. Хэсэг хугацааны дараа тэр байдалдаа дасна. Би ямар ч байсан дастал нь хийх ёстой гэж бодсон. Эхлээд би ёстой гэж бодож хийж байгаа юм. Сүүлдээ энэ нь өөрөөс гардаг үйлдэл болоод эхэлсэн. Тэгээд хүүхдүүд маань нээгдэж эхэлсэн. Бид хүүхдийг байгаагаар нь дэмнээд, өөрийг нь чөлөөтэй байлгаад, сонсоод, ярилцах нь хүүхдийг өөрөөрөө байх үр дүн өгдөг юм байна гэж бодсон. Тэгээд итгэл орчихдог.
Хүүхэд юмаа ярихгүй байна гэдэг нь итгэхгүй л байна гэсэн үг. Би итгэлийг нь алдчихсан байна. Юу ч асуухгүйгээр, зүгээр л ойрхон, харилцаагаа нэмээд л, эрхлүүлээд, үнсээд, толгойг нь ч юм уу илээд байхаар тэр хүүхэд нялхамсаад ирдэг. Тэр үедээ өөрийгөө нээж эхэлдэг. Өөрийгөө нээгээд ирэхэд нь харилцаа үүсэж эхэлнэ. Одоо энэ үед нь хэлэх ёстой зүйлээ зөв хэлнэ. “Ээж нь охиноосоо өглөө босоод, цайгаа өөрөө хийгээд уучихдаг байгаасай гэж хүсдэг. Миний охин ингээрэй” гээд.
ХҮҮХДИЙН ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БАЙДАЛД ГЭР БҮЛИЙН ОРЧИН ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ
Анзаараад байхад бидний аав, ээж, эмээ, өвөө дөнгөж л хөгжиж байсан нийгэмд амьдарч байсан болохоор амьдралын төлөө их цаг гаргаад, үр хүүхдээ өсгөж, хайрлах, эрхлүүлэх талд илүү бага цаг гаргасан болов уу гэж олон зүйлд харагддаг. Ядаж л бидэнд хүүхдээ хэрхэн өсгөж, чанартай цаг гаргах вэ гэдэг уламжилж ирсэн сургаал байдаггүй. Интернэтээс л хайж, уншиж, дадал болгох гэж хичээж байна.
Та хүүхдүүдтэй ажиллаж байхад өсвөр насныхан өөртөө итгэлгүй, хайрцаглагдсан, нээлттэй биш байгаад аль орчин, юу нөлөөлж байна вэ?
Хамгийн их нөлөөлж байгаа нь гэр бүлийн орчин.
Хүүхдэдээ цаг гаргахгүй байгаа нь уу?
Хүүхдийн өөртөө итгэлгүй байгаад гэр бүлийн орчин хамгийн их нөлөөлдөг. Манайд аав, ээж нь тусдаа амьдардаг, нэлээн дотогшоо хүүхэд ирж байсан. Тэр хүүхэдтэй би гурван сар холбоотой ажилласан. Тухайн хүүхэд эхлээд юу ч ярьдаггүй байсан. Миний хийж чадсан зүйл нь юу вэ гэвэл “Хоёулаа долоо хоногт хоёр удаа уулзъя” гэсэн. Уулзахаараа би түүнийг хараад л, үсийг нь илээд суудаг байсан. Гэтэл зургаа дахь уулзалт дээр шууд уйлчихсан. Уйлахаар нь би яахаа мэдэхгүй чимээгүй л сууж байсан. Тэр охин “Би ийм мэдрэмжийг анх удаа авч байна. Тантай уулзахад би хайрлагдах мэдрэмж авдаг” гэж хэлсэн. Тэр охин өнөөдөр онц сурдаг. Илтгэл тавьдаг. Одоо манай төвд сайхан мэдээ дуулгахаар ирнэ гэсэн. Би хүлээж байна. Тэр охиныг анх ээж нь холбож байсан. Гэтэл тэр хүүхдийн цаад шалтгаан нь ээжийн харилцаа байсан. “Анх удаа энэ мэдрэмжийг авч байна” гэдэг нь тэр мэдрэмж л тэр хүүхдэд дутагдаж байсан. Ийм жишээ бий. Үүнийг сурлагаар эсвэл өөр зүйлээр хэмжихэд хэцүү. Ямар ч хүүхдийг хүндэлж, хайрлаж харьцахад нээгддэг. Бидэнд ийм л зүйл их дутагдаж байна.
ДУРТАЙ АЖЛАА ХИЙХ НЬ ХАМГИЙН ГОЁ МЭДРЭМЖ
Та гүйцэтгэх удирдлага найман жил ажилласан байна. Ихэнх хүмүүс ажлын байраа солих эсвэл тухайн чиглэлээрээ өөрийн бизнес эхлүүлдэг. Гэтэл та өөр салбар сонгоод, хүүхэдтэй ажиллая гэж шийдсэн байна. Энэ эргэлтийн яаж хийсэн бэ?
Тодорхой хэмжээнд хийгээд үзсэн зүйлийг дахиад өөр газар үргэлжлүүлээд давтах нь маш уйтгартай. Би өөрийгөө гүйцэтгэх захирал хийж байна гэж боддог байсан. Гэтэл эргээд бодоход түүнийгээ ч олигтой хийж чадаагүй юм билээ. Өөрөө л бүх зүйлээ нухаад, өөртөө ачаалал үүрээд, ирээдүйгээ, хөгжлөө харж чадахгүй байдлаасаа үүдээд шантарч эхэлсэн. “Цаашдаа би юу хийж чадах вэ” гэдэг асуулттай тулгарсан.
Энэ бол миний сорилт биш юм байна. Залуу байхад гоё ажил хийгээд, гоё харагдаад байж байхад болох юм шиг санагдаж байсан. Гэтэл үнэндээ би түүнд мэргэшсэн хүн биш байсан. Миний чадах зүйл нь арван жил, их сургуульд заадаггүй. Гэхдээ амьдралд хэрэг болох өөрийн чаддаг зүйлээ яаж залуу үедээ түгээх вэ гэж бодсон. Нөгөө талаас би өөрийн мөрөөдлийн ажлаа хийж байна. Хүн дуртай ажлаа хийх мэдрэмж ямар гоё байдаг. Зүгээр “ёстой” гэж ажиллах ямар байдгийг жинхэнээсээ мэдэрсэн. Энэ нь магадгүй миний өгөгдөл байх.
Бүтэн ярилцлагыг https://youtu.be/nfq3_yDiaP0 линк дээр дарж үзнэ үү.