Өчигдөр Корпорэйт зочид буудалд болсон Монгол мах чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө.
Чуулга уулзалтад ХХААХҮЯ, Мал эмнэлгийн Ерөний газар, Мал эмнэлгийн холбоо, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэг ААН-үүд, 200 гаруй зочид оролцож, мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, салбарын тулгамдсан асуудал, шинэ шийдлийн талаар хэлэлцсэн юм.
Бид хурлын үеэр “Монгол мах” чуулга уулзалтыг зохион байгуулагч, Өрөг.мн сайтын гүйцэтгэх захирал Б.Болорчимэгээс уулзалтын талаар тодрууллаа.
Тэрбээр, “Өнөөдрийн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн “Монгол мах” чуулга уулзалт нь үндсэн гурван зорилгын хүрээнд болж байна.
- Нэгдүгээрт махны чанарыг таниулах зорилготой. Бид ямар чанар стандарттай мах хэрэглэдэг юм бэ гэдэг мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхэд оршино.
- Хоёрдугаарт үйлдвэрлэгч компаниудын махны экспорт эрс багассантай холбоотой. Махаа экспортлохын тулд гадаадын стандартад хүрэх шаардлагатай. Үүний тулд бид хэрхэн ажиллах ёстой талаар мэдээллийг нээлттэй өгөх, хамтдаа шийдлийг ярилцах юм.
- Гуравдугаарт экспортыг нэмэх боломж юу байгааг хэлэлцэх юм.
Эмээлтийн асуудлаас болоод махны чанар стандартыг хэрэглэгчид их анхаарч байна. Бид асуудлыг нь гаргаж тавьсан бол эргээд мэдлэг, мэдээлэл, боломж шийдлийг нь ярих ёстой” гэлээ.
Хурлын үеэр Премиум группын хөдөө аж ахуйн төсөл хариуцсан менежер П.Баттөр дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр, “Өнөөдрийн арга хэмжээнд төрийн байгууллага талаас өгч буй мэдээллүүд дутмаг байна. 2025 он хүртэл гээд багагүй хугацаа ярьж байна. Тэр хүртэл хүнсний аюулгүй байдлаа хэрхэн хангах юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Манай компани мах махан бүтээгдэхүүний төслийг сүүлийн хагас жил судалж байна. Ингэхэд тоон мэдээллүүд нь маш буруу байдаг. Мэдээллийг нь хөөгөөд явахаар зарим газраа судлагдаагүй байх жишээний. Махны салбар дахь эргэн мөшгих тогтолцоо нь сайн. Гэхдээ, “Хүчит шонхор” махны зах зээлийн 70 хувийг эзэлж байна. Хурууны салаагаар явж байгаа зах зээл гэсэн үг. Үүн дээрээ арга хэмжээ авч, шийдэл гаргах хэрэгтэй болов уу гэж бодож байна” гэсэн юм.
Харин ХААИС-ИЙН доктор, профессор С.Лхагвасүрэн махны салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар ярилаа.
“Эргэлзээ төрүүлээд байгаа асуудал нь махны салбарт тулгамдаж байгаа том асуудал болж байгаа юм. Мах болгон муу, аюултай биш. Хамгийн гол нь нэг гарсан асуудлыг олон нийтийн асуудал болгож бүх махны компаниуд ийм юм шиг айдас төрүүлж байгаа нь асуудал болж байна. Махны нийтийн хэрэглээг үйлдвэрийн аргаар боловсруулахаас өөр аргагүй. Үүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж байж хяналт тавих боломж бүрдэнэ.
Би хүнсний аюулгүй байдлын судлаачийнхаа хувьд маханд тохиолдож болох асуудлыг жагсаахаар, 120 гаруй лист болж байгаа юм. Тэгэхээр хими, физик, биологийн аюулыг хянахын тулд зөвшөөрөлтэй үйлдвэр дээр мэргэжилтнүүд нь хянах ёстой. Энэ хяналтыг тавих боломж олгох нь чухал.
Махны чанар стандартыг хянадаг лабораториуд манайд байгаа. Гэхдээ шаардлагатай шинжилгээ хийгээд ажиллах хүчин чадал байхгүй. Өдөр тутам хэрэглэдэг лабораторийн хэрэгслүүд гэж байдаг. Үүнийг авч хангаж чадахгүй байгаа. Өдөр тутмын оношлуурын хангамж их хэцүү байна” гэв.