Өдрийн мэнд хүргэе. Сөрөг хүчин тоймын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаад бид нйитийн тээврийн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж байна.
ЭМИЙН САН ОРОХ ЦУВАА БА ТҮГЖРЭЛИЙН САЙДЫН ШИЙДВЭР
Нийслэлчүүд бид сард 35 өдрийг зам дээр өнгөрүүлдэг. Түгжрэлд зарцуулах хугацаа бүхэл бүтэн сараар хэмжигдэж байна. Засгийн газар нь түгжрэлээ шийдэх гарц оллоо. Хот хариуцсан сайд томилоод авчихвал л асуудал аяндаа цэгцрэх нь ээ гэж зарласаар сайдтай ч болсон. Гэвч байдал дээрдсэнгүй. Угаасаа дээрдэхгүй нь тодорхой л байсан, даргын тоо нэмлээ гээд.
Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын түгжрэл дээд цэгтээ хүрч, жилд алдах хохирлын хэмжээ 3,5 их наядаар хэмжигдэх боллоо. Үүнтэй зэрэгцээд түгжрэлийн сайд ажлаа бужигнуулж, түгжрэлд юу нөлөөлөөд байгааг эрчимтэй судалж эхэллээ. Тэрбээр нэг сэжүүр олжээ. “Гэр хороололд эмийн сан ховор. Хотын төв рүү орж эм авах гэж хүмүүс цуваа үүсгэдэг. Энэ нь ч түгжрэлд нөлөөлдөг юм байна. Түгжрэл гэж тусдаа салбар байхгүй ээ. Ийм жижиг зүйлс түгжрэлийн шалтгаан болж байна” гэж хэлсэн нь долоо хоногийн турш яригдлаа. Жил бүр нийслэлийн төвлөрөл, түгжрэлийг бууруулахад 420 тэрбумын төсөв баталж зарцуулж байгаа ч нэмэр алга. Эхнээсээ батлуулсан дорвитой шийдэл алга хэмээн иргэд бухимдаж байна. Үнэхээр ч сайд дарга нар наанаа “мэргэн түргэн” санаа хэлж, мэдэгдэл хийх боловч, жинтэй юм нэгээхэн ч алга. Өглөө оройд нь хүүхдээ цэцэрлэгт нь үлдээж, хоцорч тэвдэж, стрэссдэж, цаг хугацаа эрүүл мэндээрээ хохирч байгаагийн балгийг хэн хариуцах вэ? Сүүлийн 30 жилд улсад авлига хулгай нүүрлэж, хотоо замбараагүй төлөвлөснөөс л өнөөдрийн бугшмал зүйлс үүссэн гэдгийг эрх баригчдад өдөр бүр сануулмаар байна.
Ирэх долоо хоногийн эхээр цочир хүйтрэх төлөвтэй байна. Сурагчид сургууль цэцэрлэгтээ явахад хүнд, 36 цаг тасралтгүй цас орох учраас замын түгжрэл утгаа алдана. Тиймээс эрсдэлээс сэргийлж байна гэж мэдэгдэн, ирэх даваа гарагт сургууль цэцэрлэгүүд цахимаар хичээллэхээр боллоо. “Түгжрэл”-ийн сайд санал гаргаж, хотын даргаар дэмжүүллээ. Зам дээр удаан түгжрэхээс сэргийлэх, хүүхдээ бодох шийдвэр энэ мөн ч гэлээ цаагуураа эрх мэдэлтнүүдийн олон жилийн бугшмал буруу бодлогоос болж, хүүхдүүд сурах эрхээ нэг ч гэсэн өдрөөр алдаж байна гэдгийг сануулах хэрэгтэй юм.
АВТОБУСАНДАА ХАЯГДАЖ ЗҮДЭРСЭН НИЙСЛЭЛЧҮҮД
Уг нь нийтийн тээврээ шийдэж, нэгдүгээр эгнээгээ чөлөөлчихвөл түгжрэл бууна гэж хаа хаанаа сануулдаг.Гэвч тэр нийтийн тээвэрт нь найдвар алга. Автобусанд сууж ажилдаа ирж очно гэдэг аз сорьсон асуудал хэвээрээ л байна. Зодоо цохион болохын наагуурхан арай гэж чихэлдэж сууна. Суусныхаа хойно хөлөө дааруулж зогсоно. Цантсан цонхоо маажиж, хаанаа явагаа мэднэ. Шахагдаж унахгүйхэн шиг бариулаасаа тас зуурна гээд багахан шиг зутраад л гэртээ харьж байвал дээдийн заяа. Хотын дарга нарынхаа ачаар бид ийм л байдалтай олон жилийг өнгөрөөлөө. Цэв хүйтэнд зогсож, бүхэл бүтэн нэг цаг автобусаа хүлээж байна. Энэ бол хүйтний эрч дөнгөж чангарч эхэлж буй энэ долоо хоногийн дүр төрх.
Хотын дарга нарын гоё ганган яриагаар бол Нийслэлчүүд бид өдийд метрогоор зорчиж, бүр болоогүй агаарын тээвэрт тухалж, хурдан галт тэргээн сүнгэнүүлж явах ёстой байлаа. Гэвч улстөрчдийн хоосон амлалт улам бүр ужгирсаар өнөөдөртэй золголоо. Одоогоос хоёр жилийн өмнө хотын дарга С.Амарсайхан агаарын тээврийг цогцоор нь шинэчлэхээр боллоо гэж өөртөө алга ташуулж байлаа. Гэвч өнөөдөр энэ ярианаас биеллээ олсон ажил огт алга. С.Амарсайханы халааг Д.Сумъяабазар авсан ч бас л ам ажил хоёр нь зөрсөн үлгэр боллоо. Тэрээр нийслэлд LRT буву хөнгөн галт тэрэгний LRT төсөл хэрэгжүүлнэ гэж зарласан ч их хурлаар дэмжлэг авч чадалгүй зогссон. Улмаар шинээр 500 автобус оруулж ирнэ гэж бүхэл бүтэн хоёр жил ярьж байгаа ч бас л замхраад байна. Ирэх долоо хоногт -37 хэм хүрч, цочир хүйтэрнэ гэсэн төлөв гараад байна. Тэр үед иргэд унаандаа сууж гэртээ харих гэж хацраа хайруулж, улам зутрах нь тодорхой. 11-р сардаа багтаад 200 шинэ автобус оруулаад ирнэ гэж хэлсэн нь яасан бэ, хотын дарга аа! Д.Сумъяабазар гэдэг хүн нэг л их том дуугарч, хүн загнахаас өөрөөр хийсэн ажлынх нь үр дүн гарахгүй хэрэг үү, ажиллах хугацаанд нь.