Бид дэлхийд гайхуулах үүх түүх, үндэс угсаатай. Тэр түүхээ хамгаалах, улам тод томруунуур харуулахад анхаарах чухал хэмээн судлаачид санал нэгдэж байна. Бидний бахархал бол их түүх, Эзэн Чингис хаан, түүхийн торгон жим, гайхуулах их шастир юм гэдгийг өдөр бүр санаж, бусад орнуудын их довтолгооноос хамгаалах хэрэгтэй гэж захилаа. Довтолгоо гэсний учир нь өнөө цагт улс орнууд, тэр дундаа манай хоёр хөрш орон Монголын түүхийг гуйвуулах, өөртөө ашигтай байдлаар тайлбарлах, өмчирхөх байдлаар ханддаг болсон. Тиймээс бид өрсөж, түүх соёлоо, Монгол бахархлаа мөнхжүүлэхэд хаа хаанаа бодлогоор анхаарах хэрэгтэй талаар МУИС-ийн багш, судлаачид захисан юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, "Монгол Бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хааны эрин" хүндэтгэлийн хурал өчигдөр боллоо. Өнөөдөр Чингис хаан судлалыг дэлхийн олон улс оронд бодлогоор дэмжин ажилладаг. Манай улс ч онцгой анхаарал хандуулж байна. Цаашид Чингис хаан судлалыг шинжлэх ухааны байгууллагуудад даатгаад орхих биш, төрийн бодлогоор илүү өргөн цар хүрээнд авч үзэх шаардлагатайг ч хэлж байсан юм.
МУИС-ИЙН ТҮҮХИЙН ТЭНХИМИЙН ПРОФЕССЕОР П.ДЭЛГЭРЖАРГАЛ: ЧИНГИСИЙН ТӨР ХҮЧИРХЭГ БАЙСНЫ НУУЦ НЬ ШУДАРГА ЁС
Нүүдэлчдийн нийгмийг бүдүүлэгч, шимэгч гэх ангилалд оруулж үзэх хандлага байсаар ирсэн. Иргэншил бүтээдэггүй, суурин иргэдээс дээрмээр татвар авч, мөлжиж тогтнодог нийгэм гэх хандлага газар авч байлаа. Үүнтэй холбож, Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүдэгрүүлэх хандлага бий. Гэхдээ Чингис хаан бол үндэсний бахархал, суут хүн гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн. Чингисийн төр яагаад хүчирхэг байсан гэдэг нууцыг өнөө цагт бид харж үзэх учиртай. Үүний учир зангилаа нь:
- Ард иргэдийнхээ дэмжлэгийг авсан төр хамгийн хүчирхэг байдаг
- Иргэн бүрд тэгш үйлчилдэг, шударга ёсны механизмыг бүрдүүлж чадсан
- Хуулийн засаглал тогтоож хууль тэгш үйлчилдэг байсан
- Монголчууд Чингисийн үед оюун санааны үед нэгдмэл нэг байж чадсан
- Чингисийн байгуулсан төр нь бидний төр буюу Монгол хүн бүрийн төр болсон” гэж тодорхойлж хэлж болох юм.
Өнөөдөр агуу түүхээрээ бахархаж байна. Гэвч түүнийгээ гадны өмчирхөг үзлээс хамгаалах тал дээр дорвитой ажиллаж чадахгүй байна. Түүхээ харуулсан кино бүтээл гаргах, сурагчдын сурах бичгийн агуулгыг сайжруулах зэрэг олон зүйлээс үүнийг эхлэх хэрэгтэй. Гадны улсууд түүхийн өчүүхэн жижиг хэсгийг том нүсэр мэтээр кино бүтээж, суртал ухуулга хийж, түүхээ таниулж байна шүү дээ. Гэтэл манай улсад тийм зүйл алга. Учир дутагдалтай байна. Тиймээс бид Монгол бахархал гэж зөвхөн нэг өдөр яриад бахархаад өнгөрөх биш, монгол бахархлаа бодитоор авч үлдэх, дэлхийд гаргах тал дээр бүх талаар идэвх санаачилгатай ажиллах ёстой.
МУИС-ИЙН БАГШ, ДОКТОР Б.ТҮВШИНТӨГС: ЧИНГИС ХААНЫ ҮЕЭС МОНГОЛ ХЭЛИЙГ СУРЧ СУДЛАХ АЖИЛ ЭРЧИМЖСЭН
Эх хэл, бичиг соёл бол бидний үндэсний дархлаа, бахархал юм. Эзэн Чингисийн үеэс буюу 13 дугаар зууны үеэс Монгол бичгийг төрийн бичиг болгон тунхагласан гэж үздэг. Тодруулбал, Найман аймгийг эзлэх үеэр Тататунга хэмээх бичгийн түшмэл олзлогдон төрийн тамгын талаар Чингис хаанд хэлснээр Монголчууд бичиг үсэг авсан хэмээн домог сурвалжид тэмдэглэсэн байдаг. 13 дугаар зууны үеийн Монгол хэлний онцлогийг харуулсан бүтээл бол Монгол нууц товчоо юм. Тухайн үед монгол хэл ерөнхий нэг хэл байсан гэж харж болохоор байна. Нутгийн олон янз аялгууг тэмдэглэх боломжтой бичгийг хэрэглэж эхэлснээр буюу энэ цагаас хойш нутгийн аялгуу үүссэн гэж үзэж болохоор байна.
Чингис хаан болон түүний залгамжлагчдын “Үнэнхүү зохилдохоос сайн юу аху” хэмээх улстөрийн бодлогын хүрээнд Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр тэлж, дэлхийн талыг хамрах болсон. Ялангуяа, Монгол хэлийг сурах, Монгол хэл бүхий орчуулгын толь бичиг зохиох ажил энэ үед Монголын эзэнт гүрний харьяаны улс орнуудад эрчимтэй өрнөж байсан. Тухайлбал, Монгол хэлийг ханз, араб хэлээр тэмдэглэсэн олон тооны толь бичиг зохиосон, Монголын нууц товчоог ханз үсгээр галиглан тэмдэглэсэн зэрэг нь үүний тодорхой баримт болдог.
МУИС-ИЙН БАГШ, СУДЛААЧ Г.БАТТОГТОХ: МОНГОЛ БАХАРХЛАА БИД ЭРХЭМЛЭЖ ЯВАХ УЧИРТАЙ
Монгол бахархлын өдөртэй болсон нь өөрөө түүхэн ач холбогдолтой гэж хэлж болно. Бид түүхээрээ бахархаж, санаж явснаараа өв уламжлал, соёл, бүх зүйлээ хамт өртөөлж авч явж чадна. Монгол хэл гэдэг бол монгол орны, монгол хүний оршин тогтнохуйн үндэс учраас Монгол бахархал гэж юу вэ гэх асуултад Монгол хэл жинтэй байр суурь эзэлдэг. Тийм учраас бид эх хэлээ сурч судлах, монгол соёлоо нандигнаж явах ёстой. Зөвхөн Монгол бахархал гэж яриад өнгөрөх бус, монгол бахархлаа гээхгүй авч явахад Монгол хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэл хэрэгтэй.