Төрийн гурван өндөрлөг нь, дарга сайд нар нь зам хаалгаж хамгаалуулж байгаад л сүнгэнээд зөрчихдөг учраас л түгжрэл арилахгүй байна. Түгжрэлийн зовлон мэддэггүй болохоор биднийг бөглөрөө, стрэсс дунд нь орхих сонирхол дүүрэн байна.
Нийслэлчүүд түгжрэлээс болж жилд 35 өдрийг зам дээр өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Энэ бол 5 жилийн өмнөх статистик. Өнөөдөр замын түгжрэл туйлдаа хүрч гэртээ хүрэхэд 2-3 цаг зарцуулж байна. Түгжрэлээ шийдэхээр тусдаа хот хариуцсан сайдтай боллоо. Тэгээд ч асуудал шийдэгдсэнгүй. Харин ч амьдралд нийцэхгүй мэдэгдэл хийж суудаг боллоо. Хамгийн сүүлд буюу өчигдөр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар хэлэхдээ, "Түгжрэл гэж тусдаа салбар байхгүй. Үүнд нөлөөлдөг жижиг шалтгаанууд гэж бий. Жишээлбэл, гэр хороололд эмийн сан цөөн. Хүмүүс эм авахаар төв рүү явдаг нь түгжрэл үүсэх нэг шалтгаан болж байна гэж тайлбарлав. Дорвитой шийдэл эрэхийн оронд хоёрын хооронд жижиг шалтаг хайж байна гэж олон нийт түүнийг шүүмжлээд авлаа.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. "Энэ бол зам, дэд бүтэцдээ зарцуулах мөнгө" гэж албаныхан тайлбарлаад байна. Гэвч ажил нь удаашралтай байгаа учраас өвлийн хүйтэнд бид зам дээрээ таг гацсан хэвээрээ л байна. Уг нь дарга нар үеийн үед Улаанбаатар хотыг түгжрэлээс салгана гэж хөтөлбөр боловсруулдаг, төсөл эхлүүлдэг ч үр дүнгээ өгөлгүй замхарч, хариуцлага тооцох эзэн ч үгүй явсаар замхардаг. Эрх баригчид нь "Аргалж байгаад сонгуультай золгоод авъя. Тэгээд л хариуцлагаас мултарна даа гэх харалган бодолтой учраас л энэ гээд шийдсэн төсөл төлөвлөгөө алга. Нийслэлчүүд зам дээрээ түгжирсээр, цагаа алдсаар л байна.
Нэгэнт зам дээрээ багтахаа больчихсон юм чинь автомашины тоог хязгаарлаж, нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлж өгөх нь зүй ёсны хэрэг. Жишээлбэл, авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, автобусаа чөлөөтэй явуулах арга бий. Гэвч өнөөдөр нийтийн тээвэр нь түгжрэл дундаа таг саатаж, иргэдэд алхах ганцхан сонголттой нүүр тулж байна. Дарга нар сонгууль бүрээр Улаанбаатарын төвлөрлийг сааруулна гэж амладаг ч түүнийгээ мартсаар Нийслэл хот нэгэнт ачааллаа даахаа больчихлоо. Үүний хариуцлагыг хэн үүрч, ямар шийдэл гаргах вэ?
Хамгийн сүүлд гаргасан статистик мэдээллээр түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3,8 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, бид ийм хэмжээний мөнгийг ганцхан жилийн дотор зам дээр түгжирснээсээ болж алдаж байна гэсэн үг. Зөвхөн цаг хугацаагаа алдах бус, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа учраас түгжрэлийн дорвитой шийдэл олох хэрэгтэй байна. Дарга нар аа! Түгжрээд яв үз. Төрийн гурван өндөрлөг нь түгжрэл дундаа орж, асуудлаа мэдэр! Тэгвэл шийдэл гарч мэднэ.