ЮНЕСКО-гийн санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн лхагва гараг (2022-11-17)-т дэлхийн философийн өдрийг тэмдэглэх уламжлал тогтжээ. Гэхдээ философи сэтгэлгээ цаг үеийн сорилтуудыг даван туулах, ялангуяа нийгмийн ёс суртахууны төлөвшилтийг сайжруулах, шударга ёсыг тогтоох үзэл санааг түгээн дэлгэрүүлэх хүүхэд залууст шүүн шинжилсэн үзэл бодол, ухаалаг, бүтээлч чадварыг төлөвшүүлдэг бөгөөд хүлээцтэй байдал, энх тайвныг хөхүүлэн дэмждэг салбар гэж ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаар үнэлжээ. Энэ үнэлгээ дээрх шийдвэр гаргах суурь нь болсон бололтой. Монгол Улсад энэ өдрийг 2012 оноос тэмдэглэж эхэлсэн байна.
Философи нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар түүнчлэн хүний амьдралын утга учрын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайдаг онцлогтой. Дэлхийн өнцөг буланд ойролцоогоор 3000 гаруй жилийн өмнө Философи үүссэн гэж үздэг. Эртний Грекийн философичид Платон, Аристотель нар философийг зөвхөн цэцэрхэх хэрэгсэл болгохоос хөндий байж, түүнийг үнэн мэдлэг олох үйл ажиллагаа мөн гэж үзсэн байна.
Мэдлэгийн үүсэл, цаашдын хөгжил нь тодорхой улс орны болон улмаар нийт хүн төрөлхтний хөгжлийн тухай төвшин дэх оюуны амьдралын төдийгүй тодорхой нийгэм-түүхэн нөхцөлийн бүтээгдэхүүн хэсэг нь философи болж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн байгалийн төлвөөс нийгмийн төлөвт улам бүр шилжиж буй түүхэн тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож байжээ. Тэр нь байгалийг төдийгүй нийгмийг онцлон судлах болсны зохих үр дагавар байдаг ажээ.
Өчигдөр философийн өдрийг тохиолдуулан ШУА, ФХ-нд 25 орчим эрдэмтэд “Философи ба шинжлэх ухааны танин мэдэхүй” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Бид хурлын талаар болон зарим судлаачдын онцлох илтгэлүүдээс тодрууллаа.
Энэ талаар ШУА, ФХ-ийн философийн салбарын доктор С.Соёлмаа, Манай ШУА-ФХ-гээс жил бүр энэ өдрийг тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлалтай. Шинжлэх ухаан, технологийн завгүй нийгэм болон утга санаа, шашин урлагийн ертөнц гэх хоёр зааг байгааг, философи тэнцвэржүүлэх үүрэгтэй гэдгийг судлаачид санал нэгтэй хэлж байна гэлээ.
Бид хурлын үеэр илтгэл тавьсан ШУА, ФХ-ийн ёс зүй сэтгэл судлалын салбарын доктор М.Анарагийн тавьсан илтгэлээс нь онцлох зүйлсийн талаар ярилцсан юм.
Тэрбээр, “Францын психоаналист Ж.Лаканы арга зүйг би илүү нарийвчилж ярилаа. Ж.Лакан юу хэлсэн гэхээр, хүний өөрийнх нь дүр төрх бол параноид шинжтэй. Энэ нь хүмүүс миний тухай юу гэж боддог бол гэж бодох асуудал юм. Хүн намайг юу гэж боддог бол? Би гоё харагдаж байгаа бол уу? Муухай харагдаж байгаа бол уу? Ингэвэл яах бол? Тийм зүйл хийвэл яах бол гээд л. Тэгж байж хүн өөртөө оршин байгаа баталгаагаа олж авдаг. Хүн гэдэг ерөөсөө л мөн чанараараа ийм амьтан. Сэтгэл судлал гэдэг нь өөрөө өөрийгөө танин мэдэхээс эхэлж байгаа юм. Гэхдээ философийн үүднээс харах юм бол хүн өөрийгөө хэзээ ч танин мэдэх боломжгүй. Маргаантай олон асуудал бий. Эргэлзээтэй асуудлууд олон. Гэхдээ хүн өөрлүүгээ өнгийж, юу мэдэрч, яагаад ийм үйлдэл хийх гээд байгаагаа, хүнийг яагаад гомдоох гээд байгаагаа, яагаад муухайгаар бодох гээд шалтгаанаа бодох хэрэгтэй. Үүнийхээ учир шалтгааныг олох гэж эрмэлзэх тусам, магадгүй эцсийн асуултад хариулж чадахгүй. Асуултын тэмдэгтэй үлдэж болно. Гэхдээ үүнийг бодол санаандаа эргэцүүлнэ гэдэг нь чухал.
Хүнд бодох сэтгэх уураг тархи бий шүү дээ. Бид маш бага боддог болсон. Гар утсаа гүйлгээд л байна. Телевизроор клип, реклам хараад л. Энэ бүгдээс ангижраад зүгээр нэг бодъё. Өнөөдөр юу хийсэн тухайгаа ч байж болно. Бодох гэдэг чинь л маш ач холбогдолтой зүйл. Оюун ухаан дүүрээд, тэгж байж цааш явна гэсэн үг. Бодож байж л хүн хэвээрээ үлдэнэ. Залуучууддаа хандаж хэлэхэд аливааг эргэцүүлж, заавал бодож байгаарай. Бодох тусам та хөгжинө шүү” гэлээ.
Нийгмийн оюуны соёлын ямар төрлийн хүрээнд илэрч байгааг нь иш үндэс болговол ертөнцийг үзэх мифологи (шидэт домог зүй), шашны, философийн, шинжлэх ухааны үзлүүдийг давын өмнө онцолж үзэх шаардлага гардаг. Ертөнцийг үзэх мифологи үзэл бол хүн төрөлхтний оюуны соёлын хамгийн анхны хэлбэр байжээ. Хүний өөртөө байгаа янз бүрийн үзэл санааг нэгтгэж холбохоос гадна ялган салгах чадварыг философи бүрдүүлдэг гэж үздэг юм.