Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бүлэг болон хамтран ажиллаж, үйлдвэрлэлээ өргөжүүлж, ажлын байр бий болгож байгаа сайн жишээ байна. Дани улсын дэмжлэгтэй “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн хүрээнд өрхийн үйлдвэрлэгчид сургалтанд хамрагдаж, улмаар бүлэг хоршооны зарчмаар ажиллаж, өөртөө ажлын байр гаргаж байна.
Жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдэд банкны барьцаа хөрөнгө байдаггүй тул шалгуур давж чаддаггүй. Ингээд боломжийн санхүүжилт авч чадалгүй хоцордог. Тэгвэл төсөлд хамрагдсан үйлдвэрлэл эрхлэгчид бүлэг болон ажиллаж, дундын хуримтлал үүсгэж байна. Тэд үүсгэсэн хуримтлалаасаа санхүүжилт хэрэгтэй хэн нэгэндээ олгож, бодит дэмжлэг үзүүлдэг байна. Өчигдөр Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ирсэн үйлдвэрлэгчид өөрсдийн бий болгосон боломжоо хуваалцаж, үзэсгэлэн дэлгэлээ. Энэ үеэр Баянхонгор аймгийн үйлдвэрлэгч Л.Цэндмаа “Банкнаас ганцаараа 5 сая төгрөг зээллээ гэхэд ганцхан айлын амьжиргаанд л нөлөөлнө. Харин бүлэг болж ажиллаад, дундаа хуримтлал үүсгээд ирэхээр 20 айл өрх бизнесээ чадамжтай авч явж байна. Манай бүлэг 20 орчим хүнтэй. Олуулаа хурлаа хийгээд хэнд санхүүжилт өгөх вэ гэдгээ шийддэг. Ингэснээр олон хүн бичил бизнесээ зэрэг урагшлуулах боломж бүрддэг” гэсэн юм.
Мөн “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Тунгалаг “Бид 280-аад бичил бизнесийг шинээр бий болгож , 300 гаруй бичил бизнес эрхлэгчийг өргөжүүлж чадлаа. Ажил хийх сонирхолтой, өрхийн үйлдвэр эрхлэх боломжтой олон хүн бий. Даанч хэрхэн эхлэхээ мэддэггүй. Тиймээс бид тэднийг сургаж, бүлгийн зохион байгуулалтад оруулж, цаашид биеэ даах боломжийг нь бүрдүүлж өгч байна” гэлээ.
Ийнхүү Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчид нэгдэж, боломжоо хуваалцаж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.