Улаанбаатарчууд бид Дэлхийд утаат хотоороо "гайхагдаж", утаанаасаа үүдэж өвчилж, өвдөж байсан. Тиймээс утаанаас салах шийдэл нь энэ гээд шахмал түлш түлээд гурав дахь өвлийнхөө нүүрийг үзэж буй.
Гэтэл бидний өмнө утааны аюул хэвээрээ байгааг уншигч та дараах зургаас харж байна.
Шахмал түлш хэрэглээд утааны түвшин 50-60 хувиар буурсан гэх сурталчилгаа түгээж асан У.Хүрэлсүх ерөнхий сайдаас ерөнхийлөгч болон дэвшиж, утаа бууруулсан хэмээх өндөр оноо авч, улс төрийн зоригтой шийдвэр гаргагчаар тодорч байсан нь саяхан.
Үнэхээр утааны өтгөн манан бүдгэрч, урдах замаа харахтай болж, утаа шингэрсэн нь үнэн. Гэхдээ нүүрс л түлж яндан нь хэвээрээ байгаа хойно бидний утааны гэх аюул хэвээрээ л байна.
ИРГЭД БИД МАСК ЗҮҮЖ, ЦЭВЭР АГААРТ ГАРЧ, УТААНААС САЛАХ ШИЙДЛИЙГ ТӨРӨӨСӨӨ НЭХЭХЭЭ ЗОГСООЖ БОЛОХГҮЙ НЬ
Утаа буурсан гэх ч утааг дагасан өвчлөлүүд буурсангүй. Өөрөөр хэлбэл утааны харагдах байдал дүрээ хувилгаж, аманд амтагдаж дотор муухайруулж байгаа талаар иргэд ярьж байна.
Өөр нэг баримт дэлгэж тоон мэдээлэл сөхвөл, Монгол Улсын хэмжээнд сүүлийн арван жилийн байдлаар амьсгалын тогтолцооны, хоол боловсруулах эрхтний, зүрх, судасны тогтолцооны, мэдрэлийн тогтолцооны өвчнүүд тэргүүлжээ. Мөн амьсгалын тогтолцооны зарим өвчнийг сараар авч үзэхэд сүүлийн таван жилийн дунджаар хатгалгаа өвчний түвшин хамгийн их нь арванхоёрдугаар болон нэгдүгээр сард тохиодог бөгөөд энэ нь зуны 7, 8 дугаар сарын дунджаас 4.7 дахин их байна. Мөн цочмог бронхит өвчний түвшин XI, XII болон нэгдүгээр сард хамгийн өндөр төвшинд очдог ба энэ нь 7, 8 дугаар сарын дунджаас 2.7 дахин их байна. Улаанбаатарын утаанаас болж жил бүр олон мянган хүн хорт хавдраар өвчилж, ураг амьгүй болох тохиолдол ихэссэн хэвээр.
Тиймээс иргэд маскаа зүүж, утаанаас салах аргуудаа үргэлжлүүлэн хэрэглэж, агаарт гарч, витаминаар баялаг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, тамхинаас татгалзаж, агаарын чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэй талаар мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хамгийн чухал нь иргэд бидэнд хотын дарга Д.Сумьяабазараас, БОАЖ-ын сайдаасаа, шийдвэр гаргагчдаасаа утаанаас салах шийдлээ хэрэгжүүлж ажиллахыг шахах үүрэг үлдэж байна.