ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт монгол дууриудаас бүрдсэн "Mongolian opera arias" пянз бүтээгээд байна. Тэрээр дахин давтагдашгүй монгол дуурийн онцлогийг харуулж, мөнхжүүлэх зорилгоор шинэ уран бүтээлээ туурвижээ. Ингээд түүний яриаг хүргэе.
“… Дуурь бол сонгодог урлаг дотроо өрөм нь, шим нь байхгүй юу. Тэр дотор хөгжим байна. Бүжиг байна. Дуулж, бүжиглэж байна. Гайхамшигт найрслыг хамтарч гаргадгаараа дээд бүтээл юм л даа.
Би Монгол улсын ДБЭТ-ын гоцлол дууны ангийн 70 жилийн ойд зориулж, монголын алдарт хөгжмийн зохиолчдын бүтээсэн дууриудын ари романс, дуэтүүдээс бүрдсэн пянз гаргалаа. Хүмүүс пянз их сонсдог, сонирхдог болчихсон байна. Пянз нь хөгжмийн дуугаралтыг амьдаар, бодитоор сонсох боломж бүрдүүлдэг. Бас олон улсын стандартад нийцдэг. Энэ бол миний гаргасан 10 дахь цомог байгаа юм. 130 орчим хүний оролцоотойгоор гурван жил хөдөлмөрлөсний үр дүнд, судлаачид, туршлагатай дуучидтайгаа хамтраад дуурийн ари дуэтүүдийг дуулж пянз болгосон.
Монголд олон дуурь байхгүй. 60,70 бүтээл дундаас тенор хоолойнд зориулсан бүтээл нь дахиад цөөрөх жишээний. Энэ бүтээлүүд цаг хугацааны уртад мартагдах аюултай. Тиймээс үе үеэрээ, өөр өөрсдийнхөө үед сэргээн дэлгэрүүлэн дуулж, тэр тусмаа залуучуудад “Монгол юм гэдэг ийм байдаг юм. Ийм оюуны бүтээл байна. Мартаж болохгүй. Энэ бол бидний бахархал юм гэдгийг ойлгуулах нь бид нарын бас нэг үүрэг байгаа юм.
“Учиртай гурван толгой, Хөхөө намжил, Жаргалын зам, Хан бүргэд дуурь, Шивээ хиагт дуурь, Чингис хаан дуурь,Үүлэн заяа дуурь гэх мэт. Энэ дууриудын хэсгүүдээс дуулсан. Энэ бүтээлийг монгол хүн өөрийнхөө үнэт зүйл болгож мэдэж байх ёстой. Зөвхөн миний дуулсан аринуудыг ч биш. Монгол сонгодог бүтээлүүдийг мэдэж байх ёстой юм гэсэн санааг харуулахыг зорьсон юм.
Монгол дуурь нэлээн онцлогтой. Хэдийгээр олон улсын сонгодог хэлбэрээр бичсэн ч дотор нь шуранхай, уртын дууны зарим элементүүд орсон байдаг. Үүгээрээ Монгол дуурь бусад улсынхаас ялгардаг. Мөн манай уран тансаг хэл, түүнийг мартуулахгүйн тулд шингээж үлдээсэн байдгаараа онцлогтой. Уран бүтээлч хүн хамгийн өндөр зэрэглэлд бүтээл хийх боломжийг дуурь олгодог. Үзэж байгаа хүн оюун санаагаа амраах боломж. Оюун санаагаа дээд зэргээр ажиллуулж бүтээсэн бүтээлийг мэдэрнэ гэдэг тухайн хүнд энерги шингэнэ гэдэг шиг эрч хүч амралт, ухаарал бий болдог.
Ер нь амьдрал хойно, бүтээл хийхэд санхүүгийн асуудал хамгийн том тулгуур болдог. Сонгодог урлагийг ойлгож, дэмжиж, монголын сонгодог урлаг бүтээгчдийн бүтээлийг дэлгэрүүлэхэд олон хүн туслаасай, хамтарч ажиллаасай гэж бодож байна. Энэ пянзан дээр минь чин сэтгэлээсээ тусалсан Ариунаа Гансүх гээд эрхэм байна. Дэмжиж буй хүмүүстээ баярлалаа гэж хэлье” гэлээ.