Ясны сийрэгжилт нь эрдсийн дутагдлаас үүсдэг байна. Сийрэгжилтээс гадна яс хатуурах тохиолдол олон байгааг MBG эмнэлэгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, гэмтэл, согог мэс заслын эмч Г.Гантулга хэлж байна.
Тэрбээр, Ясны сийрэгжилт нь хүний амьдралын хэв маяг, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс хамааралтай. Калциар баялаг бүтээгдэхүүн хэрэглэдэг бол үүнд өртөхгүй. Сийрэгжилтийг мөн бодисын солилцооны өөрчлөлт гэж үзэж болно. Олон нийтийн дунд хийжүүлсэн ундаа ууснаар л сийрэгжилт үүснэ гэж ярьдаг. Энэ нь айхтар нөлөө үзүүлдэг зүйл биш. Гэхдээ огт нөлөөлөхгүй гэж хэлэхгүй. Хийжүүлсэн ундаа их уудаг хүмүүс байдаг. Сийрэгжээд сүйд болсон зүйл харагддаггүй.
Энгийнээр тайлбарлавал сийрэгжилт гэдэг нь ясанд байгаа кальци л дутагдаж байна гэсэн үг. 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог гэж болно. Дааврын өөрчлөлттэй холбоотой гэсэн үг. Хугарал гэмтлийн дараа ачаалал аваагүйгээс үүдэн сийрэгжилт бий болж болно. Хугарсан яс 45 хоногоос гурван сарын дотор бороолдог. Хугарсан ясаа хурдан бороолуулахыгн тулд хөдөлгөөнгүй л байх хэрэгтэй. Эдгэрэлт удааширсан шалтгаан нь гипс хөдлөх, сүүлд оношлох зэргээс хамаарна.
Ясны уян хатан чанар гэж бий. Яс буцаж бороолохдоо уян хатан чанараа алддаг. Сорвиждог гэсэн үг. Үүнээс болж дахин дахин хугарах тохиолдол бий. Гэхдээ хугаралын дараа гамаа сайн барих юм бол хугараагүй мэт эдгэрэх боломжтой. Ингэхэд дунджаар нэг жилийн хугацаа шаардагдана.
Олон нийтийн сүлжээгээр янз бүрийн эмчилгээний зөвлөгөө мэдээлэл гардаг. Эдгээр нь тэр болгон шинжлэх ухаанаар батлагдсан зүйл биш. Жишээ нь тарваганы элэг, хойлогны мах, өндөгний хальс зэргийг ясанд сайн гэж ярьдаг. Үүнийг судалсан шинжлэх ухааны судалгаа төдийлөн байдаггүй. Уламжлалт эмнэл зүйн талаар миний хувьд сайн зөвлөгөө өгч чадахгүй.
Тиймээс халтиргаа гулгаа эхэлсэн үед болгоомжтой байж, ямар нэгэн өвдөлт зовуурь илэрвэл эмчид хандах нь л зөв. Энэ нь санхүү мөнгөний хувьд ч тэр, цаг хугацааны хувьд хэмнэлттэй. Ихэнх хүмүүс өвдөлт бага байна, алхаж байна гээд л хүндрүүлээд ирэх тохиолдол байна. Хугарал бүр махийж, хэлбэр дүрсээ алдаад байдаг юм биш. Мэдэгдэхгүй зөрүү багатай хугаралууд их байна.
Шарх сорвитой, ясны хугаралтай үед халуун ногоотой хоол хүнс, архи согтууруулах ундаа зэргийг хориглох нь зүй” гэлээ.