Бичлэг: Орон нутгийн иргэд компанийн төлөөллийг эсэргүүцэж буй нь…
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Аспайр майнинг компани хууль бусаар нүүрсний хайгуул хийж эхэлсэнд орон нутгийн иргэд бухимдалтай байна. Хэрвээ хайгуул олборлолт явуулбал орон нутгийн иргэд буух буурь, амьдрах газар оронгүй болохоос гадна гурван аймгаар дамжиж, Увс нуурыг тэжээдэг гол ширгэх ч аюултай гэж үзэж байна. Бид энэ асуудлаар "Уул уурхайгүй хөвсгөл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Нямдаваагаас тодрууллаа.
Голын ай савд нүүрс хайж, олборлож болохгүй гэж тэмцэж байгаа гэж сонслоо. Хайгуулын лицензийн талбайд өртсөн талбай нь яг ямар бүс юм бэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Энэ бол зөвхөн Хөвсгөл аймгийнханд хамаатай асуудал биш. Тэсийн гол дагуух аймаг сумдад аж төрж байгаа ард иргэдийн амьжиргаатай холбоотой асуудал. Тэсийн гол Хөвсгөл аймгийн Булнайн нуруунаас эх авч урсаад Завхан аймгийн нутгаар орж,
ОХУ-ын хил давдаг. Буцаад Увс аймгийн Тэс сумын нутгаар орж ирээд, Увс нуурт цутгадаг. Гурван аймгийн нутаг дамжиж, Увс нуурт цутгадаг, хилийн цаана гарсан ч буцаад ирдэг учраас эх оронч гол гэж нэрлэдэг. Энэ гол маш олон сумдын иргэдийн аж амьдралын эх үүсвэр болдог, Увс нуурыг тэжээдэг гол цутгалуудын нэг. Тиймээс экологийн хувьд онцгой ач холбогдолтой. Аспайр майнинг компани энэ голын ай сав, эхэн дээр, мөнх цэвдэг бүхий газар нүүрсний хайгуул хийх гэж байна. Хэрвээ хайгуул үргэлжлээд олборлолт явуулбал голын эко системд аюул учрах сөрөг нөлөөтэй. Үүнийг бид олон жил эсэргүүцэж байна.
Цэцэрлэг суманд яг одоогоор ямар нөхцөл байдалтай байна вэ?
Хөвсгөл аймгийн удирдлагууд ерөөсөө анхаарал хандуулахгүй байгаад харамсалтай байна. Сонгуульд санал авахын тулд Аспайр майнингийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байсан мөртлөө албан тушаалд хүрчихээд биднийг мартаж байна. Ямар ч санаачилга алга. Амаа хамхиж суугаад нь маш их гайхаж байна. Нөгөө талд үйлчлээд байна уу, арай ч үгүй байх л гэж найдаж байна. Ажил эхлээд 14 хонож байна. Малчид бол газар нутгаа ухуулахгүй. Гол усаа сэндийлэхгүй. Буурь бууцаа булаалгахгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байна. Монгол улсад газар нутгаа ухуулаад дээрдсэн аймаг сум алга. Тиймээс хууль бус хайгуул олборлолтыг зөвшөөрөхгүй гэдэг байр суурьтай байна. Аспайр майнинг хууль бус олборлолтоо зогсоохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлсэн.
Орон нутгийн удирдлагууддаа хандсан уу? Шаардлага хүргүүлэв үү?
Орон нутгийн удирдлагууд нь ч Аспайр майнинг компанийн охин компани болох "Хургатай хайрхан" компанийн талд орж, малчдынхаа эсрэг зогссон тал ч ажиглагдаж байна. Малчид ч тэгж яриад эхэлсэн байна. Орон нутгийн өмчит Могойн голын уурхайн хажууд Аспайр майнингийн лизензтэй талбай бий. Шинэ газар хайгуул хийлгэж, газраа сэндийчвэл малчид буух буурьгүй болохоос гадна, байгаль орчны хувьд ч асар их хор хөнөөлтэй. Тэсийн голын мөнх цэвдэгийг агуулсан, ухаж хөндөөгүй, малчдын өвөлжөө хаваржаа бүхий газар шүү дээ. Хөвсгөл аймгийн, Цэцэрлэг сумын удирдлагуудаас гадна, Хөвсгөл аймгийг төлөөлж УИХ-д гарсан гурван гишүүн маш хайнга хандаж, сонгогчдоо, орон нутгийн иргэдээ үл тоож байгаад харамсаж байна. Олон жил маргаантай явсан энэ асуудал дээр яагаад дуугарахгүй, орон нутгийнхнаа хамгаалахгүй, хууль бус зүйлтэй эвлэрээд яваад байна вэ гэдэг нь их сонин. Хууль бус лицензийг цуцлуулах талаар малчидтайгаа уулзахгүй байгааг нь байна. Жишээ нь, Ц.Мөнхбаатар гишүүн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хүн шүү дээ. Гэтэл таг чимээгүй л байна, бас. Хэрэв хайгуул эрчимжээд, цаашлаад олборлолт явуулбал Хөвсгөл аймгаас гурван гишүүнийг Үндсэн хуулийн цэцэд өгч, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хөндөхөөр шийдсэн. Компанийнхан өнөөдөр орон нутгийн иргэдийг үл тоосон байдалтай байна. Тэгэх тусам Хөвсгөлд ч, Улаанбаатар ч бид нэгдэж, газар орноо хамгаалахаар тэмцэж байна.
"Аспайр майнинг" компани өмнө нь ч хууль бусаар олборлолт явуулахаар ажлаа эхлүүлж байсан шүү дээ?
Бүрэнтогтох сумын Эрчимийн нурууны Төмөртэйн аманд Аспайр майнинг хууль бус олборлолт явуулахаар болоход нь Уул уурхайгүй Хөвсгөл ТББ очиж, тэмцэл хийж байлаа. Тухайн үед байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгүйгээр ажлаа эхэлсэн байсан. Уул уурхайн олборлолт хийхэд нарийвчилсан үнэлгээ маш чухал. Орон нутгийн иргэд зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд л хайгуул олборлолт хийх боломж бүрдэх хууль эрх зүйн зохицуулалттай шүү дээ. Энэ удаад ч тэд бичиг баримт дутуу, хууль бусаар ажлаа эхлүүлж байна. Үүний эсрэг бид хатуу зогсоно.