Монгол дахь НҮБ-ын нийгэмлэгээс “НҮБ-ын залуу төлөөлөгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнд хүрлээ. Малын ялгадаснаас эрчим хүч, цаас гаргаж авах, Монголын нөхцөлд тохирсон хүлэмжийн хийн цахим тооцоолуурыг боловсруулах, далангийн мини-гарден байгуулах, хуучин хувцасны соёлыг тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан түгээх зэрэг байгальд ээлтэй олон шинэлэг санаачилгыг “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн оролцогчид амжилттай хэрэгжүүлсэн байна.
UN Youth Delegate буюу НҮБ-ын Залуу төлөөлөгч хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй оронд хэрэгждэг олон улсын хөтөлбөр бөгөөд энэ оны 8 сараас эхлэн Монгол Улсад анх удаа хэрэгжиж эхэлсэн байна. Улс орнууд өөрсдийн орны залуучуудыг төлөөлүүлэхээр шилдэг залуусыг сонгон шалгаруулж НҮБ-ын олон улсын хурлуудад оролцуулдаг уламжлалтай.
Монголд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залуу хоёр сарын турш байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн тухай сургалтуудад хамрагдаж, олон улсын залуучуудын бодлогын баримт бичигт саналаа тусгахын сацуу байгаль ээлтэй төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Төслийн гарааны санхүүжилт болон хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагааг Инвескор ББСБ ХК-иас гаргаж, ногоон санаачилгуудыг дэмжжээ. Манлайлагч залуусын гаргасан байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг бид сурвалжиллаа.
Хөтөлбөрийн хүрээнд залуус Sustainable fashion буюу Тогтвортой загварын чиг хандлагыг олон нийтэд түгээх төслийг хэрэгжүүллээ. Хувцас загварын салбар нь хүн төрөлхтний ялгаруулж байгаа нийт хүлэмжийн хийн хэмжээний 10 хувийг эзэлдэг. Салбарын чиг хандлагыг байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх, Тогтвортой загварын чиг хандлагыг олон нийтэд, тэр дундаа залууст таниулах зорилгоор “Greenation” баг “TOIROGDII WEEKEND” өдөрлөгийг TOIROГ, RETOIROГ, ШКАF зэрэг байгууллагатай хамтран Фонтан дээр зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр 300 орчим хүнд Тогтвортой загварын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, өдөр тутмын амьдралдаа тогтвортой, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэх үзлийг түгээсэн байна.
Түүнчлэн өөрийн эдэлж хэрэглэж буй хувцас, хэрэглэлийг дахин загварчлан, хариуцлагатайгаар хэрэглэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор RETOIROG-ийн залуустай хамтран видео контент бүтээжээ.
“Гоё хүмүүстэй дэлхий” төсөл
Оюутан залууст туршлагад суурилсан мэдлэг мэдээллийг түгээснээр хог хаягдлын менежмент, хариуцлагатай үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээг дэмжихэд хувь нэмрээ оруулах боломжоор хангах зорилготойгоор “Гоё хүмүүстэй дэлхий” төслийг НҮБ-ын Залуу төлөөлөгч хөтөлбөрт оролцогчид санаачилсан байна.
Төслийн баг нэг сарын хугацаанд Монгол Улсын Шинжлэх ухааны парк, Азийн сан, Худалдаа хөгжлийн банк, Эм Си Эс Эстэйс, Вэлл Бий, Юнител групп, Инвескор ББСБ, Хоггүй Монгол ТББ, Emart, Дэлхийн зөн, Би бол дэлхий хүн клуб зэрэг байгууллагатай хамтран 10,000 гаруй залууст мэдээлэл түгээсэн бөгөөд ингэхдээ инфлүэнсэр Золтой хамтарсан видео контентоор дамжуулан эко худалдан авалт хийхийг уриалжээ.
Мөн төслийн хүрээнд ЕБС-ийн багш нарт зориулсан гарын авлага боловсруулснаас гадна 16-25 насны 50 залуу шалгаран оролцсон “Greenify” хакатоныг амжилттай зохион байгуулсан байна. Хариуцлагатай хэрэглээ, ногоон бизнесийн утга санааг түгээх зорилготой хакатоны үеэр дизайн сэтгэлгээнд суурилсан онол, практикийн дасгалууд дээр түшиглэн залуус ногоон бизнесийг хөгжүүлэх санаачилгуудыг гаргажээ.
Цаашид бэлтгэсэн гарын авлага болон хакатоны форматыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй NextGen төслийн хүрээнд Дархан-Уул аймагт хэрэгжих ахлах ангийн сурагчдад зориулсан экологийн боловсрол хөтөлбөрт тусгагдах бөгөөд улмаар төслөө өргөжүүлэн, илүү олон аймагт хүрч ажиллахыг эрмэлзэж байна.
“ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ХЭМЖЭЭД ХАСЪЯ” ТӨСӨЛ
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хүн бүр өөрсдийн ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг тооцоолох нь чухал. НҮБ-ын Залуу төлөөлөгч хөтөлбөрийн дараагийн баг Монгол Улсад анх удаа нэг хүний ялгаруулж буй хүлэмжийн хийг тооцоолон гаргадаг интернэтэд суурилсан платформ буюу www.cutcarbon.mn вэбсайтыг бүтээжээ. Ингэхдээ үндэсний болон олон улсын 10 гаруй өгөгдлийг судлан, харьцуулсан бөгөөд олон улсын хэд хэдэн тооцоолуурын аргачлалыг ашигласан байна.
Үүнээс гадна залуучуудын хүлэмжийн хийн ялгарлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн сошиал болон видео контент бүтээж, олон нийтэд зориулсан танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулжээ.
Цаашид хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох платформыг технологи, дизайн, математик тооцооллын хүрээнд илүү сайжруулж, төслөө үргэлжлүүлэхээр Шамбала 2056 төсөлтэй хамтран ажиллахаар болоод байна.
“ГЭР СУУРЬШЛЫН БҮСЭД ДАЛАНГИЙН МИНИ – ГАРДЕН БАЙГУУЛАХ” ТӨСӨЛ
Гэр суурьшлын хэсэг бусад хотын бүстэй харьцуулахад шар усны аюул, ногоон байгууламж болон зорчих хөдөлгөөний асуудлууд харьцангуй их байдаг. Иймд төслийн багийнхан хотын хамгийн их гэр хороолол төвлөрсөн хэсгүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд “Далангийн мини гарден”-ийг байгуулахаар зорьсон байна.
Далангийн мини-гарден (stormwater garden)-ийг аливаа газрын гадаргуу дахь хонхор жалганы газарт байршуулснаар байшингийн дээврээс, гудамж талбайгаас болон уулын уруу урсах үерийн болон шар усыг цуглуулан шүүж, хөрсөнд шингээх ба ойр хавийн гудамж талбайг болон айлын хашаа, байшинг бохирдсон шар усанд автахаас сэргийлэн зайлуулах давуу талтай ногоон дэд бүтэц юм. Бүтэц нь хөрс, хайрга, дайрга ба өнгөн талд нь хавар, зуны улиралд цэцгийн мандал тарьж болдог аж.
Төслийн хүрээнд 1.5х1х0.3м хэмжээтэй гардений суурийг бэлтгэж цэцэрлэгжүүлэхэд бэлэн болгожээ. Түүнчлэн төслийн тухай мэдээлэл болон цаашид хэрхэн өөрсдөө мини гарден байгуулах боломжийн талаар залуучуудад цахим хэлбэрээр мэдээлэл хүргэсэн байна. Цаашид далангийн мини-гарденыг байгуулах тухай гарын авлага, зөвлөмж бэлтгэж цахим хэлбэрээр олон нийтэд түгээхээр ажиллаж байна.
ОРОН НУТАГ ДАХЬ СУРАГЧИД РУУ ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ
Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхдүүдэд сурталчлан таниулах, түүнийг хэрэгжүүлэхэд нэг хүн ч гэсэн маш их нөлөө үзүүлж чадна гэдэг ойлголт, мэдлэгийг түгээх зорилгоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ЕБС-ийн 8, 9-р ангийн сурагчдад сургалт орсон байна. Сургалтын явцад уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хог хаягдлын менежментийн талаар сурагчид мэдээлэл, ойлголт багатай байгаа нь ажиглагдсан бөгөөд орон нутгийн сурагчдын мэдлэг мэдээллийн хүртээмжтэй байдал дээр анхаарч, цаашид төслөө өргөжүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа юм.
“CD GAS & CD PAPER” БУЮУ МАЛЫН ЯЛГАДСЫГ ЭРЧИМ ХҮЧ БОЛОН ЦААС БОЛГОН АШИГЛАХ ТӨСӨЛ
Сүүлийн жилүүдэд эрчим хүчний нөөц багасах, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг асуудлууд хүндэрсээр байна. Монгол Улсын хувьд 70 гаруй сая малтай мал аж ахуйн орон тул эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц байгааг "3R" төслийн баг тодорхойлжээ. Тиймээс малын ялгадсыг эрчим хүч гаргахад болон цаас үйлдвэрлэлд ашигласнаар нүүрстөрөгч, метаны хийг бууруулж улмаар уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалах, экосистемийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлэх юм. “CD GAS & CD PAPER” төслийн хүрээнд ахуйн нөхцөлд гар доорх материал ашиглан малын ялгадсыг эрчим хүч болон цаас болгож байгаа тухай туршилтыг харуулсан бичлэгийг бэлтгэн хүргэсэн байна.