Өнөөдөр Монголд 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд гудамжаар алхах ч боломжгүй нөхцөлд амьдарч байна. Эдгээр иргэдийн эрхийг хамгаалах, хангуулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороог байгуулжээ. Тэдний зүгээс тусгай хэрэгцээт иргэдэд сар бүр олгодог 288 мянган төгрөгийг хангалтгүй гэж үзэж, төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарах цаг болсон талаар ярилаа.
Энэ талаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо”-ны зохицуулагч М.Баясгалан ярихдаа "Би 100 хувийн харааны бэрхшээлтэй. Бид нийгэмд амьдрахад маш хэцүү байдаг. Яагаад гэхээр хууль тогтоомж нь хангалтгүй, таарч тохирох ажлын байр олддоггүй юм. Үүнээс хамаараад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ядууралд өртөж байна. Эрүүл ажилгүй хүмүүс ядаж яваад самар түүчихнэ. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүх зүйлд хязгаарлуулсан байдаг. Эдгээр хүмүүсээ Монголын төр засаг анхаарах ёстой гэж бодож байна" гэсэн юм.
Харин халамжийн 288 мянган төгрөгийг 450 мянган төгрөг болгож өсгөх талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Манай хүү багадаа оюуны бэрхшээлтэй гэж оношлуулсан. Одоо хүү маань 33 настай. Тэгэхээр талийгч бид хоёр хүүгийнхээ төлөө 30 жил яваагүй газар гэж байхгүй. Талийгч маань өнгөрөөд 10 жил болж байна. Үүнээс хойш хүүтэйгээ арван жил амьдарч байгаа юм. Би өөрөө 1993 онд осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Хүү маань ийм. Миний хувьд хувь заяатайгаа тэмцэж ирсэн. Нэг гэрт 2-3 хөгжлийн бэрхшээлтэй хүн байхаар амьдрал нэлээн доошлох байдал ажиглагдаж байгаа. Төр засгийн үүрэг бол энэ хүмүүсийнхээ амьдралыг хэцүү хүнд үед дэмжиж, сайн цаг ирэх хүртэл тэвчих ёстой. Үүнийг л хийгээч ээ гэж хүсэж байна. Халамжийн доод хэмжээг 450 мянган төгрөг болгооч. 288 мянган төгрөгөөр бид яаж амьдрах вэ. Ийм л шаардлага тавьж байна даа" гэв.
Мөн бид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо”-ны үйл ажиллагаа зорилгын талаар Ээлтэй ертөнц ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалаас тодрууллаа.
Тэрбээр "Энэ хороонд яг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө ажилладаг үндэсний хэмжээний ТББ-ууд нэгдэж Монгол Улсад амьдарч байгаа 108 мянган хүний эрхийг хамгаалах, хангуулах чиглэлээр засгийн газартай хамтарч ажиллах санал хүргүүлж байна. Гол зорилго нь манай улсад хэрэгжиж мөрдөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд ТББ-ууд тусдаа биш эвлэлдэн, хороо болж ажиллах болно" гэлээ.