Ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа хүмүүс үнийн өсөлтөөс хамааран сарын цалин хаанаа ч хүрэхгүй байгааг хэлж байна. Үнийн өсөлт иргэдийн амьдралын түвшинд хэрхэн нөлөөлж байгааг иргэд мэдэж байгаа боловч, энэ хүнд нөхцөлд яаж амьдрах учраа олохгүй байгаа талаар ярилаа.
ИРГЭД…
- Цалин нэмэгдэхгүй мөртлөө барааны үнэ өсөж байгаа нь их хэцүү байна. Тэмцээд ч дийлэхгүй байгаа. Сураад гадагшаа л гаръя гэж бодож байна. Монголд амьдрах худлаа болсон доо.
- Тэтгэвэрийн мөнгө амьдралд хүрдэггүй ээ. Эхний 10 хоногт л дуусна. Бусад өдөр нь мөнгөгүй байдаг. Яах аа мэдэхгүй байна. Тэтгэвэрийн бидэнд их л хэцүү байх юм.
- Бүсээ чангалаад л амьдарна даа. Гурав хоногийн хоол идэх байсан бол хоёр болгох. Үүнээс илүү гаргаад хуримтлал үүсгэх ямар ч боломж байхгүй.
- Талхны үнэ өсөж байна. 1600 төгрөг байсан талх 2700 төгрөг болсон байна. Бид яаж амьдрах юм бэ. Шийдвэр гаргахдаа иргэдээ боддог байя гэж хэлмээр байна.
Үүнтэй холбогдуулан эдийн засгийн энэ хүнд үед иргэд санхүүгээ хэрхэн удирдвал зохимжтой талаар бид эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.
Тэрбээр, Хүссэн хүсээгүй ийм үед худалдан авах чадвар буураад эхэлдэг. Цалин хөлс нь хүрэлцэхгүй байгаа нөхцөлд хүмүүс таналт хийнэ гэсэн үг. Таналт хаана явагддаг гэхээр, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үргүй томоохон зардлууд дээр явагддаг.
Гол хэлэх гээд байгаа зүйл нь бид хямралын эсрэг санхүүгийн дархлаатай байх хэрэгтэй. Санхүүгийн дархлаа нь хуримтлал байдаг. Энгийн жишээ ярихад, хүн өдөр бүр тамхи татдаг. Дунджаар жилийн тамхины зардал 800 орчим мянга болж байгаа юм. 800 мянган төгрөгөө 20 жил хуримтлуулахад 100 сая төгрөг болно. Энэ нь амьдрал дээр бага зардал юм шиг боловч бид урт хугацаандаа хуримтлуулаад явах юм бол, ямар ч хямралын үед дархлаатай байна гэсэн үг.
Энэ мэтчилэн хуримтлуулах хэрэгтэй. Хоёрдугаарт үргүй зардлуудаа хянаад, зээл авахаас татгалзах хэрэгтэй. Зээл одоогийн нөхцөлд санхүүгийн дарамт авчирна. Мөн эрүүл амьдралын хэв маяг руу шилжихгүй бол, ийм үед өвдөх нь өрхийн санхүүгийн хувьд дарамт болно. Жижиг зүйлсээс төлөвлөөгүй санхүүгийн зардал гардаг учраас үүн дээрээ зохицуулалт хийж байж энэ хүнд үеэс гарна.
Бид бие өвдөхөөр эмч дээр очиж, оношоо бичүүлэн, эм ууж эрүүл болдогтой адилхан санхүү дээрээ ч мөн тэгж хандмаар байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хүнтэй уулзаж, зөвлөгөө аван санхүүгийн хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлмээр байна гэлээ.