Ямар нэгэн гэмт хэрэгт сэжигтэн болон хохирогчоор холбогдсон ч төлбөрийн чадамжгүй байдлаас шалтгаалан өмгөөлөгч авч чадахгүй тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед Хууль зүйн туслалцааны төвөөс үнэ төлбөргүй өмгөөлөгч авах болон хууль зүйн зөвлөгөө авах боломжтой юм. Хууль зүйн туслалцааны төв нь 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд хэрэгжих хүрээ нь эрүүгийн хэргийн төлбөрийн чадваргүй яллагдагчид хамаардаг байсан. Харин энэ сарын 1-ээс Хууль зүйн туслалцааны тухай шинэчлэгдсэн хууль хэрэгжиж, тус байгууллагын төрөл, чиглэл, хамрах хүрээ өөрчлөгдсөн байна. Ингэснээр зөвхөн эрүүгийн хэргийн бус захиргааны болон иргэний хэргийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг болсон байна.
Тус байгууллагын хуульч, өмгөөлөгчид бүгд эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн учир иргэний болон захиргааны эрх зүйн чиглэлийн мэргэжилтнүүд шаардлагатай байгаа аж. Энэ асуудлаар бид Хууль зүйн туслалцааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор В.Оюумаатай ярилцлаа.
Өмгөөллийн үйлчилгээг ямар хүмүүст үзүүлэх вэ?
Манай хуулийн үйлчлэх хүрээ нь зөвхөн эрүүгийн хэрэг байсан бол одоо иргэний болон захиргааны хэрэг дээр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой болсон.
Тэгэхээр эрүүгийн хуулийн:
- Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг/,
- Арван дөрөвдүгээр бүлгийн 14.1 дүгээр зүйл /Ялгаварлан гадуурхах/,
- Арван зургадугаар бүлэг /Хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн
- 18 насанд хүрээгүй хохирогч
- 11.7 дугаар зүйл /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/,
- 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/-д заасан гэмт хэргийн хохирогч төлбөрийн чадваргүй, эсхүл хохирогч нь 18 насанд хүрээгүй бол,
- Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан;
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй бол;
- Үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй бол;
Хүүхэд хамгааллын тухай хуулийн:
- 4.1.1-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд
Мөн доор дурьдсан хүүхдэд өмгөөллын үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ.
Гэмт хэргийн гэрч хүүхэд;
Зөрчлийн тухай хуулийн:
- 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/,
- 6.20 дугаар зүйл /Хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн хүүхэд
Мөн дараах тохиолдолд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлж болно. Үүнд:
- Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу
- Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
- Төлбөрийн чадваргүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд энэ үйлчилгээг үзүүлнэ.
Эрүүгийн хэргээр дагнан ажилладаг байсан юм байна. Тэгвэл иргэний болон захиргааны чиглэлээр ажиллахад хуульч, өмгөөлөгчдын чадвар хангалттай хэмжээн бий юу?
Одоо ажиллаж байгаа хуульч, өмгөөлөгчид бүгд эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч өмгөөлөгчид байгаа учраас захиргааны болон иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч зайлшгүй шаардлагатай. Бид энэ хэрэгцээ, шаардлага дээрээ тулгуурлан Монгол улсын Засгийн газарт орон тоо нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн. Мөн 2023 оны төсөвт орон тооны нэмэгдлээ суулгах санал хүргүүлсэн, хүлээж байна.
Хэрвээ энэ бүрэлдэхүүнээрээ ажиллавал хуульч, өмгөөлөгчдийн ажлын ачаалал хэр нэмэгдэх вэ?
Орон тоо нэмэгдүүлэхгүй бол ажилчдын ачаалал 30-40 хувь нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна.
Төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилдэг гэж байна. Тухайн иргэний төлбөрийн чадваргүй гэдгийг яаж мэдэх вэ?
Манайд хүсэлт гаргасан иргэний овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээллийг Хур системд оруулж, нэн даруй маш богино хугацаанд тухайн хүний төлбөрийн чадамжтай эсэх тухай тодорхойлолт авдаг. Төлбөрийн чадваргүй гэсэн тодорхойлолт ирсэн тохиолдолд бид өмгөөлөгчөө томилоод, хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Мөн цагдаа, шүүхийн байгууллагаас энэ хүн төлбөр төлж, өмгөөлөгч авах боломжгүй гэсэн бичиг хийж явуулдаг. Үүний дагуу мөн өмгөөлөгч томилдог. Бид ХНХ-ын яамны стантистик мэдээллийг ашигладаг. Энэ судалгаанд хамрагдаагүй, бүртгэлгүй хүмүүс цөөнгүй ирдэг. Ийм тохиолдолд хороо, дүүргийн засаг дарга, нийгмийн ажилтны тодорхойлолт авч ирээд үйлчилгээ авах боломжтой.
Мөн аман зөвлөгөөг утсаар, биечлэн, цахим сүлжээгээр өгдөг. Энэ зөвлөгөөг өгөхдөө зөвхөн төлбөрийн чадваргүй гэж ялгахгүйгээр төлбөрийн чадамжгүй эсэхийг үл хамааран хүсэлт гаргасан бүх хүмүүст зөвлөгөө өгч ажилладаг.
Шинэ хууль батлагдаад, хэрэгжиж байна. Энд өөр ямар өөрчлөлт орсон бэ?
Шинэ хуулийн хүрээнд төлбөрийн чадвартай эсэхээс үл хамааран ахмад настан, хөдөлмөрийн чадамжаа бүрэн алдсан хүмүүс, төлбөрийн чадваргүй гадаад иргэн харьяалалгүй хүмүүс, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэхээр болсон. Өмнө нь зөвхөн төлбөрийн чадваргүй хүмүүст л үйлчилгээ үзүүлдэг байсан.
Ингэснээр манай байгууллагын үйл ажиллагаа өргөн хүрээнд олон иргэдэд үйлчлэх боломж нээгдсэн. Иргэд төлбөрийн чадваргүй болон эрх зүйн мэдлэггүй байдлаас болж эрх зөрчигдөх байдлаас сэргийлэх, хүнд нөхцөлд орсон тохиолдолд биднээс тусламж үйлчилгээ авах боломж нээгдсэн нь Монгол улсын үндсэн хуульд заасан иргэний эрхийг хангах гол баталгаа болж байна гэж ойлгож болно.
Видео мэдээллийг дээрээс үзнэ үү.