Зоргоор мөртлөө зөнгөөрөө ирдэг
Залуу насыг залхтал нь захирдаг
Хүн бүхний зүрхний өвчин
Хүссэн хүнд олддоггүй эрдэнэ
Хайр заримдаа там байдаг
Халуун мөртлөө хүйтэн байдаг
Хайр заримдаа агуу байдаг
Хүмүүн бидэнд жаргал авчирдаг… Энэ бол түүний зургаадугаар ангидаа бичсэн анхны шүлэг нь. Нэр нь “Хайр”. Мөн түүний анхны бэсрэг романы сэдэв нь хайрын тухай, “Аугаа хайр” нэртэй.
30 гарсан насандаа утга зохиолын ертөнцөд хөл тавьж, зохиолч болсон тэрбээр өдгөө энэ бүхнээ үргэлжүүлэн хайрын тухай бус зэргэлдээх ертөнц, сүнс, хий үзэгдлийн тухай аймшгийн зохиол түлхүү тэрлэх болсон нь олны сонирхлыг ихээхэн татдаг. Дэлгэцийн бүтээл, кино болсон “Амьд бус амьдрагсад” зохиолоор нь, “Хард Билгүүн” гэдэг нэрээр нь хүмүүс түүнийг бүр ч илүү сайн мэднэ. Ингэж тодотгохоор манай уншигчид хэний тухай өгүүлж буйг хэдийнэ гадарласан байх. Тийм ээ, тэр бол аймшгийн төрлөөр зохиол, бүтээлээ түлхүү туурьдаг Монголын хуруу дарам зохиолдчдын нэг Цогтжаргалын Билгүүн.
“Амьд бус амьдрагсад”, “Хараал”, “Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл”, “Сүнстэй өнгөрүүлсэн гурван шөнө”, “Гэмт хэргийн ертөнц”, “Өс хонзонгийн цэцэг” зэрэг бүтээлийг нь сошиал ертөнцөөс аудио хэлбэрээр сонссон хүн олон байгаа нь лавтай. Тэрбээр хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй, олны өмнө ил гардаггүй, нууцлаг нэгэн. Түүнтэй ярилцлаа.
-Та хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй, фэйсбүүктээ ч зургаа нийтлэдэггүй. Уншигчид "Ц.Билгүүн гэж ямар хүн байдаг бол” гэж сонирхож буй нь мэдээж. Ер нь “Хард Билгүүн” гэж хэн бэ?
-Би Булган аймагт төрсөн, компютер графтикч мэргэжилтэй. 30 гарсан хойноо зургаан жилийн өмнө үзэг, цаас нийлүүлсэн. Сошиал орчинд “Хард Билгүүн” гэдгээр маань хүмүүс намайг илүү сайн мэднэ. Би ерөөсөө хоёр номтой. Нэг нь “Аугаа хайр”, нөгөө нь “Амьд бус амьдрагсад”. Яг аймшгийн төрлөөр дагнаж бичээд гурван жил болж байна.
-Таны анхны шүлэг, роман хайрын сэдэвтэй юм бил үү?
-Тийм ээ. “Аугаа хайр” романаараа ном гаргасан.
-Хайрын тухай бус аймшгийн төрлөөр яагаад бичих болов. Үүнд нь юу нөлөөлсөн бэ?
-Би ер нь олон төрөл, жанраар бичиж үзсэн. Эдэн дундаас миний сонирхлыг хамгийн их татаж, шунан дурлуулсан нь аймшгийн төрөл. Ер нь миний ихэнх зохиол айдас, аймшгийн, horror, триллер, детектив төрлийнх.
Монгол аймшгийн хөрстэй зохиол ямар байх вэ гэдгийг их боддог. Эргэлт буцалтгүйгээр “Амьд бус амьдрагсад”-ыг бичсэн. Үүнээсээ урам аваад, аймшгийн зохиол түлхүү бичих болсон доо.
-Хүн бүхэн буг чөтгөр, сүнс, үхэл, зэргэлдээх ертөнцийг өөр, өөрийнхөөрөө төсөөлдөг. Зэргэлдээх ертөнцийг мэдрэх, бичихэд уран бүтээлчид ямар мэдрэмж төрдөг бол?
Айдас, аймшиг өөрөө амархан юм шиг мөртлөө хүнд төрөл. Би айдас, аймшгийн сэдэвтэй зохиол унших, кино үзэх дуртай. Гэхдээ би их аймхай хүн. Ганцаараа аймшгийн кино үзэж дуусгасан удаа ер нь байхгүй. Ер нь нэг их үздэггүй.
Нөгөө талаар аймшгийн төрөл өөрөө сонирхолтой. Хоёрдагч ертөнцийн тухай бичиж байгаа зүйл л дээ. Хүн үхээд яах вэ. Тамаас ирсэн хүн байхгүй. Диваажинд амьдарч байгаад наашаа захиа өгсөн хүн ч байхгүй. Ерөөсөө л магадлал, төсөөлөл. Үүнийг мэдрээд, дэлгэрүүлээд, Монгол хөрсөн дээрээ буулгаад бичдэг.
-Зохиолоо ихэвчлэн шөнө бичдэг юм билээ. Шинэ санаа, шийдэл шөнийн цагаар илүү төрдөг үү, танд?
-Тэгдэг. Би зохиол дотроо орж, автаж бичдэг. Өдөр бичихээр гоё санаа орж ирэхгүй, яагаад ч авцалдахгүй байх шиг. Шөнө суугаад бичихэд, цонхны цаагуур юм явж байгаа ч юм шиг. Эсвэл өөр нэг хүчин зүйл намайг удирдаад байгаа ч юм шиг санагддаг.
Ер нь аймшгийн зохиол бичиж байхад их сонин. 24.00 цаг өнгөрөөгөөд бичиж эхэллээ гэхэд нэг мэдэхэд л үүр цайчихдаг. Өөрийн мэдэлгүй их юм биччихсэн байдаг. Дараа нь өөрөө уншихад их сонирхолтой. Шөнө юу бичсэнээ заримдаа мэддэггүй. Унтаж амарчихаад, өглөө юм уу өдөр сэрээд уншихад яг л шинэ зохиол уншиж байгаа юм шиг санагддаг. Тэс өөрөр зохиол, би өөрөө бичсэн гэхэд итгэмээргүй ч юм шиг. Тийм мэдрэмж үргэлж төрдөг. Энэ бүхэн миний сонирхлыг улам их татдаг, дурлуулдаг.
Эрэгтэйчүүд эмэгтэй хүнд дурлахаар яадаг билээ дээ. Хайртай бүсгүйнхээ төлөө юу ч хамаагүй хиймээр, цэцэг өгч гүйгээд, ажил нь тарахаар хүлээгээд. Яг үүнтэй адил би аймшгийн зохиолд дурласан. Сүүлдээ хүмүүс надад юу гэж хэлж, шүүмжилж байгаа эсэх, гадны амьдрал хамаагүй болчихдог.
-Мэргэжлийн хүн уншаад, аудио хэлбэрээр сошиалд орчинд нийтлэгдсэн зохиол танд цөөнгүй. “Хард Билгүүн”-ий зохиолуудыг ямар, ямар сувгаар сонсох боломжтой вэ?
-DND суваг дээр миний хоёр зохиол байгаа. “Айдас ба сургамж”, миний “Хард Билгүүн”, “Room 10” сувгаар миний зохиолуудыг сонсох боломжтой. DND суваг “Биеэ үнэлэгчийн өдрийн тэмдэглэл” детектив төрлийн зохиолыг маань уншсан. Сонсох хэлбэрээр нийтлэхээр бүр ч илүү хүнд хүрдэг.
-Зохиолоо бичдэг таны гол арга барил юу бол?
-Хэн нэгнийг дуурайхгүй, зөвхөн “Хард Билгүүн”-ээрээ л байхыг хүсдэг. Нэг зохиолынхоо цэгийг тавьхдаа л дараагийнхаа зохиолын санааг бодчихсон байдаг.
Зохиолынхоо санааг олох, судлахад сараас нэг жилийн хугацаа зарцуулдаг. Яг дотроо боловсруулчихаад бичихдээ хурдан. 14 хоногоос нэг сарын хугацаанд бичдэг.
Би мэргэжлийн сургууль төгсөөгүй. Олон, олон залуус надаас үлгэрлэн, хүсэл мөрөөдлөө биелүүлж, сайн зохиолч болж чадвал надад сайхан санагдана.
-Хүмүүс буг чөтгөр, сүнстэй тааралдсан тухайгаа, айсан түүхээ танд ярихад зохиолынхоо шинэ санаа болгож авдаг уу?
-Хүмүүс үзсэн аймшгийн киногоо, буг чөтгөр, сүнстэй таарсан тухайгаа, үнхэлцгээ хагартал айсан талаараа над руу цахимаар их явуулдаг. “Надад ийм юм тохиолдлоо, тэгж айлаа” гээд. Тиймэрхүү зүйлээс би зайлсхийдэг. Учир нь тэр бол зөвхөн тухайн хүнд л тохиолдсон явдал, мэдрэгдсэн мэдрэмж. Надад төрсөн мэдрэмж, санаа биш учраас.
-Та сүнстэй таарлаа гэж бодъё. Тэр талаараа зохиолдоо бичих үү?
-Зохиол бол зохиол шүү дээ. Мэдээж зохиож л бичнэ. Яг тэгээд сүнс, чөтгөртэй таарвал, өөд өөдөөсөө харц тулбал ямар реакц гарах бол, надаас. Тэр л сонирхолтой санагдаж байна. Түүнээс биш тэр тухай би лав бичиж чадахгүй байх.