Иргэд зөрчлийн мэдээллийг нэгдсэн системд баримтжуулж илгээснээр торгуулийн мөнгөн дүнгийнхээ тодорхой хувийг урамшуулал болгон авдаг болохоор ярьж байна. Тодруулбал, тээврийн хэрэгсэл явган хүний орц гарц хааж зогссон зэргээр замын хөдөлгөөний хууль дүрэм зөрчсөн, түүний зургийг нь дарж, иргэн цахим системд илгээсэн бол торгуулийн тодорхой хувийг мэдээлсэн иргэнд олгох хуулийн зохицуулалт мөрдөхөөр санал боловсруулж байгаа юм. Ингэхдээ Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг дараах байдлаар шинэ заалт оруулахаар төсөл боловсруулаад байна. Үүнд:
- Иргэний мэдээллийн дагуу тухайн зөрчилд 200 хүртэл нэгжээр торгууль ногдуулсан бол 20 хувьтай тэнцэх хэмжээний
- 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл ноогдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, 200 мянгаар торгуулсан бол 20 мянган төгрөгийг нь зөрчлийг мэдээлсэн иргэнд олгохоор байна.
АСУУДЛАА ШИЙДЭХГҮЙГЭЭР ИРГЭДИЙНХЭЭ ХАЛААСЫГ ТЭМТЭРЧ БОЛОХГҮЙ
Иргэнийг урамшуулах хөшүүрэг бий болгоно гэж зарласнаас хойш замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм зөрчсөн тухай мэдээллийг “e-police” системд илгээх нь нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар, замын тэмдэг, тэмдэглэлтийн хаалтыг зөрчсөн 1170, үргэлжилсэн цагаан шугам давж, зүүн гар тийш буцаж эргэсэн 1027, урсгал сөрсөн 465, эгнээ байр буруу эзэлсэн 411 зөрчил бүртгэгдээд байна. Түүнчлэн, явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон 71544, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 51362 зөрчил бүртгэгджээ. Эндээс харахад, хамгийн түгээмэл бүртгэгддэг зөрчил нь зогсоол олдоггүйгээс шалтгаалсан зөрчлүүд байгаа юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод автомашинаар явах шиг зовлон алга. Зам дээр хэдэн цагаар түгжирнэ. Очсон газар нь зогсоол байхгүй. Ингээд торгуулна. Эсвэл машиныг нь “нууцаар” ачаад явчихна. Ингээд нууцаар мөнгө төлж машинаа авна. Ийм нөхцөлд төрөөс шууд торгох зохицуулалтыг урдаа барьж, төсвөө бүрдүүлэх гэж улайрах нь зохисгүй юм. Харин ч иргэдийн нуруунд ирэх ачаа дарамт нэмэгдэж, зогсоол олдоггүй асуудал хэвээр л үлдэнэ. Тиймээс асуудлаа эхлээд шийдэж байж иргэдээ дүрэм битгий зөрч гэж шаарддаг болмоор байна. Өглөө эрт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэх гээд очтол зогсоол олдоггүй. Аргагүйн эрхэнд машинаа нэг газар тавьж орхиод гараад ирэхийн хооронд торгочихсон, бүр машиныг нь ачаад явчихсан байвал ямар вэ? Уур бухимдал төрмөөр ийм асуудал бидэнд өдөр бүр л тулгарсаар байна.
"БАЯЖИХ НЬ ЭЭ” ГЭЖ МААЗРАХААС ИЛҮҮ ЗӨВ ШААРДЛАГА ТАВЬЦГААЯ
Зогсоолгүй жолооч нараа торгох зохицуулалтыг төр хийж байхад бид түүнийг нь тоох ч үгүй маазарч суугаа нь харамсалтай. “Би зураг дарж баяжих нь ээ” гэх мэтээр цахим орчинд маазраад өнгөрөхийн цаана олон асуудал тулж ирэхээр байна. “Та тэр бүр торгуулиад байх тийм боломжтой хүн мөн үү, та дүрэм зөрчье гэж биш, аргагүйн эрхэнд л машинаа буруу газар байрлуулдаг биз дээ” гэх мэт асуултуудыг асуумаар. Ер нь төр засгаас буруу шийдвэр гаргах тоолонд бид нийтээрээ маазраад өнгөрчихдөг учраас л алдаа завхрал арилахгүй, улам даамжирсаар байна. Тиймээс бид энэ шийдвэрийг ч гэсэн сөрж “Зогсоол чинь хайна байна? Дүрэм зөрчихгүй явж болох нөхцөл чинь байна уу” гэж эрх мэдэлтнүүдээс асуумаар, шаардмаар байна.