Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн осолд 569 хүүхэд өртөж, үүнээс 57 нь амиа алджээ. Энэ тоон үзүүлэлт нь манайх шиг хүн ам цөөн оронд өндөр үзүүлэлт болох талаар мэргэжилтнүүд хэлж байна. Бид хуульч, өмгөөлөгч С.Баянмөнхтэй уулзаж зам тээврийн ослын талаар хуульд ямар зохицуулалтууд байдаг талаар тодрууллаа.
Тэрбээр, Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам манайд хэрхэн хэрэгждэг талаар ярих нь зүйтэй байх. Замын хөдөлгөөний дүрмээр, замын аюулгүй байдал болоод жолооч, зорчигчийн хариуцлагыг тодорхойлж өгсөн байдаг. Энэ бол манайд байгаа цор ганц захиргааны зохицуулалт. Үүнтэй холбоотой эрүүгийн хуулийн хариуцлага нь, эрүүгийн хуулийн 27.10-т заасан замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн журам зөрчих ба гэмт хэрэг гэсэн заалтын дагуу хэрэгждэг.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь нэгдүгээрт замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсөн. Хоёрдугаарт гэмтлийн зэрэг нь хүндэвтэр байж эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл бүрдэнэ. Нийгэмд болж байгаа зам тээрвийн ослуудыг харахаар ихэнх тохиолдолд гэмтлийн зэрэг хөнгөн гарч байгаа. Энэ нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх зүйл биш болохоор зөрчлийн хуулиараа торгуулиад өнгөрч байгаа юм. Үүнийг нийгмийн зүгээс шүүмжлэх нь зөв.
ТЭЭВРИЙН ОСЛООР ХОЁР ХҮНИЙ АМЬ ХОХИРВОЛ ЖОЛООЧ 2-8 ЖИЛИЙН ЯЛТАЙ
Япон, Солонгос улсыг жишээ татаж яривал жолоочид ноогдох хариуцлага их өндөр байдаг. Заавал осол гаргаж хохирогчийн бие хүнд, хөнгөн байхаас нь үл хамааран бүх насаар нь жолоодох эрхийг нь хасаж байна. Тэгэхээр бид эрүүгийн хариуцлагын асуудлыг тодорхой болгож хуулиндаа шингээх ёстой. Сая дурдсанчлан манайд тухайн хүн хүндэвтэр гэмтэж байж эрүүгийн хэрэг нээнэ. Гэхдээ гэмт хэргийн шинж нь хөнгөн гэмт хэргээр шийдэгдээд байгаа юм.. Цаашлаад нэг хүний амь нас хохирох юм бол жолоочийн үүрэх хариуцлага нь сул гэж үзэж болно. Хоёр хүний амь нас хохирсон бол 2-8 жилийн хорих ял эдлэх хуулийн орчинтой. Эрүүгийн хариуцлага, хууль тогтоомжоо уялдуулж нэг харах шаардлагатай байна гэж хуульчид үзэж байгаа
Зам тээврийн ослыг санамсар болгоомжгүйгээс болсон гэж үздэг. Тиймээс хохирогчийн биеийн байдлыг харгалзан эрүүгийн хэрэг үүсэх эсэх асуудал яригдана. Гэмтлийн зэрэг хөнгөн ч юм уу, эд зүйлсээрээ хохирсон тохиолдолд зөрчлийн хуулиар шйидэгдэнэ. Үүнийг л шударга бус зүйл гэх гээд байна.
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ
Бага насны хүүхэд гэмтсэн тохиолдолд тусгайлсан зохицуулалт байхгүй. Нийгмийн цочроогоод байгаа асуудлын тухайд бага насны хүүхдийг гэмтээж, дайрсан бол ийм зохицуулалттай гээд хуулиндаа тусгаад өгсөн бол шүүмжлэл дагуулахгүй. Зарим улс оронд хэрвээ хүүхэд явж байвал зогс гэдэг. Гарц, гэрлэн дохио, замын замын хөдөлгөөний дүрмээс үл хамаараад зогсохыг шаарддаг. Яагаад гэхээр хүүхэд орчны нөхцөл байдлыг танин мэдээд хэм хэмжээг бүгдийг нь ойлгодог гэж үздэггүй. Хүүхэд хамгаалах нь улсын, үүрэг хүлээгчдийн, бидний хамтын үүрэг учраас дээрх зохицуулалтыг хийж болох жишиг бусад оронд байна.
Хууль эрх зүйн зохицуулалт нарийн байхаас гадна хувь хүний хариуцлага тал дээр анхаарах хэрэгтэй байна. Жолооны курсууд хүртэл анхаарах л асуудал. Эцсийн эцэст эдгээр хүүхдүүд хохирсон асуудал нь томчууд бидний л алдаа” гэв.