УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай ярилцлаа.
Олны анхааралд хамгийн их өртсөн сэдвээс яриагаа эхэлье. Хэнтий аймагт хэт их төсөв хуваариллаа. Шударга бус байна гэх шүүмжлэл нийгэмд газар аваад байна?
Тоон дүнгээрээ харвал төсөв өндөр харагдаж байгаа. Гэхдээ задлаад үзвэл бас учир бий. Зөвхөн Хэнтийд өгөөжөө өгөх төслүүдэд төсөв хуваарилаагүй. Энэ бол улсын хэмжээний бүтээн байгуулалт. Нөгөө талаар төрөөс гаргасан цаасан дээрх төлөвлөгөө биелж байгаагийн жишээ. Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, долларын урсгалыг татахын тулд бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээс өөр аргагүй. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон шүү дээ. Жуулчдын урсгал татахын тулд бид цэлийсэн тал үзүүлнэ гээд л сууж байх нь өрөөсгөл.
Нөгөө талаар улсын хэмжээний бүтээн байгуулалтууд Хэнтий аймгаар дайрч байна. Тухайлбал, хоёр хөршийг холбосон авто замын сүлжээний ажил эхэлж байна. Ульхан боомт-Хэнтий аймгийн төвөөр ороод, Бор-Өндөрөөр дамжаад, Даланжаргалангаар Алтанбулаг, Замын-Үүдийн замтай нийлэх бүтэн байгуулалт эхэлж байгаа. Энэ мэт бүтээн байгуулалт ороод ирэхээр төсөв хэт өндөр тавьсан байна гэж харагдаад байгаа юм. Хэнтий бол адилхан л 80 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байгаа аймаг. Сургууль соёл, бусад бүтээн байгуулалтууд нь ч төлөвлөгөө ёсоор явж байна. Талх хуваачихсан зураг яваад л байна. Гэтэл үнэндээ цаад утга учир нь тийм биш. Цаашид тойрог хардаг биш, улс орны эрх ашгийг хардаг байя гэдэг дээр бид санал нийлж байгаа. Ховдын Эрдэнэбүрэнгийн УЦ зөвхөн Ховдын хөрөнгө оруулалт биш. Энэ бол Монгол улсын хөрөнгө оруулалт, эрх ашиг гэх мэтээр асуудлыг ярих цаг болжээ.
Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газар төсвийн төслөө хэрхэн боловсруулсан гэж та харж байна вэ?
2023 оны төсөв эдийн засгаа эрүүлжүүлэхийг бодсон төсөв гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 800 төсөл хөтөлбөр гацаад байна. Үүний ард 1000 гаруй аж ахуйн нэгж, олон мянган ажилчид байна. 2023 оноос эхлээд Эдийн засаг, хөгжлийн яам нарийн төлөвлөлттэй ажиллана. Монгол улсын нийт эдийн засагт ямар өгөөжтэй юм бэ гэдгийг харгалзан үзээд, том зургаараа төсвөө хуваарилдаг зарчим руу шилжинэ. Мөн 30 жил яригдсан төрийн хэмнэлт гэдэг зүйлийг бодитоор ярьж байгаа нь сайн хэрэг. Ирэх оны төсвөөс 1 их наяд төгрөг хэмнэх боломж гарч байна шүү дээ. Нөгөө талдаа урсгал зардал өслөө гэх шүүмжлэл бий. Гэтэл урсгал зардлаа үнэндээ нэмэхээс өөр аргагүй шүү дээ. Шинэ цэцэрлэгийн дулаан халаалт гэх мэтээр олон зүйл бий. Хүн ам өсөж байна, хэрэгцээ шаардлага байна гэдгийг ч бодож үзэх хэрэгтэй.
Яаралтай, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудыг орон нутгийн иргэд хэрхэн эрэмбэлж байна вэ? Та бүхэн тойргийн иргэдтэйгээ уулзахад юу ярьж байна?
Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд нэг ажлын албанд ажилладаг. Бид 2022 онд тойрогтоо, анхан шатанд хүрч ажиллалаа. 23 сум суурин газрын 89 багийн 14 мянга гаруй хүнтэй уулзаж ярилцлаа. 3000 мянга гаруй төрийн албан хаагчийн саналыг сонслоо. Энэ уулзалтаар 700 гаруй санал ирлээ. Төрийн албан хаагчийн цалин хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Би УИХ-ын чуулган дээр яриад л байгаа. 470 мянган төгрөг гар дэрээ авдаг төрийн албан хаагч яаж тогтвортой ажиллах вэ? Малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүхий эдийн ханшийг өсгөх тал дээр анхаармаар байна гээд олон бэрхшээлийг ярьж байна. Мөн мах экспортлох асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, өвчин гарахаар тариа хийгээд л явах юм уу, мал эмнэлгийн тогтолцоогоо эргэн харах уу гэх мэт асуудал олон. Үнэ өсөж, амьдрал хэцүүдэж байгаа тухай ч хэлж байна. Миний бие Их хурлын гишүүнийхээ хувиар холбогдох яамдад хүсэлтээ тавиад, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхгүй бол болохгүй нь. Жишээлбэл, 21 хүнтэй ажиллах ёстой газарт 4,5 орон тоо нь дутуу байна. Ингээд ажлаа дийлэхгүй, самгарддаг. Дээрээ ярьж байгаа юм доороо буухгүй байна. Ажил хийддэг асуудлууд зөндөө байна.
Хөдөө орон нутагт ажиллах төрийн албан хаагчийн цалин хөлсний асуудлыг ирэх оны төсөвт хэрхэн тусгаж байна вэ?
Энэ жил төсөв дээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг 20 хувиар нэмэгдүүлэх асуудал орсон. Дээрээс нь, бас нэг онцлог нь 20 хувиас 100 хувь болгох боломжийг орон нутагт нь өгчхөж байгаа юм. Орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлээд төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх бололцоог бүрдүүлж байна. Мөн нэр бүхий гишүүд нийлээд сумын ЗДТГ-т ажиллаж байгаа ажилтнуудад 5 жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор хуулийн төсөл боловсруулаад байна. Шинэ төгссөн багш 1 сая төгрөг авч байхад яг адилхан төгсөөд ирсэн төрийн албан хаагч 480 мянган төгрөг гар дээрээ аваад сууж байна. Энэ зөрүүг бид арилгах ёстой. Нэг түвшинд аваачъя гэдэг өөрчлөлтийг ярьж байна.
Хөдөө аж ахуйн салбарын, тэр дундаа мал эмнэлгийн тасаг маш их хүн хүчний дутагдалтай байна. Газрын түшмэлүүд нь ч байхгүй гэх мэт асуудал олон байна. Би аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа “Ковид”-ын хуулийн дагуу 10 гаруй залууг сонгон шалгаруулалтгүйгээр орон нутагт аваачиж ажиллуулсан. Гэтэл удалгүй ажлаасаа ихэнх нь гарцгаасан. Шалтгаан нь нөгөө л цалин мөнгө.
Малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх асуудал тулгамдаж байна. Хууль тогтоох түвшинд ямар хөшүүрэг хэрэгтэй гэж харж байна вэ?
Бид мал аж ахуйн түүхий эдийн асуудлаар түр хороо байгуулж, яам, байнгын хороодтойгоо хамтарч ажиллая гэдэг санаачилгыг гаргаж байна. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг төр хувийн хэвшил зэрэгцэн хийж байгаа асуудлууд ч өнөөдөр байна. Үүнийг шийдэхийн тулд газрын асуудал чухал. Бүтээн байгуулалт хийх газраа шууд дуудлага худалдаагаар ав гэдэг. Гэтэл үнийн хувьд өндөр гараад ирдэг. Үнэ хөөсөрдөг. Төр эхлээд үйлдвэр байгуулъя гэвэл газраасаа авахуулаад уян хатан тогтолцоо руу оруулах хэрэгтэй. Тиймээс Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Нөгөө талаасаа, шинээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд татварын бодлого чухал. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ахиц гарч байна. Хотоос нүүж байгаа ААН-үүдийг бодлогоор дэмжих шийдлүүд гарч байна. Уян хатан зохицуулалтууд орж ирж байна.
Ярилцсанд баярлалаа.